Thursday, March 11, 2010

Солонгос хөргөгч Монголд ажиллуулах

Энд нэгэн уншигчийн хүсэлтээр Солонгос улсад дотооддоо зориулж үйлдвэрлэсэн хөргөгч Монголд яагаад ажилладаггүй болохыг тайлбарлая.
Солонгос улсын цахилгаан хангамжийн стандарт бол 220Вольт хүчдэлтэй, 60Гц давтамжтай байдаг. Хүчдэл нь манай улсынхтай адилхан боловч манай давтамж 50Гц байдаг. Тодруулбал Солонгосын цахилгаан станцын генератор нэг секундэд 60 эргэдэг, манайх 50 эргэдэг гэсэн үг.
Давтамжийн энэхүү зөрүү нь ихэнх цахилгаан төхөөрөмжид төдийлөн мэдрэгдэхгүй боловч цахилгаан хөдөлгүүртэй төхөөрөмжүүдэд ялгаа гардаг. Өөрөөр хэлбэл цахилгаан хөдөлгүүрийн эргэлт нь энэхүү давтамжаас хамаардаг гэсэн үг. Тэгэхээр 60Гц давтамжтай хүчдэлд зориулсан хөдөлгүүр 50Гц давтамжид эргэхгүй гацах, эргэсэн ч маш их ачаалал авч улмаар эвдэрдэг.
Тэгэхээр хувьсах хүчдлийн хөдөлгүүрийн зарим үзүүлэлтийг жагсаавал:
1. Эргэлтийн хурд давтамжаас шууд хамаарна
2. Хөдөлгүүрийн өөрийгөө хөргөх чадвар эргэлтийн хурдаас шууд хамаарна
3. Хөдөлгүүрийн хэрэглэх гүйдэл (V/f) хүчдэл/давтамжийн харьцаагаар илэрхийлэгдэнэ
4. Хөдөлгүүр удааширвал гэдрэг цахилгаан хөдөлгөгч хүч багасана
5. Гэдрэг Ц.Х.Х буурвал хөдөлгүүрээр гүйх гүйдэл ихсэнэ
Хэрэв Солонгос хөргөгч Монголд авчирч залгавал:
1. Хөдөлгүүрийн эргэх хурд багасна.
2. Эргэх хурд багасвал хөдөлгүүр халж эхлэнэ
3. Давтамж буурвал хөдөлгүүрийн гүйдэл ихсэнэ. Энэ нь улам халах нөхцөл болно
4. Хэрэв хөдөлгүүрт механик ачаалал ихэсвэл хөдөлгүүр удааширч гэдрэг Ц.Х.Х буурна. Ингэснээр хөдөлгүүрээр улам их гүйдэл гүйж хөдөлгүүр их чадал гарган ажиллана. Гэтэл давтамж буурвал хөдөлгүүрийн хурд ачааллаас биш давтамжаас болж бууран хуурмаг ачаалал үүсч хөдөлгүүр илүү их чадлаар ажиллана.
Эдгээр хүчин зүйлүүдээс шалтгаалж 50Гц-д залгасан 60Гц-ийн хөдөлгүүр хэт ачаалал авч улмаар эвдэрнэ.
Солонгост ажилладаг хөргөгчийн V/f=220В/60Гц=3.667 болно. Тэгвэл энэ хөдөлгүүр 50Гц давтамжид хэт халахгүйгээр ажиллуулая гэвэл V=3.667*50Гц буюу 183.3В болох нь. Ингэж хүчдэлийг бууруулж залгавал хөргөгч ажиллах бөгөөд хөргөх чадвар нь 20% буурна. Өөрөөр хэлбэл шууд 220В-д залгавал ажиллаж болох ч удалгүй эвдэрнэ гэсэн үг.
Тэгэхээр хөргөгчөөс гадна угаалгын машин, тоос сорогч, цахилгаан дриль гэх мэт хөдөлгүүртэй бүх төхөөрөмжүүд ийм асуудал дагуулна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Labels:

Wednesday, March 03, 2010

Монголоо хайсан Монгол

М. Буянбадрахын Монголоо хайсан Монгол номыг Интерном номын дэлгүүрээс өчигдөр аваад босон суун уншсаар сая дуусгав. Үнэхээр Монголоо гэсэн залуу хүн бүрийн унших ёстой номын нэг яах аргагүй мөн. Бидний тасарсан мах, үсэрсэн цус гэж дэлхийн энгээр тарсан Монголчуудыг онож хэлжээ.
Бид Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаасаа наашаа гэснийг нь цаашаа гэж түлхэдэг муухай хувиа хичээсэн улс болчихгүй юмсан. Энэхүү номыг уншаад Гүрээ ахын хэлсэнчлэн "дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа" төрсөнөөрөө бахдахгүй, баярлахгүй байхын аргагүй.

Энүүхэн Шилийнгол аймгаас хаа байсан Цаст Химлайн өвөрт очиж амьдарч буй энэхүү өвгөний тухай уншаад бурхан болсон аавыгаа дурсаж, үр хүүхэд биднийгээ Монгол улсын иргэн болгож төрүүлсэн танийхаа ач буяныг хариулж чадсан болуу даа бид гэж бодож сууна.

Нээрээ өнөөдөр 3-р сарын 2. Аав минь бурхан болоод яг 5 жил болжээ. Биднийгээ орхин одсон өдрийг мартах шахан сууж байдаг байна шүү тэнэг үр нь. Ум маань бадмэ хум. Бурханы орондоо амар амгалан заларч байгаа бизээ та минь. Аавдаа нэг зул өргөе нээрээ.

Labels: