Friday, March 21, 2008

Багын явдал

Би Төв аймгийн төв Зуунмод хотод (одоо сум гэдэг болсон ч энэ анхнаасаа надад утгагүй санагддаг учир хотоор нь бичье) төрсөн боловч яг орчин тойрноо ухаарч, хорвоотой танилцсан газар бол Төв аймгийн Эрдэнэ сум. 1972 оны зун манайх аймгаас Эрдэнэ суманд нүүж очсон юм.
4 настай би манай гэрийн эд хогшлийг ачсан Газ-51 машиний кабинд ээжийнхээ өвөр дээр суугаад эргэн тойрнийг харж явахдаа л анх юмыг харж тогтоож авдаг болсон гэхэд хилсдэхгүй байх. Яахав тэрнээс багын хэд гуравхан юмыг хальт санахаас тэр нүүдэл шиг тов тод санаанд үлдсэн нь байхгүй.
Ингээд сумын төвд очиход сумын төвийн хамгийн урд захад сондгой баригдсан хоёр цагаан байшингийн дэргэд зогслоо. Энэ нь сумын мал эмнэлэг, аав маань энэ эмнэлэгийн эрхлэгч эмчээр МАХН-ын даалгавараар ирсэн хэрэг л дээ. Мал эмнэлэгээс саахалт хэрийн зайд нэг гэр барьсан нь манайх гэдэг айл буух гэр юмсанж.
Ингээд аймгийн төвийн тоосгон байшингаас монгол гэрт амьдарч эхэлсэн маань их л содон сонихон болоод санаанд тод үлдсэн байх. Мал эмнэлэгийн хоёр цагаан байшингийн дэргэд байх том цагаан гэртэй, дэргэдээ илүү жижиг гэртэй айл байх нь Эрдэнэ суманд нэлээд нэртэй баян Нацаг гуайнх. Тэдний хөгшин Должинсүрэн гуай манай аавтай цуг мал эмнэлэгт ажиллах мал эмнэлэгийн лаборант байв. Тэднийх тэрүүхэндээ хэд гурван малтай, социализмийн үед л ховорхон чинээлэг айл байлаа. Тийм болоод л баян гэдэг хочтой болоо биз. Үхэр тугалын хашааний толгойгоор арваад хонины гүзээг үлээгээд түнтийлгээд хатаачихсан нь надад их л сонин харагдсанаас гадна салхинд савлахаараа бөмбөр нүдээд байгаа юм шиг сонин чимээ гарна. Би харж харж айлын эмгэнээс асуулаа. -Энэ юу вэ?
-Аан гүзээ гэдэг юм. Би чамд үлгэр ярьж өгье гээд чоно үнэг зараа гурав гүзээтэй шар тос олсон тухай ярьж өгсөн нь одоо ч санаанаас гардаггүй юм.
Ингээд гэртээ иртэл манайх хонь гаргаад, ээж гүзээ зумлаад, чанахаар цэвэрлэж байна. Би их маадгар амьтан очоод
-Ээжээ! Та нээрээ шал тэнэг хүн юмаа гэж.
-Яав? Би яахаараа тэнэг болдог юм? гэхэд нь
-Гүзээгээ чаначих юм.
-Чи тэгээд баастай гүзээ чануулахгүй яах гээв?
-Үлээгээд тавьчихлаар шар тос болдог юмыг гэсэн гэж байгаа.
-Чи мөн амархан баяжуулах нь ээ манайхыг гээд татаж унаснаа ээж маань тас тас хөхрөөд одоо ч ярих дуртай.

Labels:

Wednesday, March 12, 2008

Ирээдүйн цэрэг

Ноднин Батлан хамгаалахын Их сургууль дээр нанотехнологийн тухай лекц уншихдаа ийм нэг материал ашигласан юм.
Хэдийгээр нанотехнологийн чиглэлээр судалгаа хийдэг ч гэсэн энэ маань ирээдүйд юунд ач тустай вэ гэдгийг олон талаас бодох хэрэгтэй болдог юм. Дэлхий дээр шинэ технологи бол шинэ гай гамшиг гэж үздэг хүн олон. Мэдээж зэвсэг техникийн хөгжил дэлхийг хэд дахин устгахаар болсон гэдэг. Гэхдээ би энд шинэ зэвсгийн тухай биш ирээдүйн цэрэг ямар болж болох тухай дурдсан юм. Энэ материалыг Америкийн нэг сайтаас авсан санагдаж байна.

Нанотехнологи гэдэг бол байгаль эхийн түмэн бодисийг бүтээсэн аргаар нь түүний бүтээгээгүй материалыг гарган авахын тулд хүний бий болгож буй технологи гэж ойлгож болно. Хэдэн тэрбум жилийн туршид атом молекулууд, тэр ч бүү хэл протон, нейтрон, электрон гэх мэт эгэл бөөмсүүд нэгдэн нийлж, задарч сарнин өөрчлөгдсөөр энэ ертөнцийг бий болгосон билээ. Тэгвэл хүн өөрийн оюун ухаан, ур дүйгээрээ байгаль эхийн хэдэн тэрбум жил ноцолдсон ажлыг хэдхэн жилд хийдэг болжээ. Энэ л хүний оюун ухааны аугаа хүч юм даа.Байгаль эхийн бүтээсэн түмэн бодисоос өөр өөр шинж чанартай материалууд бий болдог. Тухайлбал цорын ганц Нүүрстөрөгчийн атомаас тогтох хэрнээ хоорондоо тэс өөр шинж чанаруудтай материалууд байдаг тухай
Нано,нано бvх юм нано бичлэгтээ дурдаж байсан билээ.
Тэгэхээр шинэ технологи бол аливаа салбарт шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Шууд бус гэдэг нь шинэ технологиор хөгжсөн өөр салбарын хөгжил тухайн салбарт нөлөөлөх явдлыг хэлж байна. Жишээ нь электроникийн салбар хөгжсөнөөр шинэ техник төхөөрөмжүүд бий болж, улмаар тухайн салбарт нэвтэрч эхэлдэг. Шууд гэдэг нь тухайн технологиор зөвхөн тэр салбарт ашиглагдах эд зүйлсийг бий болгож нэвтрүүлэхийг хэлнэ. Дээрх ирээдүйн цэргийн эдлэл хэрэглэгдэхүүнүүд яг ийм 2 замаар бий болох нь харагдаж байна. Шууд бус нөлөөлөл нь ихэвчлэн электроник, мэдээллийн технологиор дамжиж, шууд нөлөөлөл нь шинэ материал гарган авсанаар хэрэгжих ажээ. Өнөөдөр нанотехнологичид тунгалаг нимгэн полимер материалаар өнгөт дэлгэц хийчисэн. Түүнийг энэ цэргийн нүүрний хамгаалат визор дээр наахад л гүйцээ. Саяхан Японы эрдэмтэд нэг сонин материал гаргаж авсан нь нэг тал нь халахаар эсрэг тал нь хөрдөг, бас эсрэгээр хөрдөг тал нь хэт хөрвөл нөгөө тал нь халдаг юм байна. Түүгээр цэргийн хувцасыг хийвэл нимгэн хэрнээ халуунд халахгүй, хүйтэнд даарахгүй хувцас болно гэж байгаа. Хувцасаа эргүүлж өмсөөд л асуудал шийдэгдэнэ.
Ийнхүү тун ойрын ирээдүйд юунд ч дийлдэхгүй цэрэгтэй болохтойдогоо. Нанотехнологийн судалгаанд улс орнууд маш их хөрөнгө хаяж байна. Энэ нь 2000 оноос гэнэт огцом нэмэгдсэн. Учир нь 2015 он гэхэд нанометрийн (километр=1000метр, миллиметр=0.001метр, нанометр=0.000000001метр) хэмжээтэй транзистор бүтээхгүй бол компьютерийн өнөөгийн хөгжлийн хурдацыг хэвээр хадгалж байх боломжгүй болж эдийн засгийн томоохон хямрал үүснэ гэж үэж байгаа юм.

Дэлхийн хөгжилтэй орнуудыг АНУ, Япон, Европын холбоо, Бусад гэсэн 4 бүлэгт хувааж үзвэл бүгд ойролцоо хөрөнгийг нанотехнологид оруулж байна. Дээрх графикт хөхөөр АНУ-ыг, улаанаар бусад 3 бүлгийн нийлбэрийг харуулав. 2005 онд л гэхэд нийт 4 тэрбум гаруй долларыг зарцуулсан байна.

Тэгвэл 2015 он гэхэд 1000 тэрбум буюу нэг ихнаяд долларыг зарцуулах нь. Энд хамгийн их зардлыг материал, электроникийн технологид зарцуулах ажээ. Төсөөлөхөд ч бэрх их мөнгө юм даа.

Labels: