Sunday, July 20, 2008

Жимс-3

Энэ хооронд Даваагийн гэрийнхэн хөдөөний хүмүүстэй хамтран дахин бүтэн өдөржин хайгаад юу ч олсонгүй. Шүрээ ээжтэйгээ хамт эрэлд оролцож буй хүмүүст цай хоол хийж өнжив. Эрэлд оролцогсод үндсэндээ 15 км тойрогт бүрэн хайгаад ямар ч ул мөр ололгүй буцаж ирцгээжээ. Энэ нь Алимаагийн туулсан замын талд ч хүрэхгүй газар шүүдээ.
Орой нь эрлийнхэнийг амраагаад маргааш нь өдөр үргэлжлүүлэх шийдвэрт хүрцгээв. Харин Даваа Эрдэнэт рүү буцаж эцэг эхэд нь дуулган, томоохон эрлийн баг олж ирэхээр мориор Ингэттолгой явжээ. Шөнөжин явсаар үүрээр сумын төв орж, танилынхаа машинаар Эрдэнэт рүү гарсанаар үдээс өмнөдөө багтаж очив. Гамшигт мэдээг сонссон Алимаагийн эцэг эх сандралдан бөөн л юм болцгоожээ. Тэд хамтдаа хөөцөлдсөөр аврах багийн нэжгээд хүнтэй, үйлдвэрийн том даргын сойлттой байлгадаг, яаралтай ажилд унадаг нисдэг тэргийг хүртэл гаргуулж чаджээ.
Ингээд үдээс хойш оройхон Даваа Алимаагийн эцэг эх, зарим нэг найз нөхөдтэй машинаар эргэн гарч, аврах багийнхан нисдэг тэргээр охины алга болсон газар луу хөдөлжээ. Онгоцны түлшний үнийг Даваа болон Алимаагийн эцэг эх хамтран төлөхөөр болж, ямарч байсан 30км тойрогт нислэг хийлгэхээр тохирсон нь дахин маш том алдаа болов. Алимаа аль хэдий нь энэ тойргоос гараад явсан билээ.
Алимаа ямар нэгэн амьтны амьсгаадах шиг, хэржигнэн хүн хурхирч буй мэт чимээнээр сэрвэл гадаа харанхуй суугаагаар унтасан бие нь хөшиж, хөл нь бадайран хөдөлж чадахгүй байлаа. “Гахай ч юм уу” гэж бодсоноо “энэ хавьд тэжээмэл гахай байхгүй биз, лав зэрлэг гахай байх, гахай аюултай гэж хаа нэгтээ сонссон санагдана” гэж бодсоноо айхдаа чив чимээгүй хяран суулаа. Амьтан хачин дугарч, нэг биш бололтой хоорондоо ярдаглалцан зодолдох ч шиг хачин чимээ гарч байснаа холдон олдов. “Ашгүй холдлоо, ёоох” гэж санаа амарсан тэрээр баруун хөлөө алгуур хөдөлгөн жийж урдаа овоолсон өвсөн доогуур хийлээ. Гэтэл хөл нь нэг зөөлөн хүнд юманд тултал нэг амьтан хүр хар хийн босож хөлийг нь хатуу юмаар өвдтөл цохилоо.
-Аааааааааааааааааааааааааааааа ёооооёооооооооо гэж орилон хөлөө татаж авлаа. Шагай нь янгинан, хөл нь тэсэхүйеээ бэрх өвдөж, яг юу хөл рүү нь ингэж цохисоныг ч ойлгосонгүй. Дэмий л гартаа тааралдсанаа шүүртэл дэргэдээ тавьсан бидоноо барьж аваад ухасхийн бослоо. Овоолсон өвсөө түлхэж тараагаад босон харайж модны ховилоос гарвал үүр үл мэдэг гэгээрч байх бөгөөд нэгэн хар амьтан гэрийн үүд хойморийн зайтай зогсож байв. Алимаагийн үс нь босох шиг болж орилох гэтэл дуу нь гарсангүй. Дотроо энэ амьтанг айлгаж үргээхгүй бол өөр лүү нь одоо дайрах нь гэсэн бодол зурсхийлээ. Өөрийгөө яагаад дуугарч чадахгүй байгааг ч ойлгоогүй тэрээр бидоноороо мод саван балбаж гарав. Бидоны дүн дан дон гэсэн чимээнээс жийрхсэн тэр амьтан модон дундуур бөмбөгнөн алга боллоо.
Хэсэг сааталд орсон Алимаа доош суун өвдгөө тэврэн уйллаа. Одоо бол чадах юм нь л энэ шүү дээ. Буцаж ховилдоо орохоор өндийх гэтэл баруун хөл нь гишгэх аргагүй өвдөж буцаж суун мөлхөсөөр модны ховилд эргэн орлоо. Тарааж хаясан өвсөө цуглуулах ч тэнхэл байсангүй. Бүрэн гэгээ орохыг хүлээхээр шийдлээ. Баруун хөлөө шагайгаараа өвдөхийг мэдэрч, гараараа барьж үзвэл их л хөндүүр байхаас цус гарч барьсан нь үгүй бололтой. Харин өмссөн пүүз нь салбайгаад нэг л хачин. Шагайгаа барьж өвдөхийг нь намжааж байгаад хөлөө хөдөлгөж үзвэл хугарч бэртээгүй бололтой хөдөлж байв. Шагайг минь л гэмтээчихэв үү дээ гэж бодоод нар мандахыг хүлээхээр шийдэв. Хэсэг дугхийгээд сэрвэл нар гарч өглөө болсон боловч тэнгэр бүүдгэр бүрхэг байлаа. Хөлөө хартал пүүзнийх нь ул ямар нэгэн хурц юманд огло татагдаад дундуураа хуваагдан салаад өлмий, өсгий дээрээ санжигнаж байв. Харин хөл нь шархдаж гэмтээгүй ч шагай нь булгарсан бололтой памбайж хавджээ. Ховилоосоо мөлхөн гарч эргэн тойрноо харвал өчигдөр орой өвс түүхэд зүв зүгээр байсан газрыг хөрсийг нь эргүүлээд хаясан байв. Энэ нь зэрлэг гахай өвсний үндэс ухаж газар хадарсан нь байжээ. Алимаа урд нь ийм юм үзээгүй учир тухайн амьтан юу болохыг ч төсөөлсөнгүй, хөлийг нь хадрахад муу пүүз нь түрүүлж өртөн аврсаныг ч ойлгосонгүй. Тээршаан хаячих дөхсөн бидон нь аминд орсоныг л ухаарлаа.
Цааш явахаар бослоо. Хөлөө алгуур гишгэж үзвэл шагайгаараа янгинан өвдөж байв ч алхаж болмоор санагдав. Тулдаг модоо хайж олоод гол руу алхлаа. Өчигдөр цэврүүтсэн зүүн хөл нь хорсож, баруун шагай нь янгинах авч шүд зуун эндээс л холдохгүй бол ямар нэгэн араатны хоол болоход ойрхон байгааг ойлгожээ. Түүнд буцах тухай ямар ч ойлголт байсангүй. Нэг газраа удаан байвал аюултай юм байна гэсэн бодол л түүнийг эзэмдэнэ. Тэгэхээр гол уруудаад алхаад байх л зөв санагдав. Ингэхэд мод сийрч, гол өргөсөөд байгаа учир заавал айл амьтан таарах ёстой гэж бодно. Ингээд үдээсээ тайлж пүүзнийхээ салбайсан улан доогуур нь оруулан үдвэл арай дээр болов. Голын уснаас ууж аваад алхалаа. Зугуухан алхах тусам хөлнийх нь өвчин гайгүй болж байгаа мэт санагдсанд урамшин гол дагасан зөрөг замаар орж уруудав.
Нар дээр хөөрсөн бололтой, бүрхэг тэнгэрийн цаана бүүдийнэ. Хэсэг яваад амрахгүй бол хоёр хөл нь өвдөж, үнэхээр хурдан явах аргагүй байлаа. Гэхдээ цагт ойролцоогоор 3 км алхсан гэж бодвол бараг 9 км явжээ. Гэдэс нь өлсөх нь ихсэж уснаас өөр юмгүй ходоод хоол нэхэн хоржигноно. Гол руу орж мойл, хааяа олддог долоогоно (нэрийг нь мэдэхгүй улаан жимс түүж идсэн гэснийг бодвол долоогоно байх гэж бодов) түүж идэв.
Цааш хэсэг явтал том том сүглийсэн шувууд сууж байхыг хараад айсхийн холуур тойрохыг хичээлээ. Том шувууд ямар нэгэн том амьтны сэгэн дээр цугларчээ. Доохнуур нь өнгөрөхтэй зэрэгцээд муухай өмхий үнэртэв. Тэрээр чоно нохойд л бариулсан амьтаны сэгэн дээр бүргэд гэдэг шувуу нь ирдэг юм байхдаа гэж бодон алсуур өнгөрлөө. Алимаа охин тас хэмээх энэ агуу том шувууг анх харсан нь энэ бөгөөд бүргэд гэдэг шувуу сэг зэм иддэггүй гэдгийг ч төсөөлөхгүй нэгэн билээ. Бас энэ сэг бол ОХУ-аас хил зөрчин орж ирдэг хулгайн анчдын алаад эвэр, чив гэх мэт үнэ хүрдэг зүйлсийг нь аваад, даахын хэрээр хоёр гуяыг нь аваад явсан хангал буга байжээ.
Алимаа хоёр хөлийнхөө өвчинг тэвчин чадан ядан явсаар энэ өдөр бараг 15 км явжээ. Нийтдээ анх төөрсөн газраасаа даруй 50 км холдсон гэсэн үг. Дахин шөнө болохоос өмнө айл амьтан, хүний бараа харахгүй бол яанаа? Өнөө шөнө бас ямар аюул тохиолдох бол гэж бодохоос үстэй толгой нь босох мэт болно. Гэхдээ анх төөрсөн шөнийг бодвол арай л зоригтой болжээ. Юуны туханд хүрэлгүй уйлаад байх нь багасаж. Нулимс минь барагдаа юм болов уу гэж өөрийгөө гайхаж явав. Бүтэн өдөржин явсанд хоёр хөл нь өвдөхийн зэрэгцээ гахайнд хадруулсан пүүз нь урагдаж салмайгаад осолдохгүй хөлөнд нь жийрэг болох ажээ. Ороож уясан үдээс нь ч салмайгаад хариугүй тасрах нь. Гуталгүй болвол нүцгэн хөлөөрөө хэр хол явахыг төсөөлөх аргагүй. Тэрээр харуй бүрий болохоос өмнө хоноглох эвтэйхэн газар олж, бас хучих өвсөө зулгаах гээд хүндхэн ажилтай билээ. Нар ч жаргаж байх шиг, бүрхэг тэнгэр улам бүүдийж эхлэв. Гэнэт чихэнд ямар нэгэн моторын дуу сонсогдох шиг болоход амьсгаагаа түгжин чагнавал их л алсад нисдэг тэрэгний дуу сонсогдоод өнгөрлөө. “Намайг хайж байгаа юм болов уу? За аль ямар хэргээр онгоц нисэхийг хэлж бардаг юм. Харин манай аав ээжид хэл дуулгасан болов уу? Уг нь өнөөдөр л хэлж амжсан бол сандарцгааж байгаа байх даа.” гэж бодтол самсай нь шархиран нулимс нь дуслав. “За за орой болохоос өмнө хонох газраа олоё” гэсэн бодол өмнөх бодлыг үлдэн зайлуулж ойр орчиноо судлах ажилдаа орлоо.
Хэсэг явж байтал голын эргээс зайдуухан, ойн захад унасан хөгшин модны нэг талыг баахан мөчир гишүү овоолон хучиж, хүн хийсэн болов уу гэмээр эвтэйхэн оромж оллоо. Дэргэд нь гал түлсэн ором, зэвэрсэн консервны лааз гэх мэт хог хөглөрөхийг үзвэл их л дээр үед хүн байсан нь харагдана. Чухам нэг сар уу, нэг жил үү гэдгийг Алимаа охин хэрхэн таах билээ. Сайн анзаарсан бол консервны лааз, хүнсний бүтээгдэхүүны боодол цаас зэрэг нь дан орос бичигтэйг анзаарах л байсан байх. Харанхуй болохоос өмнө хоргодох газартай болох хэрэгтэй хэмээн яарсан сэтгэл нь аливааг анзаарах сэхээ өгөөгүйгээс өнөөх хил зөрчигч орос анчдын хоноглодог газар болохыг ч таамагласангүй. Модны мөчир гишүүг нь янзалбал дэвсгэр хийх, хучих өвс л байвал болохоор оромж байлаа. Арай бага өвс зулгаах нь гэж бодоход сэтгэл хөнгөрөх шиг. Ингээд өвсөө зулгааж эхэллээ. Шалбарч шархалсан гар нь өвдөх нь бүүр их болжээ. Арайхийж жоохон өвс зулгаагаад тэнхэлгүй болов. Цаг хугацаа ч хурдасчихсан юм уу нэг л мэдэхэд харуй бүрий болчихжээ. Гэдэс нь өлсөх нь хязгааргүй ч хоёр хөл, хоёр гарынхаа өвчинд түүртсэн тэрээр бушуухан л хэвтэхийн түүс болов. Одоо энэ бүрэнхийд хаанаас юу ч хайж олж идэх билээ дээ.
Нисдэг тэргээр ирсэн аврах багийнхан үлдэж, нисдэг тэрэг маргааш эргэж ирэхээр болоод буцав. Анх ганцхан жижиг гэр байсан газар нь одоо цэргийн майхан, Алимаагийн ээж аавын барьсан майхан гэх мэт нэмэгдээд жижигхэн хотхон болжээ. Тэд эрэлээ өдрөөр л хийх хэрэгтэй гэцгээн унтацгаахаар болж, харин Алимаагийн аав ээж дэмий шаналцгаан нойргүй хоноцгоов. Харин Даваа малчин найзтайгаа мориор эрэлд гараад, хээр хонохоор шийдэцгээсэн учир эргэж ирсэнгүй. Ийнхүү бас нэг өдөр өнгөрөв.
Алимаа хэсэг унтаж байгаад тэнгэрийн дуунаар сэрлээ. Цахилгаан цахилан, тэнгэр нижэгнэн ширүүн бороо орох ажээ. Мөчирөн оромж нь харин бороо нэвтрэхгүйгээр хийснийг бодвол их л туршлагатай хүн босгож дээ гэх бодол төрлөө. Даарч хөрөхгүй, норохгүйгээр хоног төөрүүлэх газар олдсонд баярлах авч энэ тэнгэр хэзээ онгойж бороо зогсох бол хэмээн санаа зовнино. Бараг л дээр нь аянга бууж байна уу гэлтэй тэнгэр дуугарч чих нь дөжрөх дөхөв. Их л ойрхон аянга бууж байга бололтой, “яанаа аянганд ниргүүлээд үхэх юм биш биздээ” гэж бодов. Ийнхүү бороо асгасаар үүр цайлаа. Үүрээр тэнгэрийн дуу намдаж, усан бороо шиврэх маягтай болжээ. Алимаа дахин унтжээ.
Сэрээд чагнавал бороо шивэрсэн хэвээр, дэвсгэр өвс нь бага зэрэг норсон байв. Их устай бороо учир газрын хөрсөөр ус урсан орж иржээ. “Бороо намжихыг хүлээх үү, цааш явах уу” гэж бодов. Түүнд яваад л байвал энэ ой дуусч, хүн амьтантай газар очих юм шиг санагдана. Ингээд цаг гаран хүлээгээд бороо зогсох шинжгүй шиврээд байхаар явахаар шийдлээ. Харин ч их ширүүн орохгүй байгаад нь олзуурхан бослоо. Өглөө юм уу, өдөр юм уу түүнд цагийн баримжаа байсангүй. Үнэндээ бол бараг үд болжээ.
Хоёр хөл нь арай дээр болсон юм шиг байвч эвгүй гишгэвэл баруун хөл нь хөндүүрлэн янгинана. Шиврээ бороо хувцсанд халтай, шивнээ үг сэтгэлд халтай гэгчээр хэдхэн хором өнгөрөхөд шалба норжээ. Удаан явбал даарах шинжтэй тул хөлийнхөө өвчинг тэсэн хурдхан явахыг хичээж байв. Ийнхүү 2-3 цаг явахад 5-6 км газар хороосон ч өөрт нь их л хол явчих шиг санагджээ. Бороо бүүр багасаад үл мэдэг дуслана. Тэнгэр захаасаа шуугдаж байгаа нь харагдав. Хоёр хөл нь шалба нороод, бээрчихсэн байлаа. Тэгсэн ч түүнд зогсох бодол байсангүй. Зөвхөн урагшаа, урагшаа л яваад байвал болно гэсэн бодлоосоо гажсангүй. Үндсэндээ 10-аад км явсан түүнд өнөөдрийн явсан зам нь урд хоёр өдрийнхээс хамаагүй их явсан мэт санагдав. Аргагүй өлсөж, ядарсанаас биеийнх нь тамир их сульджээ.
Ийнхүү хэсэг явтал утаа үнэртэх шиг болов. Түүний хамар энэ хэдэн өдрүүдэд дан ойн цэнгэг агаар үнэртэж явсан учир маш үнэрч болжээ. Гэвч ойр хавьд айл байх ямар ч үндэс байхгүй нөгөө л хэвийн үргэлжлэх ой, хоржигнон урсах гол байлаа. Утаа аль зүгээс илүү үнэртэж байгааг олох гэж дороо эргэлдэн зүг бүрт шуналтай үнэртэж үзэв. Бодвол голын эрэг талаас илүү үнэртэх шиг болохоор нь гол руу дөхлөө. Удалгүй голын хөвөөн дээр нэгэн том амьтны бие харагдахад дэргэд нь унтарч буй галын утаа цэнхэртэн суунаглаж үзэгдэв. Харин хүн байсангүй. Галын дэргэд очоод хэрдхийн цочив. Нэгэн сайхан хангал бугыг алаад эвэрийг нь гавлын ястай нь зад цохиод авчээ. Буганы хоёр гуя нь байсангүй. Анчин хүн явж дээ гэж бодсоноос хулгайн анчид явсан, дархан цаазат буга намнах хориотой байдаг тухай ч бодсонгүй. Түүнд зөвхөн “гал, мах!” гэсэн бодол зурсхийв. Тулж байсан модоо шидээд гал дээр очиж нурмыг нь хөдөлгөвөл дороос нь цог гарч ирлээ. Дэргэд нь үлдээсэн цөөн хэдэн гишүүнээс нарийвтараас нь гурвыг авч цогон дээр зөрүүлж тавиад үлээж гарав. Хэдий удаан үлээсэн юм бүү мэд, утаанд нь нүд нь хорсож нулимс нь урсавч үлээхгүй бол гал унтарчихна гэсэн айдас түүнийг зогсоо зайгүй үлээхэд хүргэжээ. Гурван цучил шад падхийн аслаа. “Ураааааа, гал!” гэж орилов. Бидоноо авч голын уснаас утгаад үхсэн буга руу очлоо. Махан дээр өнгө өнгийн, бүр алт шиг өнгөтэй ч ялаа байх шиг, дүүрэн ялаа шавжээ. Махнаас тасалж авах гэж оролдож эхлэв. Өмнө хоол хийх гэж хутгаар мах хэрчиж байхдаа хутгагүй бол хүн яах тухай бодож ч явсангүй. Хутга хэчнээн хэрэгтэй зүйл болохыг ухаарчээ. Хурцхан ирмэгтэй чулуу хайлаа. Голын чулуу мөлгөр байхаас ирмэгтэй байна гэж байдаггүй ажээ. Галын дэргэд тулгын чулуу болгож хэрэглэж байсан чулууг нэгийг нь нөгөөгөөр нь цохивол ирмэгтэй чулуу гарч ирэв. Түүгээрээ махнаас өмлөж авах гэж оролдож эхлэв. Бас л бүтэлтэй болсонгүй ч бага зэрэг өмлөж чадлаа. Сүүлдээ махны үнэрт дотор нь эрээлжилэн нүд нь бүрэлзэв. Нэг мэдсэн махнаас шүдээрээ өм өм хазан бидон руугаа тургиж гарав. Шүд гэдэг аргагүй л байгалийн хутга ажээ. Аманд нь түүхий цус амтагдан дотор нь эвгүйрхэж огиулав. Бидон руугаа өнгийвөл овоо хэдэн үмх мах оржээ. Бидоноо гал дээрээ тавиад хэдэн мод нэмчихээд гол руу очиж нүүрээ угаав. Усанд туссан дүрсээ харвал баргийн хүн айн цочихоор дүрс харагдахуйд өөрийгөө шоолон инээлээ. Хэзээ сүүлд инэээснээ ч мартах дөхжээ.
Чанасан махны үнэр хамар сэтлэм ханхийж хэд хоног жимснээс өөр юм идээгүй тэрээр үмхэлж гарав. Овоо л идчих шиг болсон ч үмхэлж авсан мах нь дууслаа. Гэдэс нь цадах яагаа ч гүй ажээ. Дахин буга руу очлоо. Толгой дээгүүр элээ хэрээнээс эхлээд том жижиг тав зургаан шувуу эргэлдэнэ. Дахин шүдээрээ зулгаах гэтэл түүхий махны үнэрт дотор нь муухайрч сэжиг нь хүрэхэд түрүүн яасан зоригтой байваа гэж бодов. Чулуугаараа оролдон өмлөх гэж байх зуурт модны ёроолд тавьсан архины шил харагдлаа. Ухасхийн очиж шүүрэн аваад харвал улаан эрээн шошготой “Столичная” хэмээх орос архины шил байв. Тулгын чулуун дээрээ аваачин ганцхан цохиж хагалбал нарийн хүзүүтэй хэсэг нь гарт нь үлдлээ. Дахин буга руугаа очин махнаас нь шилний хурц ирмэгээр зүсвэл маш амархан байлаа. Урамтай нь аргагүй мах огтолж гарав. Нэг сөхөө аван хартал гал нь унтран уугиж байв. “Яанаа..” хэмээн дуу алдаад гал руугаа ухасхийлээ. Дахин мод нэмж үлээсээр ноцоож аваад дүүрэн махтай бидондоо ус нэмэн гал дээр тавилаа.
Дотроо муухайртал мах идээд, маргааш идэхийг нөөцлөхөөр чанаж эхлэв. Ухаангүй хоол эргүүлсэн тэрээр гэнэт л орой болж байгааг анзаарлаа. Амьтны сэгний ойрхон удвал араатан амьтан ирнэ гэсэн бодол зурсхийхэд айдас төрж тэндээс холдохын түүс болов. Ингээд чанасан махаа болохыг хүлээзнээд, шүүрхий шахуу гал дээрээс аван тулдаг модоо тулан өндийлөө. Хоноглох газраа хайн хэсэг яваад нэгэн унасан модны дэргэд очин урьд шөнийн ором шиг юм мөчрөөр хийхээр шийдэн мөчир хугалж эхлэв. Өвсөнд зүсэгдсэн хоёр гар нь өвдөж цус шүүрнэ. Хоёр оймсоо тайлж гартаа углаад мөчир хугалав. Нойтон модны мөчир амар хугарахгүй зовлонтой ажээ. Дараа нь хучих, дэвсэх өвс зулгаахад хоёр гар нь мэдээгүй болж байлаа. Гэнэт мах хэрчсэн шилээ санан голын тэртээ хэвтэх буганы сэг рүү харвал өнөө эргэлдсэн шувууд сэгэн дээр суусан нь бүрэнхийд харагдав. "Намайг байхад ирж суухгүй байсныг бодвол шувууд тийм ч аймаар амьтад биш бололтой" гэж бодоод зориглон очиж хашгирвал бүгд үргэн нислээ. Буганы сэгний дэргэдээс архины шилний хүзүүгээ олж аваад барьж буй оромж руугаа явлаа.

(Төгсгөл рүү оч)


Labels:

Friday, July 18, 2008

Мах магнаг болов <-- Энд дарж эхийг үз.

Бид 30 гаран сая малтай, 3 хүрэхгүй сая хүн амтай байж малаа маллаад, гэдсээ тэжээж чадахгүйдээ туллаа гэж үү?
Солонгосд кг нь 350,000Воны үнэтэй (бараг 420,000₮) үхрийн нурууны мах дэлгүүрт харсан. Дан алим жимсээр хооллосон "Солонгос" үхрийн мах учраас гэж байгаа юм. Энд одоо АНУ-аас үхрийн мах импортлохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан тэмцэл ид өрнөж байна. Учир нь АНУ-ын мах хөгийн хямдхан үнэтэй, бас өвчтэй гэнэ. Харин энд Австралиас мах ихээр импортолдог. Тэр нь дотоодын махных нь үнэтэй ойролцоо. Гэхдээ л арай хямд. Энд дотоодын юм гэвэл заавал үнэтэй байх ёстой гэсэн үзлээр хүмүүс нь өвчилсөн байдаг. Тэгж байж эдийн засаг нь хүчтэй зогсдог юм байна. Харин энд Австрали үхрийн мах кг нь 5000Вон буюу манайхаар 6000₮ орчим үнэтэй байна. Дотоодынх нь дундчаар 9000Вон. Энд манайхан шиг мах л бол мах гээд ястай юутай хийтэй нь кг нь тэд гээд зардаггүй юм. Үхрийн мах үхэрнийхээ аль хэсгээс гарав гэдгээрээ шал өөр өөр үнэтэй. Ингэж ангилж байж нэг үхрийн үнэ овоо өсдөг болохоос хямдхан мах идэх гэсэн хүнд бол 5000-9000Воны мах гэдэг цалинтай нь харьцуулахад маш бага үнэ шүү дээ.
За тэгтэл манайд өнөөдөр кг мах бараг 5000₮ байгаа гэнэ. Өөрсдөө малаа малладаг, махаа боловсруулдаг 3хан сая хүрэхгүй ард түмэн ингэж ч зовж байх гэж дээ. Өнөөдрийн дундаж цалинтай багш хүн хэдийг авдаг билээ? Яаж хоолтой хонох болж байнаа? Солонгосд дунд сургуулийн багш 3саяаас 4сая вон авдаг. Цалингаараа сард 700кг хямдхан мах авч чадна. Хамийн үнэтэйг бол 10кг-ыг авч тансаглаж болно.
Гэтэл манай багш нар үсрээд 200,000₮ авдаг байх. Энэ нь дөнгөж 40кг Монгол мах. 40 ба 700 гэдэг асар зөрөөтэй байгаа биз?
За тэгвэл социализмийн үед багш хүн 700₮ цалин авдаг байсан. 1кг мах 6.5₮ байж. Бараг 100 гаран кг мах авч иддэг байжээ. Арай л дээр байж. Гэхдээ Социализм илүү гэх гээгүй юм шүү. Бид зөв замаар зах зээлд орсон бол Солонгос хүн шиг л иддэг болох байлаа. Ядаж Солонгосын тал хувьд очсон бол бид урагшилжээ гэж үзэхсэн. Ардчилал гэх анархизм, хэмжээ хязгааргүй луйварчин улс төрчид биднийг ийм амьдралд оруулжээ. Харин “гарах гарц” гэгч нэгдүгээр хүн социализмийг арай л дэндүү магтжээ. (Эх дээр үлдээсэн хамгийн эхний сэтгэгдэл) Тийм байгаагүйг энэ махны үнэ батлаад байгаа юм биш үү? Одооныхоос л арай дээр байж.
Бидэнд нэг буруу бодлого хэрэгжээд явдаг зүйл нь архины үнэ юм. Энэ нь махтай холбоогүй ч социализмийн үеээсээ бас хэрхэн дордсоныг харуулдаг болохоор хэлье гэж бодлоо. Өнөөдөр нэг кг мах 5000₮ байхад нэг шил архи 3000₮ байна. Гэтэл социализмийн үед нэг шил архи 38₮ байсан. Нэг архи бараг 6 кг махны үнэтэй дүйж байжээ. Өнөөдөр энэ ханшаар бодвол нэг архи 30,000₮ болох ёстой. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлийн үнээс арай хэт өндөр үнэ гарч ирэх боловч манайд архи хэр их хямдарч, бид түүндээ живж байгааг батлан харуулах бус уу?

Labels: ,

Tuesday, July 08, 2008

Жимс-2

Даваагийн эхнэр Сүрэн “Үгүй энэ хүүхэд яаваа? Сая явцгаая гээд дуудахад энүүхэн доор л за гэсэн.” гэж бодоод:
- Алив Даваа араас нь яваач. Хүүе Болдоо! Тэр Алимаа эгч чинь доошоо явчив уу яав араас нь гүй! гэлээ.
-Өө гай, би ядарч үхлээ ш дээ, энэ их жимсээ хүнд үүрүүлчээд гүй мүй гээд байх юм гэж Шүрээгийн дүү унтууцав.
Шүрээ дүүдээ:
-Наадхаа газар тавиач дээ, тэнэг юмуу гэж хэлчихээд Алимаагийн дуу гарсан зүг амандаа хоёр гараа бариад:
-Алимаа! гэж хашгирав. Нэлээн доор:
-За одоо очлоо... гэх дуу гарав. Даваа “Дуудах тутам дуу нь цаашлаад энэ доошоо л гүйгээд явчлаа” гэж бодоод:
-Хүүхээ! Наашаа яваа! гэж дуудсан боловч олигтой чанга дуугарч чадсангүй бүгшүүлэн ханиав.
Сүрэн улам сандарч:
-Алив бүгдээрээ доошоо араас нь явъя. Эн хүүхэд буруу яваад өглөө гэхэд Шүрээ түрүүлээд доошилж эхлэв. Бүгд л байдаг тэнхээгээрээ ориловч хариу чимээ алга байлаа. Холдмооргүй юмаа гэж бодсоноос тэд нэг их шуурхай доошилсонгүй нэрээр нь дуудсаар алгуурлав. Энэ хооронд мөч урттай Алимаа хэд дэгдээд алга болсон байлаа.
Хангай газар нар жаргамагц маш түргэн сэрүүсч эхэллээ. “Бүрэнхий бүрэн нөмөрхөөс өмнө энэ ойгоос гарч бэлд хүрье. Би яг төөрчихлөө, одоо нөгөө ойн цоорхойдох гэрийг олохгүй нь” гэж бодсон Алимаа улам хурдлан харайлаа. Нохойн хошууны өргөстэй бут хөлд нь таарахад өвдөгнөөс доохнуур богино өмдтэй түүний шилбийг өвдтөл зурах авч тэр юун тэрийг тоохтой манатай. Явсаар байтал бэлд ч хүрсэн юмгүй, урдах замаа ч харахад бэрх болж ирэв. Сүглэгэр модод бүрэнхийд ямар нэгэн аврага амьтан тэврээд авах гэж байгаа мэт бараантаад, үдшийн бүрийгээр гудамжинд ч цөөхөн гардаг түүнд ойд төөрнө гэдэг ой тойнд нь багтаж өгөхгүй аймшиг байлаа. Харуй бүрий болж зам бүдэг бадаг харагдах болсон учир хамаагүй гүйж болохгүй болов. Айж сандарсан, гүйж харайсанд бяцхан зүрх нь цээжиндээ багтаж ядан оволзоно. Нүүр нь халуу дүүгэн чинэрч, бүх биенийх хөлс цутгаж байв. Маш их хөлөрсөнөөс өргөстэй бутанд зурагдсан шилбэ нь тэсэхийн аргагүй хорсоно. Хэсэг амьсгаагаа дарах зуур хоёр гараа өвдөг дээрээ тулаад тонгойж, “Энэ хэд намайг орхиод явчихдаг л юм байхдаа? Арай ч дээ. Намайг алга болсоныг мэдээд хайж сурж, чимээ өгмөөр юм” гэж бодов. Үнэндээ Алимаа айсандаа хэтэрхий хурдан гүйгээд 3-4 км холдсоноо ч анзаарсангүй. Гэнэт толгой дээр нь “Хүүүүүүүүүүүүүүүүүүүүе!” гэх дуу үстэй толгой арзайтал дуугарсанд Алимаа айсандаа:
-Аааааааааааааааааааааааа, эээээжээээээээээээээ! гэж ориллоо. Сүр сархийн нэг том бараан шувуу дэргэдэх модны мөчир дээрээс нисэн одов. Тэр цурхиртал уйлж эхлэв. “Яагаад намайг орхиод явцгаачихваа? Шүрээ, Даваа ахаа, Сүрэн эгчээ, Болдоо миний дүү, та нар намайг ирж аваач дээ. Саяных юу байваа? Ямар муухай дуутай юм бэ?” гэж цухалдан бодовч яах юу хийх ээ ч олохгүй дороо дэвхцэнэ. Удалгүй харанхуй болж урдах мөрөө ч харах аргагүй боллоо. Явахаар бут сөөг, модны үндэс, газар унасан гишүү хөлд нь тээглэн бүдчүүлнэ. Модны мөчир духанд таарч хүчтэй мөргөснөөс нүдэнд нь гал бутраад явчихав.
-Ёоё гээд суун туслаа. Духаа гараараа дарвал гарт нь бүлээн нойтон зүйл мэдрэгдэж духнаас нь цус гарч байгааг ойлголоо. Төд удалгүй дух нь бондойтол хавдаад гарт мэдрэгдэхүйц овойжээ. “За би цаашаа явж чадахгүй юм байна. Яанаа! Яасан аймаар юм бэ? Өглөө хэдэд гэгээ орох болоо? Ядаж байхад цагаа гээчихнэ гээд тэр гэрт үлдээчихсэн. Одоо хэд болж байгаа юм бол? Эндээ суугаад өглөө болохыг хүлээхээс тэр хэд намайг олоод авчих байх. Эсвэл тэр хэд одоохон энүүгээр намайг хайгаад хүрээд ирэх биз. Би өдөр яах гэж унтав аа? Тэд нарыг холдоод явсаныг мэдсэнгүй төөрчихлөө” хэмээн бодов. Хоёр өвдгөө тэврээд эрүүгээ өвдөг дээрээ тавин нүдээ анилаа. Зүрх нь дэлсэх нь арай гайгүй болсон ч харанхуйгаас айх айдас нь түүнийг эзэмдэж, бүх бие нь чичэрнэ. Чихэн дээр нь шумуул шунгинаж ирвэгнүүлэхэд сая л ухаарвал хүзүү хоолой, хацар дээр нь загатнан зөндөө хазуулжээ. Эргэн тойрон нам гүм, хааяа салхинд модны орой найгахдаа сүүгэх чимээ гаргана. Тэрээр “Яанаа, энэ ойд чоно, баавгай, араатан амьтан байдаг байхдаа” гэж бодоод бодлоосоо айж дахин уйлж эхэллээ. “Ээжээ, ааваа, охиныгоо ирээд аваач дээ, би айж байна ииийййййййййййййййн” хэмээн уйлсаар л байв.
Уйлж уйлж нэг мэдсэн зүүрмэглэж эхлээд суугаагаараа унтаж эхлэв. Нэг сэрэхэд бие нь маш их даарч, хөл гар нь бадайран хөшчихсөн байв. Эргэн тойронд нь чимээ аниргүй, өнөөх салхи хүртэл тогтоод бүр ч нам гүм. Харин агаар их л хүйтэрч, өвсөн дээр хар чийг унасан нь мэдрэгдэв. Даарсанаас болоод сэржээ. Босож хоёр гараараа мөрөө үрчин дулаацах гэж оролдсон ч нэмэргүй улам дааран бөмбөгөнөтөл чичэрч эхэллээ. Майкан дээр өмссөн биеийн тамирын цамц нь өдөр халуунд маш зузаан санагдаж байсан бол одоо хальс мэт, бараг нэмэргүй мэт санагдав. Моддын оройгоор одод гялалзан, од ийм тод байдаг билүү гэмээр харагдах ажээ. Ийнхүү босон суун, биеээ үрчин байсаар үүр дөнгөж тэмдэгрэхийг мэдэрлээ. Гэхдээ л доорх мөрөө харах боломжгүй хэвээр. Болгоомжтойхон уруудаж эхлэв. Газар нь энэ хавьд тийм ч огцом бишийг бодвол нэлээд доошилж ирсэн бололтой, тэмдэгрэх төдий гэгээнд модний мөчир мөргөчилгүй алгуур уруудаж байлаа. Газрын хэвгий улам багассаар горхи хоржигнох чимээ сонсогдов. Мод сийрч, тэнгэрийн хаяа харагдахад үүр цайх дөхөж байгааг мэдэрч маш их баярлажээ. Алгуур явсаар горхины дэргэд ирж зүлгэн дээр суутал зүлэг шал нойтон байлаа. Эндээ л нар гарахыг хүлээхээс хэмээн шийдэв. “Азаар энэ шөнө элдэв гай тохиолдсонгүй дээ гэж дотроо баярлавч тэр хэд намайг олдог л байгаа?” гэж бодлоо. Энэ шөнө түүний үхэлтэй хийх тэмцлийн дөнгөж оршил хэсэг байсныг тэрээр яахин мэдэх билээ. Түүний хамгийн том алдаа бол нөгөө хэдийгээ өөрийнхөө явж буй зүгт л бий, би ард нь байгаа, би л хоцорчихлоо гэж бодсоных байлаа. Ингэж байтал үүр гэгээрч эргэн тойрон харагдахаар болж ирэв. “Хаашаа явах вэ?” гэж бодох зуур гохины цаад эргийн бутан дундаас нэг амьтан гарч ирээд ус уулаа. “Хүүе тугал байна! Энэ хавьд айл байдаг юм байх даа гэж бодоод ухасхийн босвол өнөөх амьтан сүр хийн бутны цаагуур алга болов. “Өө, юун аймхай тугал вэ?” гэж тэрээр бодох нь ийм хар үүрээр ганц тугал явж байхгүй гэдгийг ч мэдэхгүйнх бөгөөд урьд нь бор гөрөөс гэж харж байгаагүй түүнд бүрэнхийд тугал шиг л санагджээ. Ингээд айл ойрхон байгаа гэсэн бодол түүнийг улам цааш явах түлхээс болов. Одоо замаа хараад байхаар гэгээтэй болсон юм чинь гээд явахаар шийдэж нүүрээ угаалаа. Духных нь хавдар арай гайгүй болсон ч хөндүүр гэж жигтэйхэн. Хамарынх нь дээд хэсэгт, хоёр нүднийх нь дунд цус наалдаад хатчихаж. Нүүрээ угаачихаад, шилбээ харвал бүүдгэр гэгээнд харин ч гайгүй харагдав. Горхины усаар хөлөө угаачихаад, оймс пүүзээ өмсөн бослоо. Ингээд горхио уруудан алхав. Айл мэдээж голын дэргэд л байгаа гэсэн бодол түүнийг хөтлөв. Тэрээр энэ горхи хаа хүргэхийг мэдэхгүй ч зүгээр дагаад уруудвал болох юм шиг санагджээ. Хүний бидоныг хаячаагүйдээ баярлан өнгийж харвал түүсэн жимснээс нь багахан үлдсэн нь харагдав. Сандарч гүйж байхдаа савчуулсанаас ихэнхийг нь асгачихаж. Хэдийг алган дээрээ гарган ам руугаа хийчихээд алхаж гарлаа. Өвсний шүүдэрт пүүз нь шалба норсонч үүр цайлгаж чадсандаа баяртай байгаа түүнд энэ бол юу ч биш санагдан алхаж байв. Тугал явж байсныг бодоход айл ойрхон л баймаар юм даа гэсэн бодолдоо хөтлөгдөн явсаар байлаа. Удалгүй нар мандаж өмнө нь харагдах уулын дээгүүр алтан цацрагаа гийгүүлэн гарч ирлээ. “Нараа! Чи ийм үзэсгэлэнтэй билүү?” гэсэн бодол зурсхийсэн нь урьд шөнийн харанхуйн аймшгийг ор мөргүй болгов. Горхио дагаад алхаад байтал горхи өргөссөөр дээгүүр нь харайж гарахад арай л боломгүй өргөн гол болж ирлээ. Холхоноос гүйж ирээд харайвал цаана гарч болмоор гэх юм уудаа.
Даваагийн гэр бүлийнхэн шөнөжин Алимааг хайж ойгоор хэрж, байдаг чадлаараа орилолдсон боловч олсонгүй. Сүрэн дэмий л:
-Яадаг хүүхэд вэ? Чоно нохойн хоол болчих вий дээ. Еэ эвий минь гэхээс хэтрэхгүй. Шүрээ аавынхаа нүүрийг харж чадахгүй “Дөнгөж ирэнгүүт төөрөөд байхдаа яадаг байнаа энэ Алимаа одоо. Олдвол аав уурлаад хөөж гэр лүү нь явуулна даа, аан ямар явуулах унаа байх биш намайг авахаар ирэхэд л явуулна л даа” гэж бодно.
Даваа: “За ёстой баларсан юм боллоо доо. Энэ хүүхэд осолдчоогүй байгаасай. Миний бүр эз нь татаад авч явмааргүй оргиод байсан юмаа” гэж халаглана.
Тэд шөнөжин хайсандаа ядарцгааж, нэгэнт өглөө болсон учир ойн цоорхойд барьсан гэрлүү гээ буцахаар шийдэв. Даваа найзынх руугаа явж нутгийн хүмүүсээс хүн олж ирэхээр болж, тэр хэдийг шөнө хайсан газраасаа арай цаагуур явж хайхыг зөвлөөд явлаа. Найзындаа хүртэл арваад км, ирж очтол бараг 4 цаг алхана. Үдээс хойш л эргэж ирэх бололтой. Шүрээ ээж, дүүтэйгээ жоохон юм идэж ууж аваад хайх ажилдаа эргэн гарлаа. Ингээд нутгийн хүмүүсээс морьтой 5 хүн дагуулж иртэл үдээс хойш ч болж, Шүрээ ээж дүүтэйгээ тэр хавиараа хайгаад олигтой юм юу ч олсонгүй. Харин Болдоо бутанд өлгөгдсөн Алимаагийн цагаан алчуурыг л олж ирэв. Тэд нар дунд ядаж мөр харчихаар мэдлэгтэй амьтан байсангүй. Ажигч хүнд бол Алимаагийн үсэрч харайж гүйсэн мөр байсан л байгаа даа.
Энэ хооронд Алимаа гол дагаж явсаар маш их ядарлаа. Хэр их хол явсанаа ч мэдсэнгүй. Шүрээгийн аав арваад км алхаад, мориор буцаж ирэх хооронд Алимаа элбэг 20 км алхсан байгаа. Тэрээр энэ гол нөгөө анх ирсэн айлын дэргэдүүр урсаж байсан гол байх нь хэмээн бодож төсөөлөв. Тэгэхээр энэ хавьд л тэр айл байх ёстой гэж бодон алхах нь түүнийг улам бүр алслуулан холдуулж байгааг яаж мэдэхэв. Түний дагаад яваа энэ гол бол Зэлтэрийн гол бөгөөд өмнөх айлын байсан гол бол Тарвагатайн гол ажээ. Тэрээр уулын эсрэг тал руу, ямар ч айл амьтан нутагладаггүй, унаа машин очих ямар ч боломжгүй аглаг хөвч дундуур урсах голыг даган алхаж байв. Голын дэргэд байгаа учир цангахын зовлон байсангүй, харин явдал дундаа үлдсэн жоохон жимсээ идчихсэн. Гэдэс нь өлсөхөөс гадна анх аваад өмсөж үзэхэд маш эвтэйхэн санагдаж байсан пүүз нь хөлийг өвтгөөд нэг л эвгүй. Хэсэг сууж амрангаа пүүзээ тайлж хөлөө үзвэл зүүн хөлийнх нь эрхий хурууний доороос өлмийнийх нь дунд хүртэл цэврүү үсрээд ус гүйчихжээ. Дарж үзвэл өвчтэй гэж жигтэйхэн. Энэ ус нь өвтгөөд байгаа байх гэж бодоод хумсаараа чимхэн арьсийг нь хэгзэлбэл тув тунгалаг шингэн урсан гарч байна.
-Аааааааааааааааааааааааааа! Ёоёоёоёоooooooo! Ямар аймаар өвддөг юм бэ? гэж дуу алдан орилов. Цэврүүг хагалхаар бүүр их өвддөгийг анх удаа үзэж байгаа нь энэ. Ус нь гарсан цэврүү голыг нь тасартал хорсгох ажээ. Өвдөлт нь арай гайгүй болох шиг болохоор нь оймсоо өмсөөд пүүзээ углах гэтэл дахин чассс хийж дуу алдтал өвдөв. Шүд зуун пүүзээ өмсөөд үдээсээ үдэв. Цааш явахаар алхах гэтэл гишгэх аргагүй өвдөж, хоёр нүдийг нь нулимс бүрхэн уйлж гарлаа.Ойр орчмоосоо тулчихмаар мод хайж хэсэг догонцон, өрөөсөн хөл дээрээ дэвхцэн явж байж нэг мод олов. Түүнийг тулаад гишгэвэл хөл нь хорсож өвдөж байвч цааш явахгүй бол дахиад шөнө болно гэхээс хөлний өвдөлт юу ч биш санагдан зоригтойхон гишгэлээ. Халуу дүүгэн хорсож байснаа арай дээрдэж, хазганан цааш явлаа. Өсгийдөж гишгэсээр өмнөхөөсөө арай удаан ч гэсэн алхасаар байв.Гэдэс нь өлсөх нь улам нэмэгдэж юм идмээр санагдаж эхлэв. Өчигдөрийн жимс, хөдөөний айлын тавагных нь халтараас сэжиглээд идээгүй боорцог хүртэл нүдэнд нь харагдаад, Шүрээгийн ээжийн өчигдөр өглөө өгсөн салат бодогдоод урагш гишгэхэд хэцүүтэй байлаа. Голын эрэг рүү тонгойн ургасан бургас маягийн модны дэргэдүүр өнгөрч явах үед нүдэнд нь жимс харагдав. Өчигдөрийн амттай жимсийг хий харж байгаа юм байхдаа гэж бодоод сайн хартал тэр мод дүүрэн жимстэй мод байв. Баярлаад хэсгийг угз татан авч амандаа хийн хазтал шүд нь тас хийн, нэг хатуу юм шажигнаад явчихлаа. “Ёоё юу вэ?” гэж бодох зуур аманд нь мойлны амттай шүүс мэдрэгдэж “аан энэ чинь ястай мойл байна шүү дээ” гэж бодлоо. Ястай юутай нь тургиж хаячихаад дахин хэсгийг амандаа хийн шимж гарав. Хэсэг идээд ам нь зуурч заваарч эхэлмэгц жимс хэдий амттай ч нэг их хоол болдоггүйг анзаарлаа. “За ямар ч байсан бидондоо сайн хийгээд авая, юу ч идэхгүй хоосон явснаас л дээр юм” гэж бодоод нэлээд түүлээ. Ингээд цааш явахгүй бол бас удахгүй орой болчихно гэхээс нуруу нь хүйт даан эвгүйцэв. Тулдаг модныхоо дээд ацанд бидоноо зүүчихээд хазганан явлаа. Гэнэт сүр сар хийх чимээ гарч голын цаад эргээр нэгэн нарийхан шилбэтэй амьтаныг хөлийг нь сэрийлгэн хүзүүгээр нь амандаа зуусан саарал нохой хэд харайгаад модон дундуур алга болов. Хэсэг гайхаж зогссоноо “Яанаа! Амьтан барьсан чоно байна ш дээ!” гэсэн бодол зурсхийн хурдхан холдохын түүс болов. Бор гөрөөсний янзага барьсан чонотой харин ч голын энэ талд халз таараагүй нь аз. Айснаас болоод хөлнийхөө өвчинг мартан маш хурдан гүйлээ. Өнөө өвдөөд хазгануулаад байсан хөл зүгээр болсон мэт харайж гарав. Нэлээд гүйгээд амьсгаагаа дарж зогслоо. Нар уулын цаагуур орж эхэллээ. Хүн амьтан байвал сонсох байх гэж бодоод байдаг тэнхээгээрээ хашгирч гарав. Цааш алхах замдаа хашгирсаар л байлаа.
-Хүн байна уууу ууу? Туслаааааараааай! Аааааааааааааа! Хэхэээхээээээй.
Бас зөндөө удаан хашгирч, гуугалж явсан боловч ямар ч хариу чимээ алга. Сүүлдээ хоолой нь сульдаж цуцаж эхлэв. Хэсэг дуугүй алхалаа. “Айл таармаар юм даа? Энэ гол чинь яасан хөндийд гардаггүй юм бэ? Өчигдөрийн айл чинь ойгоос хамаагүй зайтай байсан ш дээ” гэж бодох нь ойн цоорхой дахь гэрт нэг, хээр нэг хоносоноо мартсан уу, тэр айлд өчигдөр байсан л гэж бодоод байжээ.
Нар бүүр жаргаж бүрэнхий нөмөрч эхлэв. “Дахин хээр хонох нь дээ” гэсэн бодол толгойд орж ирэхэд нурууных нь үс босох мэт болж дотор нь харанхуйллаа. Өчигдөр их даарснаа санан хоргодох газар олох хэрэгтэйг ухаарав. Эргэн тойрноо ажиглан шүүрдэж нэгэн хөгшин модны ёроолд хүн ороод суучихмаар ховилтой болохыг харав. Тийшээ очиж дотор нь сууж үзвэл араасаа нөмөртэй ч урдаасаа халхалах юмгүй бол даарах шинжтэй. Өндөр өндөр ургасан өвсийг зулгааж овоолбол болох мэт санагдаж өвс зулгааж эхэллээ. Харанхуй болохоос өмнө өөрийгөө хучиж болохуйц их өвс зулгаах хэрэгтэй хэмээн яаравчиллаа. Бүдүүн ширхэгтэй өвс зулгаахад маш төвөгтэй, заримдаа гарынх нь арьсыг исгэн шигдэж хорсгоно. Нэгдүгээрт даарахгүй, хоёрдугаарт араатан чоно ирвэл харагдахгүй гэсэн гэнэн бодол толгойд нь орж, айдсын улмаас өвчинг мэдэрэхгүйгээр зулгааж байв. Сүүлдээ хоёр гар нь тэсэхүйеээ бэрх өвдөж эхлэхэд сая ухаарвал овоо өвс зулгааснаас гадна дахин зулгаах тэнхэлгүй болжээ. Хоёр сарвуу нь одоо атгая ч гэсэн хүнийх юм шиг болчихов. Зулгаасан өвсөө нөгөө модныхоо дэргэд зөөж аваачин, ховил дотроо суун өөрийгөө хучлаа. Харуй бүрий болжээ.

Labels:

Monday, July 07, 2008

Жимс

Би зохиолч хүн биш учир зүгээр өөрийнхөөрөө л манай садангийн нэг гэр бүлд тохиолдсон явдлыг энд өгүүлэхээр шийдлээ. Ойрд хичээл ном завсарлаад ажил багатай, гэрийнхнийгээ Монголоос ирэхийг хүлээнгээ цаг нөхцөөж байгаа ухаантай. Мэдээж хүмүүсийн нэрс, бас бус үйл явдлуудыг жоохон өөрийнхөөрөө зохиосон боловч яг болсон нь бодит юм шүү. Энэ охин одоо хаана явдгыг би мэдэхгүй ч манай хамаатны анагаахад сурсан охин төгсөөд эмч болсон.

Алимаа их сургуулийн хуваарь авч хүссэн сургуульдаа орох болсондоо туйлын баяртай байв. 8-р сарын сүүлээр сургуульдаа очиж бүртгүүлэхээс өмнө хэд хоног хийх онц ажилгүй гэртээ л баахан уйдсан хүн сууна. Аав ээж нь уулын баяжуулах үйлдвэрт ажиллах учир өглөөгүүр яаран сандран ажилдаа явцгаагаад орой ядарсан улс орж ирдэг ажээ. Тэрээр 9-р ангиасаа хотоос шилжиж ирсэн болохоор энэ төгссөн ангийнхантайгаа тийм ч дотно биш, харин хотын хуучин ангийнхныгаа маш их санаж, намар сургуульдаа очихоорооо хотод үлдсэн найзуудтайгаа уулзана даа гэж яарна. Харин энэ төгссөн ангиасаа зэргэлдээ байранд суух Шүрээтэй арай л ойр, хавар хичээлээ давтах, сургуульдаа ирж очиход байнга хамт явдаг байсных болов уу.
Нэг л уйдаад байхаар нь Шүрээтэй ярихаар шийдээд утас шүүрч авлаа.
-Байна уу? Шүрээ юу?
-Байна тийм байна. Хэн бэ?
-Аан, Алимаа байна аа, найзынхаа дууг ч танихаа болио юу даа?
-Хэхэ, үгүй ээ, манай энэ утас аль дивангарын орос аппарат л даа, жоохон шуугиад сайн сонсогдохгүй юм. Чамаар юу байна? Намар сургуульдаа явах бэлтгэлээ базаачихсан уу?
-Өө, тэр талаар санаа зоволтгүй ээ, манай ээж бүгдийг нь зохицуулна л гэсэн. Харин чи яаж байна? Анагаахад сурахад ч их л хүнд байх даа, гэхдээ миний найз толгойтой юм чинь алзахгүй байлгүй дээ.
-Би яахав дээ, аав ээж хоёр сандраад л байна. Чи ямар манайхыг мэдэхгүй биш, аав маань цэргийн хүн залуугаараа тэтгэвэрт гарчихсан, ээжийн цалинг хараад ямар бүтэх биш. Харин манай гэрийнхэн Хантайн¹ нуруунд очиж жимс түүх гэж байгаа. Тэнд энэ жил жимс самар маш их байна гэнэ. Манай аав гэрээрээ очиж жимс самар түүгээд миний сургалтын төлбөрийг хийх юм байхаа. Найз нь амарч ч чадахгүй л сургуульдаа явах нь дээ.
-Хөөх тийм үү? Хэд хоног явах юм бэ?
-Би ч хамт яваад долоо юмуу арав хоноод л ирэх санаатай байна. Ирээд бас бэлдэх юм их байна. Аав ээж, эрэгтэй дүү гурав үлдээд дахиад нэг долоо хонох байхаа.
-Хөөх яасан гоё юм бэ? Би ойд очиж жимс самар түүж ёстой үзээгүй, танай аав ээжийг гуйвал намайг аваад явах болов уу? Найз нь танайханд дараа болохгүй ээ, ямар нээх их жимс түүх гэж байгаа биш, хоол хүнсээ аваад явчихна. Гол нь ойд байгальд хэд хоног тааваараа амраад, чамд бас бага сага туслаад ирвэл л боллоо. Чи нээрээ аав ээжээсээ гуйгаад өг л дөө. Хоёулаа цуг явбал хөгжилтэй шдээ, тэгэх үү? гэж нэг амьсгаагаар дуржигнуулав.
-Харин ээ, за би ааваасаа асууя. Найз нь ямар шийдвэр гаргах биш, аав л юу гэнэ тэрүүгээр болно ш дээ хэхэ.
-За миний найз сайн гуйгаарай, найз нь юм бэлдэнээ. Ингэхэд хэзээ явах билээ?
-Энэ ирэх хагас бүтэн сайнаар явна.
-Аан за, за найз нь бас аав ээждээ өнөөдөр хэлнээ. За бака.
Шүрээ “Аав зөвшөөрөх болов уу яах бол, уг нь Алимаатай явбал тэр бөглүүд газар хөгжилтэй уйдахгүй юм даа. Надтай цуг буцаад ирнэ биз, өө нээрээ Алимааг тэгээд гэрт хонож чадах юм уу гэж асуудаг байж. За за хэдхэн хоног хөдөө гэрт хонож чадахгүй хэн л байв гэж. Харин ээжийн дэргэд гуйвал аав зөвшөөрөх байх, ээжийг ирэхээр хэлнээ ерөөсөө” гэж бодов.
Орой нь тэднийхэн гэртээ цугларцгааж Шүрээ ээждээ хоол хийхэд нь туслангаа хэлэв.
-Ээж, манай ангийн хотоос шилжиж ирсэн Алимаа бий ш дээ.
-За, нөгөө үйлдвэрт даргаар ирсэн хүний өндөр цагаан охин уу?
-Тийм. Тэр бидэнтэй цуг жимсэнд явъя гээд байна. Би тэнд очоод уйдах байх, хамт явбал болно биз дээ?
-Еэ мэдэхгүй, хот газрын танхил охин чадах юм болов уу даа? Ядарлаа цуцлаа, өвдлөө гээд унахгүй байгаа?
-Өөрөө хоол ундаа бэлдээд явна гэсэн, ямар нээх жимс түүгээд ажиллаад байх биш, түүснээ идээд л амарч байгаад ирэхэд юунд нь ядрахав дээ. Би найзтайгаа явбал хөгжилтэй ш дээ. Ээж та аавыг зөвшөөрүүлээд өг тэх үү? гэж эрхлэв.
-За за чи өөрөө л аавдаа хэл, ээж нь хажуунаас нь дэмнэе, аав нь зөвшөөрөхгүй бол ээж нь яаж ч чадахгүй шүү дээ гэв
Хоолоо идэхээр ширээнд сууцгаахдаа Шүрээ ааваасаа гуйхаар зориглон:
-Аав, манай ангийн Алимаа надтай цуг жимсэнд явъя гээд байна. Надад ч ханьтай хамт аваад явъя тэгэх үү?
-Юу гэж байгаа юм? Ямар амралт зугаалгаар явж байгаа биш. Хэний хүүхэд билээ?
Ээж нь:
-Аан үйлдвэрт шинээр ирсэн даргын охин. Манай охины хичээлд туслаад байдаг яагаав.
-Аан, манай охин л харин тусалсан юм биш үү аан?
-За аав, би ямар нээх лаг биш юу яриад байгаан. Тэр чинь сурлага сайтай, англи хэлэнд ёстой ус цас, удахгүй их сургуулиасаа гадаадад явж сурах юм гэсэн. За аав тэг л дээ тэр тэгтлээ ядраад байх бишдээ. Харин ч агаарт амраад ирье гээд байгаа юм. Аав ээж нь завгүй болохоор олигтой ч амарч чадахгүй гэртээ уйдаад байна гээд байгаа юмаа.
-Үгүй тэгээд ээж аав нь зөвшөөрөх юмуу? Тэр тансаг айлын охин чинь хоол унд яах юм болж байна? Өвдөж хавдвал яах юм? Яршиг яршиг бөөн дараа.
-Үгүй ээ, өөрөө хоол ундаа бэлдээд явна гэсээн. Юундаа өвдөж барьдийн, тэр чинь сагс, волейбол сайн тоглодог, биеийн тамиртаа сайн, чийрэг охин байхгүй юу. Тэгээд байвал би ч явахгүй, та гурав л яв. Би тэр уйтгартай газар чинь юугаа хийхийн уйдаж үхнэ.
Ээж нь дэмжинэ гэсэн болохоор хэд гурван үг дэмий л хэлэхээс хэтэрсэнгүй. Аав нь хэсэг бодол болж байснаа “за тэгвэл ааваасаа манай охиныг аваад явахыг зөвшөөрч байна гэсэн бичиг аваад ир гэж хэл. Тэгвэл яахав болох юм.” гэв. Тэрээр том даргын хүүхэд юу л гэж аав ээж нь зөвшөөрдөг юм. Ингээд дарагдах биз гэж бодсон нь эндүүрэл болов.
Ингээд хагас сайн болж тэд явах бэлтгэлээ базааж дуусаад унаагаа хүлээж байх зуур аялалын хувцас өмссөн Алимаа аяны үүргэвч, аяны хөнжил, халуун хүйтнээ барьдаг аяны хайрцагтай хүнс зэргээ аавынхаа жолоочоор хүргүүлж ирэв. Тэрээр эгээ л нэг барууны жуулчин аятай харагдах ажээ.
-Сайн байна уу, Даваа ахаа? Би хоцрох нь гэж сандраад яарч ирлээ. Аав намайг явж болно гэсэн. Таньд энэ захиаг өгүүлсэн гээд дөрөв нугалсан бичиг өгөв. Даваа: “Энэ золигийг одоо яанаа, бас нэг харж хандах хүн гарч ирлээ, за за одоо яая гэхэв, хэрэггүй л бичиг сачиг гэлээ” гэж бодон бичгийг авч уншив.
“Сайн байна уу? Манай охин тан нартай жимсэнд явна гэж шалаад бүр болдоггүй ээ. Хэрэв та бүхэн авч явахад татгалзах зүйлгүй бол би зөвшөөрч байнаа. Манай охиныг харж хандаад салхинд гаргаад ирвэл маш их баярлах байна. Ирээд надтай тухтай уулзана биз дээ. Дугар” гэж гарын үсгээ таталсан байв.
Ингээд тэд УАЗ фургонд юмаа ачаалаад хөдөллөө. Өдөржин давхисаар орой харуй бүрий болж байхад зорьсон газраа очсон нь бүрэнхийд сүглийсэн хар уулсын дунд цэнгэг устай Тарвагатайн голын дэргэд дэнж дээр хоёр гэрээр буусан айлд ирэв. Энэ нь Шүрээгийн аав Даваагийн амины хэдэн малаа тавьж маллуулдаг найзынх нь байлаа. Тэндээ хоноод маргааш нь тэд жимс түүх уул руугаа хөдөлжээ. Найз нь жимстэй ууланд ойн цоорхойд жижиг гэр барьж бэлдсэн аж. Ингээд тэд удалгүй жимсэндээ хүрч амсхийгээд гарч орчинтойгоо танилцаж, жимс хаагуур түүвэл дээр байгааг тандахаар гарцгаав. Алимаа Шүрээтэй цуг аавыг нь даган баруун тийш гарч, эрэгтэй дүү нь ээжтэйгээ цуг зүүн тийш явав. Ойд жимс түүхээр анх удаа очиж байгаа Алимаад бүх юм нь сонихон, тэндэхийн байгалийн үзэсгэлэн, агаарын үнэр, шувуудын жиргээн бүгд үгээр хэлэхийн аргагүй тансаг байлаа. Эхний өдөр танилцах маягаар ийнхүү өнгөрч тэд эргэж гэртээ ирээд оройн хоолоо идээд унтацгаав. Маргааш өглөөнөөс эхлээд ээж дүү нарынх нь очиж үзсэн зүүн талын өндөр уулын араар жимс түүхээр болжээ.
Алимаа уул руу явах замдаа тэр ч эрвээхэй, энэ ч цэцэг гэж гоё харагдсан бүхнийг сонирхсоор чухам яаж яваад байгааг ч анзаарсангүй уулын ард иржээ. Тэнд нь үнэхээр үхрийн нүд гэдэг амтлаг жимс усан үзмийн тариалан шиг л багсайн ургажээ. Алимаад 3 литрийн бидон бариулаад түүхээ түүгээд идэхээ идээд тааваараа явж бай гэсэн учир жимсэн дунд жаргаж өгөв. Ингээд бүгд ажилдаа шимтэн бутан доогуур шургацгаалаа. Үдийн алдад Даваа “Хүүхээд, бүгдээрээ цай ууж хэсэг амрая” гэж дуудан асга хадтай хэсэгт цугларан сууцгаалаа. Энэ жилийн жимс сайн ургасныг бүгд гайхан шагширах аж. Алимаад бол их бага гэж ямар хэмжээг хэлдэгийг ч мэдэх юм байсангүй, энд ирсэн нь түүнд маш сайхан санагдаж байв. Шүд ам, гар, тэр ч байтугай хамрынх нь үзүүр хүртэл жимсний будганд хөхрөөд үнэн инээдэмтэй болжээ. Шүрээ баахан шоолж хөхрөв.
Эргээд бүгд жимсээ түүхээр өмнө түүснээ 40 литрийн бидонд хийхэд талаас жоохон доогуур болжээ. Хагас өдөрт хүний 5 литр шахам түүнэ гэдэг овоо л их жимстэй байгааг илтгэнэ. Алимаа 3-ын бидоноо ч бараг дүүргэх шахсан байв.
Даваа:
-Ядраагүй биз? Орой бүрий болтол түүцгээнэ шүү. Сайн идэж ууж аваарай гэв
Ингээд буцаж өнөөх газар луугаа явахад Алимаа бас л өмнө нь үзсэнээ сая л харж байгаа мэт ийшээ ч гүйж, тийшээ ч дэгдсээр түрүүний очсон газраасаа арай цаахна хүрсэнийг ч анзааралгүй очив. Шүрээгийн аав ээж, дүү гурав нь ч ажилдаа шамдан орж, Шүрээ тэр хоёр зэргэлдээ хоёр бутанд сууж авлаа. Алимаа үдээс өмнө маш их жимс идсэн болохоор одоо хэл нь жоохон хорсож идэх сонирхол төрөөгүй учир түүж гарлаа. Гар тнь өргөс орох, явган суухад хөл нь чилэх гэх мэтээр энэ нь тийм ч таатай жаргалтай ажил бишийг сая л анзаарав. Нэг харсан Шүрээ нэлээд цаашилсан харагдав. Аав ээж нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, харин дуу нь их л ойрхон сонсогдох аж. Шүрээгийн ээж хааяа өнөө охин хаана байна гэж өнгийж харахад доохно талд нь Алимаагийн цагаан алчуур бутан дунд тод харагдах ажээ. Ингээд тэд ажилдаа шимтсээр хааяа нэг нэгнээ дуудан чимээ авалцаж байв. Дуу нь бага зэрэг холдож байгаа хэдий ч нэг нэгнээ хаана байгааг төвөггүй мэдэж болохоор сонсогдоно. Алимаа жоохон ядрах шинжтэй болохоор нь жимсний бутнаас гарч тэгшхэн газар олоод хэсэг суув. Тэгээд гэдэргээ харж хэвтвэл моддын дундуур дээр харагдах үүлс нүүх нь ой модод тэр чигтээ хөдлөн явж байгаа мэт маш сонин харагдахуйд дотроо инээн яасан сонин юм гэж бодож байтал нүд нь анилдаж эхлэв.
“Алимаа хаана байнаа? Одоо явцгааяаа” гэх дуунаар сэрвэл нар жаргаад ууланд сүүдэр буужээ. Дороос нь чийг татан норох маягтай болсон нь хүйт оргин, гэнэт цочиж сэрсэндээ хаанаас дуудсаныг ч анзааралгүй дуу доороос л гарах шиг болсон учир уруудан буулаа. Дахин нэлээд цаана “Алимаа!” гэх Шүрээгийн дуу гарлаа.
-За одоо очлоо гэж тэрээр хашгирав. Тэгээд улам хурдлан буулаа. Бидоноо нэг гартаа барин, уруу газар тэнцвэрээ олох гэж савчуулан дэгэж гарав. Хэсэг гүйгээд
-Та нар хаана байнаа? Гэж хашгирвал хариу чимээ гарсангүй. Энүүхэн доороос л дуудах шиг болсондоо гэж бодон чимээ чагнавал нэлээд бөглүү цаана “наашаа яваа!” гэх нь Шүрээгийн эрэгтэй дүү юмуу аавынх нь дуу аль нь болох нь мэдэгдсэнгүй. Алимаа “сонин юмаа, энэ доороос л дуудаад байх юм, тэгээд хүлээхгүй цаашаа яваад байдаг нь яаж байгаа юм болоо гэж бодон дахин нэлээд дэгдэн уруудлаа. Тэрээр ойд цуурайтаж дуу эсрэг зүгээс дуудах мэт сонсогдсоныг анзаарсангүй, бас ирэхдээ чухам яаж тэр газар хүрч ирсэнээ ч анзаарсангүй, бодвол өгсөөд байх шиг байсан болохоор уруудаад байх ёстой гэж боджээ. Үнэндээ тэд уулын эсрэг талаас өгсөж ирээд давангуутаа жимсний модонд орж, түүх тусмаа уулын ар луу уруудаад байснаа анзаарсангүй. Өөрөөр хэлбэл ирсэн зүгийнхээ эсрэг зүгт яваад байгаагаа ч анзаарсангүй гүйхээрээ дэгдэн уруудсаар байлаа.
-Та нар хаана байнаа! Намайг хүлээ л дээ! гэж хашгирав. Энэ удаад хариу сонсогдсонгүй. Эсрэг талд харагдах уулын оройд тусаж байсан нар алга болоход ойд бүрэнхий нөмөрч эхлэв. Тэрээр бага зэрэг сандравч хурдхан буугаад очвол тэднийг гүйцнээ гэж бодон дэгдсээр байлаа. Хоёр ч удаа бүдчин бөгсөөрөө суун тусахдаа бидоноороо чулуу цохиж бидон нь хонхойв. Бөгс жоохон өвдсөнд, “за энэ муу бидон ч яахав, болдогсон бол хаячихсан ч гарзтай юм биш” гэж бодсоноо “ за хүний юмыг тээр болоод хаячихлаа гэлтэй нь биш” гэж бодсон нь түүний аминд орох ганц аврал болно гэдгийг ч ухаарсангүй. Хааяа шувуу жиргэхээс өөр чимээгүй ой дүнсийнэ.


¹Хантайн нуруу гэж Булган аймгийн Сэлэнгэ сум, хуучнаар Ингэттолгойн сангийн аж ахуйн хойд талаар байх хөвчийн уулс.



Labels:

Thursday, July 03, 2008

Нохой хамартаа хүрэхэд "усч" гэж.

Гэрээсээ хол хүний нутагт удаан хугацаагаар суухад гэрийн хоол, монгол хоолоо үгүйлэх үе гардаг. Гэртээ тэр бүр хоол хийгээд байдаггүй хүн чинь ийм үед л "усч нохойн" үлгэрээр хоол хийх хэрэг гарах юм даа. Хүний газар түр амьдрах хүнд тогоо шанага тэр бүр цуглуулаад байх хэцүү учир гарын дор байдгаар нь нэг будаа агшаагчтай болсон минь хэд хэдэн төрлийн хоол хийхэд хэрэг болдог болов. Зөвхөн будаа агшаах биш "лапша", тэр ч байтугай "цуйван" хийдэг болсон юм. Ингээд хэрхэн цуйван хийсэн аргаа толилуулав. Туршаад үзэхэд гэмгүй шүү хэхэ.

Хоолны маань орцонд сонгино, мөөг, лууван, төмс орно. Хоёр хүн идэхээр хоол хйихэд багавтар будаа агшаагч их тохиромжтой шүү. Луувангийн дэргэд байгаа "терк"-аар луувангаа үрж хийхэд залхуу надад их нэмэртэй байдаг юм хэхэ.

Ингээд дээрх ногоонуудаа хэрчиж будаа агшаагчдаа хийгээд ургамалын тос хийгээд таглана. Харин цуу бол миний байнга хэрэглэдэг амтлагч байгаа юм.

Ингээд дараагийн хоёр орц бол хэсэгхэн байцаа, бэлэн гурил. Солонгосд ийм бэлэн гурил дэлгүүр бүрт байдаг юм. Яг бидний иддэг хэрчсэн гурил. Энэ гурилгүй бол өөрөө зуурч элдээд хэрчинэ гэдэг ямар нүсэр ажил билээ дээ? Ногоогоо 2-3 мин болгоод сайн хутгаж хуурна.

За ингээд хоолны маань хамгийн гол зүйл бол мах шүү дээ. Монголчууд бид махгүй бол хэр удаан амьдрах болоо. Ингээд махаа хийж хутгаад дахин 2-3 мин жигнэнэ. Энэ хооронд бэлэн гурилаа жижиглээд тос хийж багсарна. Гурилаа тослохгүй бол хоорондоо наалдах учир энэ хоолны маань гол хэсэг шүү.
Махны шүүс гараад ирэхэд нь бага зэрэг цуу хийвэл их зүгээр. Аан бас давсаа өөрөө тааруулж хийгээрэй. Би нэг цайны халбага дундуур давс хийдэг. Ингээд дээр нь буцламгай ус (би ус буцалгагчаар буцалгаж бэлддэг юм) нэмж мах ногоогоо арай далд орохооргүйгээр нэмнэ. Хэт их хийвэл цуйван маань нялцгай болно, багадвал гурил түүхий болно шүү. Ингээд дээр нь хэрчсэн байцаагаа хийнэ.

Дээр нь гурилаа хийгээд будаа агшаагчаа таглаж, уур гардаг нүхийг нь алчуураар таглаж өгвөл гурил нь түүхийрэхгүй байх гэж бодсон. Ингээд хоолоо бэлэн болохыг л хүлээх үлдэнэ. Энд хамгийн таатай нь түлэгдэх болов уу, хэзээ хоол болох бол гэж санаа зовох хэрэггүй. Будаа агшаад бэлэн болдог шиг будаа агшаагч маань "под" гээд дуугарна. Хоолоо шууд гаргалгүйгээр 2 мин орчим хүлээгээд нээгээрэй. Хоолоо хутгаад үзэхэд ёроолдоо түлэгдсэн зүйлгүй их сайхан болсон байдаг юм. За таалагдсан бол туршаад үзээрэй. Таалагдахгүй бол миний буруу биш шүү хэхэхэ.

Labels:

Wednesday, July 02, 2008

“Нэг хэсэгтээ чавхдас маань тасарлаа. Хэзээ эгшиглэхийг хэлж мэдэхгүй байна”

“Нэг хэсэгтээ чавхдас маань тасарлаа. Хэзээ эгшиглэхийг хэлж мэдэхгүй байна” гэж Морин хуурын чуулгын удирдаач, Ардын жүжигчин Ч.Батчулуун гуай уйлан ярьж байна. Блогчидоо, Монголчуудаа биднийг гадаадад сурталчилж, бидний нүүр царай болж байдаг Морин хуурын чуулгадаа хандив өргөцгөөе.
Зэрлэг, балмад явдлын улмаас үлэмж хохирсон Монгол Улсын Филармони /Баян Монгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг, Морин хуурын чуулга/, Уран зургийн галерей, Соёлын төв өргөө зэрэг байгууллагуудад туслахыг УРИАЛЖ байна.
МҮХАҮТанхим 7 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө адал балмад явдлын золиос болж үнэлж баршгүй хохирол амссан Монгол Улсын Филармони /Баян Монгол чуулга, Соёл Эрдэнэ хамтлаг, Морин хуурын чуулга/, Уран зургийн галерей, Соёлын төв өргөө зэрэг байгууллагуудад тусламжийн гараа сунган хандив өргөж дээрх байгууллагуудыг хэвийн үйл ажиллагаандаа орох нөхцөл бололцоог нь хангахад туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг соёл урлагт хайртай, урлагийг хүндэлдэг Монголын нийт аж ахуйн нэгж, байгууллагууд, ард иргэдэд хандан уриалж байна.
Хандивыг дор дурдсан МҮХАҮТанхимын дансаар болон МҮХАҮТанхим дээр хүлээн авч байна.
Дансны дугаар: Худалдаа Хөгжлийн Банк, 499 008 716, МҮХАҮТанхим
МҮХАҮТАНХИМ
УРЛАГ СОЁЛ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ
МҮХАҮТанхим, Гишүүнчлэл, Маркетингийн Товчоо
Хаяг: Ж.Самбуугийн гудамж, Засгийн Газрын 11-р байр, 709 тоот
Утас: 313300
Факс: 324620
И-мэйл: marketing@mongolchamber.mn

Labels: