Monday, December 28, 2009

...Ариун голомт

News.mn сайт дээр сэтгэгдэл оруулах боломжгүйгээр нийтлэгдсэн байв. Би Б. Болдсайхан эмчтэй санал нэг байдаг учир энд хүмүүсийн сэтгэгдлийг сонсоё гэж бодоод сору paste хийчихлээ.

Монгол Улс Манж чин гүрний хяналтаас гарсны 98 жилийн ойд

Монгол улс хөгжих болно. Ирэх жилээс үндэсний бүтээгдхүүн нь жилдээ 20-30%-р өсөх үсрэнгүй хөгжилийн замд орно. Магад 15-20 жил тасралтгүй хурдацтай хөгжих биз. Үүнд ганцхан монголын улстөрчид л өөрсдөө саад хийхгүй бол шүү дээ. Хөгжилийг дагаад их бүтээн байгуулалтууд эхлэнэ. Их бүтээн байгуулалтанд их ажиллах хүч хэрэгтэй болно. Ажил хийх сонирхолтой, ажиллах чадвартай, ажил хайж байгаа бүх монголчууд өөрсдөө хийгээд барахгүй их ажилтай болно. Зөвхөн 2 толгой ч биш өөр олон орд, дэд бүтэц, төмөр зам, үйлдвэрүүд ар араасаа ашиглалтанд орж үүнийг дагасан үйлчилгээ, сургалт, хангамж гээд бидний цөөн монголчууд дангаараа яагаад ч амжуулахгүй их ажил эхлэнэ. Монгол хүн авхаалжтай авьяастай тул хүн бүр хэд хэдэн хүний ажил хийх боловч амжихгүй асар их ажилтай болно. Гадаадад ажил хайн одсон 200,000 шахам монголчууд бүгд буцаж ирээд ч аравны нэгийг нь нугалаж амжимгүй асар их ажил бий болно. Хэрвээ улстөрчид маань гай болж саад хийхгүй бол шүү дээ.

Монгол улс улам хурдацтай хөгжиж, иргэд нь баян чинээлэг амьдрал руу орох уу? Эсвэл хөгжилөө хүчээр саатуулан зогсоох уу гэдэг салаа замын уулзвар дээр ирэх болно. Сонголт хийх болно. Энэ сонголт нь гаднаас жил бүр хэдэн зуун мянган ажиллах хүч оруулж ирж хурдацтай хөгжилөө хадгалах уу эсвэл ажиллах хүч дутсанаас хөгжил саарах уу гэсэн сонголт байх болно. Хурдацтай хөгжсөн бүх орон энэ сонголтын өмнө ирж байсан. Бизнес эрхлэгчид, идэвхтэй ажиллагсад, илүү сайхан амьдралыг хүсэгчид, хөгжил дэвшилийн төлөө тэмүүлэгчид эхний сонголтыг хүснэ. Гэвч зарим нэг улстөрчид, ажил хийлгүй амаа хөдөлгөж амьдрагсад, хэт үндэсний үзэлтэй хийрхэгчид энэ сонголтыг нь зөвшөөрөхгүй хийлгэхгүй байх бүх аргыг хэрэглэж хамгаас илүү хашгичих болно. Эгэл ардууд эргэлзэн гайхана. Хэдэн зуун мянган хятад ажилчид оруулж ирж үйлдвэр, дэд бүтэц, үйлчилгээндээ ажиллуулбал үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдана, цагаач хятадын давалгаанд живнэ, монгол хүн эх орон газар шороондоо эзэн сууж чадахгүй болно гэсэн айдсууд, шүүмжүүд ажиллах хүчин оруулж эрчимтэй хөгжих сонгох замыг боомилох болно.

Баруун европийн орнуудад дайны дараа 60-д оноос эхлээд 20-30хан жилийн дотор Берлин, Лондон, Парис зэрэг гол гол хотууд, үйлдвэр бизнесийн төвүүдийнх нь хүн амын 40% нь цагаач иргэд болсоны шалтгаан энэ л сонголт байсан. Олон арван мянган монголчууд солонгос, европ, америк тивд ажил олоод амьдраад байдгийн ганц учир бас л энэ сонголт. Тэдгээр орнууд хөгжихийг хүсчээ. Хөгжилд мөнгө, баялгаас гадна ажиллах хүч хэрэгтэй байдаг юм байна. 70-80 сая хүнтэй Герман, Англи, Франц, Австрали, Канад, Солонгост хүртэл ажиллах хүч хэрэгтэй байдаг байх нь. Тэд хөгжилийн замыг буюу цагаачидыг сая саяаар нь оруулах замыг сонгожээ.

Бид яах вэ? Монгол яах вэ? Сүүлийн 5-6 жил бид энэ зовлонгийн зах зухаас нь амсаж эхэлсэн. Зам тавина, барилга барина гээд улирлын чанартай хятад ажилчид мянга мянгаараа орж ирэх болсон. Гэтэл энэ бол зөвхөн зах зух нь, эхлэл төдий нь. Жинхэнэ хөгжил эхлэхэд бидэнд зуу зуун мянган ажиллах хүч хэрэгтэй болно. Жил бүр хэдэн зуун мянган хятад ажилчид оруулах уу? Тэднээс жил бүр хэдэн арван мянгаараа үлддэг болох уу? Зарим хот аймгуудад бүр хятадууд монголчуудаас олонхи болох уу? Тэнд хятад хэл, хятад хоол, хятад соёл, хятад амьдрал ноёлж эхлэх үү? Одоо ч зарим сум орон нутагт хятад ажилчид хэдэн зуугаараа бөөгнөрч эхэлж байна. Хэдэн зуун мянган хятад эрчүүдийг бид үргэлж хашаан дотор нь хашаад байж чадах уу? Хүний эрх юу болох вэ? Бөөнөөр хорих лагерь, Гулаг бий болгохыг олон улс ч, хятад улс ч, тэр хятад хүмүүс ч, оруулж ирсэн компани ч зөвшөөрөхгүй. Өнөөдөр 20-р зууны 30 он биш.

Тэгэхээр яахав? Энэтхэг, непал, пакистануудыг оруулж ирэх үү? Хэдий хятад биш гэж бодсон ч хэдэн зуун мянга болвол, хэдэн сая болвол хятадаас ялгаа байна уу? Ялангуяа энэтхэг хятад хоёр энэ тал дээр адилдаа адил годилдоо годил, азийн орнууд руу уралдан түрж, уралдан уусгаж идэж байна. Зарим бүс нутгийг бүр энэтхэг-хятадын хойг ч гэж нэрлэдэг. Энэ уралдаан даруй хэдэн мянган жил үргэлжилж байна.

Тэгвэл яах вэ? Хөгжлөөс татгалзаж ядуу дорой хэвээр үлдэх үү? Энэ нь амиа хорлосонтой адил мөхлийн зам. Тэртэй тэргүй бараг бусдыг гүйцэх боломжгүй шахам хоцорчихоод байна. Эсвэл ажиллах хүч бага шаарддаг өндөр технологийн бизнес эхлэх үү? Уул нь хамгийн зөв зам боловч өндөр хөгжлийн дараа л биотехнологи, хай тек, эм, зэвсэг, цөмийн эрчим хүч зэрэг салбарыг бий болгох хүчин чадалтай болдог. Эхлээд золиослогдоод, дараа нь суралцаад энэ шат руу орж болно. Гэхдээ өнөөдрөөс ч гэсэн эхлээд төр, иргэн гэлтгүй аль болох хай тек, биотех, эмийн салбар луу чадах чадлын , сурсан хүний нөөц хэмжээгээрээ бизнес эхэлж байх ёстой. Үүнийг маш сайн дэмжих ёстой. Хаа очиж генетик, цөмийн физик, программчлал, эм-хими судлал, биотехнологийн салбарт цуглуулж л чаддаг юм бол америк, япон, европт сайн бэлтгэгдсэн монгол эрдэмтэд хэдэн зуугаараа ажиллаж амьдарч байна. Тэд одоо хэнээс ч дутахгүй мэргэжилтэн болсон, эх орондоо адилхан судалгаа, ажил хиймээр байгаа боловч хэрхэн яаж, хэн эхэлж, хөрөнгө хаанаас олж гэдгээ мэдэхгүй байна. Цаг нь ирэхээр болох л болно. Гэхдээ монгол улс баян хүчирхэг болж, ухаажиж хэрсүүжин хүний мэдлэгийг эрхэмлэдэг болох 15-20 жилийн дараа л тэр цаг ирэх болов уу.

Тэгвэл бидэнд ямар сонголт байна? Аз болоход ихэнх орны хоолойд тээглэсэн яс болдог гарцгүй энэ нөхцөлөөс гарах маш сайн гарц бидэнд байна. Тиймээ монгол угсаатнуудаа ажиллах хүч болгон оруулж ирэх. Халимагаас, Хөх нуураас, буриадаас, өвөр монголоос, уулын алтайгаас, шинжаанаас, тувагаас, хөлөн буйраас монголчуудаа оруулж ирэх. Олон олон халимаг, өвөрлөгч, буриад, ойрадуудтай уулзаж явсан. Биднээс огтхон ч ялгаагүй адилхан монгол хүн. Биднээс илүү монголоо гэсэн сэтгэлтэй, биднээс хувь илүү эрх чөлөөг хүсэн мөрөөдсөн, биднээс илүү хэцүү нөхцөлд амьдарч байгаа монголчууд. Нэгэнт тэдний амьдарч байгаа, нэгэн цагт монгол байсан газар нутгийг эргүүлэн авч чадахгүйгээс хойш монгол угсаатнуудаа хөгжил, ажлын байрны шаардлагын хэмжээгээр дуудан цуглуулая. Бидэнд ингэж байсан түүх, туршлага бий. Өнө эртний монгол улсууд сэргэн мандах болгонд монголчууд нэгэн тугийн дор цуглаж байсан. 1911 оны тусгаар тогтнолын дараа, 1921 оны хувьсгалын дараа, 1945 оны чөлөөлөх дайны дараа олон олон өвөрлөгчид, буриад, барга, үзэмчин, халимагууд, ойрадууд Монгол улсад нүүн ирж хүн бүр чадлын хирээр Монгол улсын төлөө, өөрсдийн амьдралын төлөө зүтгэж байсан. 1910-д онд Монгол Улсын 5 яаманд дэд сайдууд, голлох түшмэд, цэргийн жанжид , үйлдвэр, боловсрол, эмнэлэгийг эхлүүлэгчид буриад, өвөрлөгчид байсан. Хайсан гүн, Тогтох тайж, Сумьяа бэйс, Цэвээн Жамсрано, Эрдэнэбатхаан, манлай ван Дамдинсүрэн, Дамбийжаа, буриад сэхээтнүүд: анхны эмч багш нар, дарьганга, барга, үзэмчин ардууд гээд тоочоод дуусашгүй. Хасагууд хүртэл саяхан л орж ирсэн улс. Тэр үед ар монголчууд, Монгол төр одооноос хамаагүй илүү үндэсний ухамсартай байж монгол угсаатнаа ад үзэлгүй хамтран ажиллаж, харилцан сурч, амьдарч чаддаг байж. Монгол улс 20-р зуунд тусгаар тогтнож чадсаны нэг гол нууц ч энэ байдаг. Эцэст нь монголчууд хоёр хөршийн дарамтаар 1915-1945 оны хооронд өвөр монгол, буриад, тува, ойрад, баргаа золиосолж байж төв монголд тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн. Тэгэхээр одоо бид дахиад хамт ажиллаж, амьдарч чадах эр зориг, ухаан гаргах ёстой. Тэгж байж Монгол хөгжинө. Монгол улам хүчирхэг болно. Монгол олуулаа болно. Магадгүй жилдээ хэдэн зуун мянгаар нь нийтдээ 3-4 сая монголчуудаа ажиллах хүч маягаар оруулж ирж байж 20-30 жилийн дараа 10 сая хүн амтай, хөгжиж хүчирхэгжсэн Монгол Улс бий болно. Монгол Улс хүчирхэг хөгжилтэй баян, монгол хүн боловсролтой баян чинээлэг болно. Ядаж хамгийн эхэнд америк, канад, францад гарсан олон арван мянган ойрад монголчууддаа давхар иргэншил олгож Монголд ажиллаж амьдрах бололцоог нь нээж эхэлмээр байна. Монгол хүн эх хэлээ дороо л сэргээгээд сурчихна биз. Ямар еврей нар шиг 2000 жил мартагдсан эх хэлээ шинээр сэргээж, бүгдээр зэрэг сурах гэж байгаа биш.

Тиймээ энэ бол мөрөөдөл. Гэхдээ тун удахгүй бидний өмнө тулгарах: хөгжих үү? хөгжилөө сааруулах уу? гэсэн сонголт хийхдээ хөгжинө, хөгжихдөө монгол угсаатнаараа хөгжиж хүчирхэг Монгол Улс болно гэж хариулахыг хүсч байна. Тиймээ хүссэн хүсээгүй бид энэ сонголтын өмнө тулна. Сонголт хийнэ. Харь угсааны хэдэн сая хятад, энэтхэг, непал биш монгол хүн гэсэн сонголт. Хөгжлөө сааруулж ядуу буурай үлдэх биш хүчирхэг хөгжилтэй Монгол Улс болох сонголт.

Энэ процесс миний бичиж байгаа шиг амархан бүтэхгүй, маш их бэрхшээл, үл ойлголцол, эргэлзээ учирч, хүний нэгэн үеийн амьдрал, тэсвэр тэвчээрийг шаардана. Гэхдээ 1206 онд монголчууд энэ нэгдэлийг хийж чадсан. Чадсандаа Их Монгол Улс, түүний агуу түүх бий болсон. 1911, 1921, 1945 онд бид энэ нэгдэлийг хагас хугасхан ч болтугай хийсэн. Хийсэндээ эрх чөлөө тусгаар тогтнолтой болсноо санах ахул өнөөдрийн 21-р зууны монголчууд, монгол төр хийж чадах ёстой.

Гэхдээ хэрэгжүүлэе ч гэсэн даван гарахад бэрх хэд хэдэн том саад байгаа. Юуны өмнө хоёр хөрш зөвшөөрөх үү? Ажиллах хүч элсүүлж байна гээд жил бүр цөөнөөс эхлээд бага багаар нэмээд байвал болохгүй гэх газаргүй. Аль ч улс оронд байдаг гадны ажиллах хүчийг оруулахдаа хэл, хууль, соёлоо мэддэг байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьбал (манайхан солонгос хэлний шалгалт өгдөг шиг, америкийн элчин англи хэлээр ярилцлага авдаг шиг) ажиллах хүчинд хамгийн түрүүн монгол угсаатан л орж ирэх боломж хамаагүй илүү. Дээр нь манай төрөөс бодлогоор сонголтонд нь оролцвол, монголчуудаа урин уриалбал. Герман, Изреаль, Казахстан, Орос, Хятад улсууд бүгд өөр өөрийн угсаатанаа эх нутагтаа урин залж цуглуулж байсан. Энэ бол хэвийн үзэгдэл. Хэн ч үүнийг буруушаадаггүй. Олон улсын зүгээс ч шүүмжилдэггүй. Үүний адил урин уриалах хэрэгтэй. Ажиллах хүчний сонголтонд солонгосууд шиг л бие даан шийдвэр гаргаж өөрсдөө сонгож, нөлөөлөх хэрэгтэй.

Гэтэл 2 хөрш зөвшөөрсөн ч хэн ирэхийн гэж үү? Тэгэхийн тулд бид эхний ээлжинд ойрын 5-6 жилд өөрийн дотоод бололцоогоороо ажиллах хүчнээ дайчлан ажиллаж, гадагш гарсан монголчуудаа буцаж ирэх хэмжээний ажилтай, ядаж 1000 долларын цалинтай болж эрчимтэй хөгжилийн эхлэлийг тавих хэрэгтэй. Тэгвэл өндөр цалинтай, эрх чөлөөтэй Монгол Улсад ажиллаж амьдрах гэж монгол угсаатнууд маань хүсэн тэмүүлэн ирэх болно. Өнөөгийн монголчууд солонгос явах гэж хүсдэг шиг л. Түүнээс ч бүр илүүгээр монгол хүн монгол нутагтаа амьдрах гэж. Тиймээ эхний 5-6 жилд бид тийм төвшинд хүртэл хөгжих ёстой. Түүнээс цааш гарцаагүй ажиллах хүчнээс шалтгаалан хөгжихөө, эс хөгжихөө шийдэх цаг ирэхэд бидэнд давхар хүчирхэгжих ийм сонголт байна.

Тэр цаг ирэхэд, тэр цаг ирэхээс өмнө одоо ч гэсэн монгол төр энэ процесст бэлтгэж, төв монголчууд бид ч юм л бол өвөрлөгчидөө хужаа, буриадуудаа орос гэж юм үзээгүй царайлан ад үзэх гээд байдаг өчүүхэн зан авираа өөрчилж, бид монгол хүн гэж бахархаж сурах хэрэгтэй болно. Бид чадна. Тэнгэр мэднэ

Б. Болдсайхан эмч

2009 оны 04 дүгээр сарын 18

Labels: