Thursday, January 28, 2010

Тамын тогоо

Манжууд нэгэн томоо тогоо хийжээ. Тэрэндээ Монголчуудыг хийгээд чанаж гарав. Дангаараа сайн галлаж чадахгүй учраас Оросуудыг хойд талаас нь галлаад өгөөч гэж гуйхад тэд ч дуртай нь аргагүй өрдлөө. Оросууд тогоог таглахгүй юмуу гэж асуухад Манжууд яах юм бэ, наадуул чинь гарах гэсэн нэгнээ татаад оруулчихдаг юм, илүү ажил гээд тоосонгүй.
Ингээд хэсэг хугацааны дараа Манжууд сураг алдрав. Оросууд харин тогооны урд хэсгийг галлаж өгөхийг Хятадуудаас гуйлаа. Хятадууд ч мөн уухайн тас галлаж гарав. Оросууд доогуураа галаа өрдөх мөртөө бас тогооны дээрээс амаараа үлээж, эвий эвий халуун байна уу гэх болов. Ийнхүү 70 жил өнгөрч байтал Горбачёв гэгч нөхөр гэнэт одоо болъёо, наад тэнэг Монголчуудын төлөө хамаг түлээ түлш барж дууслаа гэхэд нээрээ болъё гэцгээгээд галлахаа болив. Хятадууд гал намдсаныг хараад өөрсдөө гуйчаад орхичихдоо яадаг байнаа, за бид ч болъё доо гээд орхив. Тамын тогооны гал унтарлаа.
Өнөөх Монголчууд тогооноосоо гарч чаддаггүй ээ. Мөн л гарах гэснээ татаж унагаад, гарвал бүгдээрээ л гарна гэж хашгична. Эхлээд хүүхэд хөгшдөө гаргая, тогооны энэ тал руу гарая гэх мэт орилолдоно. Тэндээс нэг цэцэн нь хөөе тогооны нэг тал руу бөөнөөрөө гарах гэвэл тогоо хөмөрнө, хөмөрсөн тогоонд бүгд бүтэж үхэх гээ юу гээд цэцэрхэнэ. Тал тал тийшээ гарах гэтэл дороос нь тулах хүн байхгүй тул хөл нь халтирна.
Тэгээд гэнэт 76-гаа гаргахаар боллоо. Тэд ирмэг дээр гараад бусдыгаа татаж гаргах юм болов. Хэн хэнийг гаргах вэ гэтэл би ч тийм олс олж ирнэ, би ч нисдэг тэрэг олж ирнэ, би ч пуужин бүтээнэ гээд бүлтэрч гарлаа. Арай гэж сонгогдсон хэд нь ирмэг дээр гарсан хойноо цаашаа Хятадуудаас мантуу гуйна, Оросуудаас төмс гуйна. Зарим нь бүүр энэ тэнүүгээр зугаалж явж байгаад эргэж ирнэ. Эргээд нөгөөдүүлээ татах амьтан олддоггүй ээ. Ингэсээр ээлж нь дуусаад дахиад дараагийн 76-гаа сонгов. Бас л бахь байдгаараа. Харин ч хоёр гурав дахиа сонгогдсонууд нь ирмэг дээр суучаад шүдээ чигчийлэн, чигчлүүлээрээ Монголчууд руугаа заан инээж баясна. Тэгээд зүгээр ч гүй 76 дотроо би хамгийн олон удаа ирмэг дээр суусан, энэ муу шинэков бацаан сая гарч ирчээд олон юм ярилаа гэж оны ялгаа гаргана.
Хамгийн сүүлд тав дахь удаагаа сонгох юм боллоо. Ёстой ид шидийг бүтээхээ амлаж гарлаа нөгөөдүүл нь. Эхлээд хүүхдүүдийг далавчтай болгоно, дараа нь шинээр гэрлэсэн залуусаа нисдэг тэргээр татна, хүн бүрийг бүдүүн олсноос бариулна гээд л. Арай гэж 76 сонгогдтол танайх булхайцлаа, манайхаас цөөхөн байна гээд бөөн зодоон боллоо. Цус нөжтэйгээ хутгалдав. Зарим нь бид тамын тогооны галыг унтраахдаа оготны хамраас ч цус гаргаагүй гэж цээжээ дэлдэв. Яс юман дээрээ Орос Хятад хоёр залхаад л галаа унтраачихсан юм байна лээ шд.
Нэг харсан тогооны ирмэг дээр байсан 76 алга болчихжээ. Хүмүүс хүүе хайя нөгөөдүүл яаваа гээд орилолдож байтал тогоо халж, бүр буцлаж эхэллээ. Учир нь өнөө 76 хоорондоо ярьж байгаад ерөөсөө өөрсдөө галлая, ядаж 4 жил наадуул чинь завгүй байг гэлцэн энд тэндээс мод түлээ цуглуулж явна. Тамын тогоо пур пур буцалсаар...

Улаанбаатар © 2010 Б. Бат-Отгон

Labels:

Sunday, January 24, 2010

Монголын төмөр зам


Нарийн цариг, өргөн цариг, Ухаа худгаас Хятад руу үгүй Сайншанд руу гээд л мөн ч их маргалдлаа. Төмөр зам гэдэг улсын хөгжилд хэрэгтэй гэж ойлгохоос мэдлэг хэтрэхгүй шахуу юм даа мань мэт. Гэхдээ төмөр замын тухай өөрийнхөө бодлыг энд бичиж хүмүүстэй хуваалцая гэж бодлоо. Яг тэр Ухаа худаг, Сайншанд гэсэн замын тухайд биш шүү.
Одоо байгаа өргөн царигийн зам гэж аль дээр үед 1950-иад онд л ашиглалтанд орсон, ерөнхийдөө нэлээд хуучирсан эд болж дээ. Галт тэргээр Сибирийг 4 хоног туулж Москва орж үзээгүй миний насны сэхээтэн хүмүүс Монголд бараг байхгүй байхаа. Сүүлийн үед манай наймаачид Хонг Конг, Макао, Гуанжоу хүртэл Хятадын галт тэргээр их зорчдог болсон. Аль ч зам нь хоёр урсгалтай цахилгаан зүтгүүртэй байдгийг хэн бүхэн мэднэ. Манайх шиг зөрлөг хүлээж цаг алдахгүй гэсэн үг. Бодоход ийм байж л галт тэрэг саадгүй хурдан ачаа эргэлт хийнэ биз дээ? Гэтэл манай зам зөрлөг гээд баахан цаг алдана. Зарим газраа зам нь муудсан гээд мөлхөх мэт удаан явна. Гэтэл энэ зам маань ОХУ, Хятад хоёрыг холбож байгаа нэг гол төмөр зам гээд байгаа. Энэ замаар ачаа эргэлт ихэсвэл уг нь тэр 2 том гүрэнд хэрэгтэй баймаар юм. Гэтэл тийм биш бололтой. Хэрэв тийм байсан бол энэ хоёр том гүрэн яаж ийж байгаад аль эрт энэ замыг өргөтгөөд миний хэлээд байгаа хоёр урсгалтай цахилгаан галт тэрэгний зам болгох байсан байх.
Харин энэ замыг өргөтгөөд ачаа эргэлт, хүн тээвэрийг нэмэгдүүлчихвэл бидэнд маш их ашигтай нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл дахиад нэг Эрдэнэт эсвэл Оюу толгой л гэсэн үг биз дээ? Төмөр замаар юм зөөгдөж л байвал манайд орлого орно. Тэгвэл хойд хилээс Замын үүд хүртэл шинэ зам яаж барих вэ? Хөрөнгө мөнгө, ажиллах хүч гээд жинхэнэ бүтээн босголт эхлэнээдээ? Нэгэнтээ Женко Х. Баттулга сайд 1500км төмөр зам тавьж чадахгүй бол улс гэж байгаад яах юм гэсэн үгийг энд бас хэлмээр байгаа юм. Бид дандаа хүнээр юм хийлгэсээр байгаад сурчиж. Өөрсдөө хоёр хилээ холбосон төмөр зам барьж чадахгүй бол нээрээ Монголчууд гэж цээжээ дэлдээд яах юм? Энд бид 3 дахь хөршийн хөрөнгийг оруулж ирэх хэрэгтэй болов уу. Зөндөө л олон эдийн засагчидтай биз дээ бид. Тэр олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцааг нь зараад хөрөнгөө босгож болмоор юм. Фрийдланд гэдэг хүн ингэж мөнгө босгоод л Оюу толгойг гаргаад ирээ биздээ? Ийм том бүтээн босголт ундраад ирвэл манай залуучууд ажилтай болох нь. Нэгэнт үр ашгаа үргэлж өгч байх бүтээн байгуулалт юм чинь залуучуудаа 1000 доллараар цалинжуулая л даа. Заавал хүний газар л очиж боол болох хүсэлтэйдээ биш тэр ганцхан мянган долларын төлөө л хүний газар боолын хөдөлмөр эрхэлж байгаа нь тодорхой. Нутагтай авдаг бол бүгд энэ ажилд орох гэж зүтгэнэ. Хэрэв ийм цалин өгвөл би хар ажил хийж чадахгүй ч Төмөр замын коллежид электроник заахаар очиход бэлэн байна (хэхэ).
Социализмийн үед намайг хүүхэд байхад тэр үеийн ЗХУ-д БАМ (Байкал-Амурский Магистрал) гээд Сибирийн тайга дундуур төмөр зам барих маш том бүтээн байгуулалт өрнөөд, залуусаа очиж ажиллахыг уриалаад бөөн л юм болж байсан. Дараахан нь оюутан болсон байхад хүртэл Оюутны Отряд гээд сайн сурлагатай оюутнуудыг хүртэл зуны амралтаар явуулж ажиллуулдаг байсан. Бид хүний нутгийн бүтээн босголтод оролцож болж байсан юм бол өөрийнхөө эх орны төлөө хийж чадахгүй гэж үү?
ОХУ УБТЗ-ын хувьцааг эзэмшдэг учир бас гөжүүдлэх л байх л даа. Одоо байгаа тэр хуучин замынх нь дэргэдүүр барья л даа. Тэр хуучин замаа Оросууд ажиллуулна л биз. Алийн болгон бид үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг Орос, Хятад гэж айх явах ёстой юм бэ? Энд л бидэнд тэр 3 дахь хөршөөр өргөмжлөгдөөд байгаа АНУ, Япон, Солонгос гэх мэт улсууд хөрөнгө оруулж болно биз дээ? НҮБ ч бас хоёр том буурын дарамтыг сулруулахад нөлөөлөх ёстой байх. Тусгаар тогтносон улс л юм бол.
За зам тавих боллоо гэхээр өнөөх л нарийн өргөн цариг гээд хэрэг бас мандах юм байна. Тэгвэл зөвхөн ОХУ-ын стандартын өргөн царигаа барьж үлдсэн нь дээр үү, Хятадын цариг руу шилжих үү гэдэг бодлого гарч ирээд толгой гашилгав. Гэхдээ галт тэргээр Бээжин явж байхад Эрээн хотод вагоны дугуй солино гэж яршиг төвөгтэй ажил байдаг даа. Гэхдээ ачааны ч бай, хүн тээврийн ч бай ялгаагүй дугуйг нь сольж л таарах байх. Харин энэ ажлыг манайх хойд хил дээрээ хийдэг болбол яахав гэдэг асуулт гарч ирээд сонирхол татав. Нээрээ маш олон хүний ажлын байр гэгч юм чинь тэр юм биш үү? Бид Эрээнийг цэцэглүүлээд байдгийн өчүүхэн ч гэсэн нэг хэсэг нь энэ байх. Маш олон хүн ажилтай амьдралтай л болж байгаа хэрэг. Монгол руу ирж байгаа ачаа тээвэр л лав Эрээнд гацаад байх асуудал багасана.

Labels: ,