Thursday, June 05, 2008

Найз "Хампаан"-аа дурсахуйд














(Зурагны ард: Отгоо найздаа. Хамт өнгөрүүлсэн өдрүүдээ бүү мартаарай. Аз жаргал хүсье!)
Анх би зурагтаар л олон харсан “Парик” хэмээх содон хочтой энэ хүнтэй НИК ХК-ий Цахим техникийн хэлтэст ажиллаж байхдаа НИК дээр ажил хөөцөлдөж явахтай нь таарч танилцсан юм. Түүнээс хойш надаас хэдий олон ах ч гэлээ яг л үеийн найз шиг хандаж, хүүе хаая, юу байна гэх мэтчилэн мэндтэй устай, хааяа ч ганц хоёр лонх юм хувааж ууж явсан билээ.
Хүний хувьд гэгээн цайлган, үргэлж л хүмүүсийг инээлгэж, алиалж, заримдаа ч үнэн марзан хүн шүү, одоо болъёо гэтэл элэг хөшөөдөгсөн. Нэг удаа бас нэг найз ах хүү маань мартын 8- ыг бүгдээрээ гэр бүлээрээ тэмдэглэе, чи эхнэртэйгээ хүрээд ир гэж урьсанаар нэгэн ресторанд цугларлаа. Тэнд Хэнтий нутгийн алдарт дуучид гавъяат Түвшинтөгс (бид нэг жил 10 төгссөн үеийнх бөгөөд, италид Триеста хотод 1995 онд танилцсан найзууд), гавъяат Эрдэнэбат нар, “Парик” маань эхнэртэйгээ, мөн намайг урьсан найз ах хүү эхнэртэйгээ баяр тэмдэглэв. Эрдэнэбат гавъяат “Парик” хоёр нэгнээ үгээр идээд, тэр хавийн хүмүүсийг элгийг авах дөхөж билээ. Жишээ нь гавъяатын өмссөн их гоё тоглолтын пиджакыг хараад “ хөөе чи наад пиджак гамтай өмсөөрэй, юмгүй байж гуйх дуртай, хүний ганц цайны пиджак муухай болгочихов” гэж ирээд хэнэггүй авна даа.
Хөгжмийн аянд бүжиглэх болтол “Парик” маань “өө одоо бүгдээрээ эхнэрээ сольж бүжиглэнээ” гээд манай хүнийг уриад гарч өглөө. Би ч ах хүүгийн эхнэрийг уриад бүжиглэлээ. Хөгжим дуусч бүгд суухад манай хүн хөхрөөд байнаа. За яав гэтэл “Одтой бүжиглэх гоё байна уу?” гэнээ гээд инээж байна. Үнэндээ үнэхээр л олны танил хүн болохоор тэр ресторанд байгаа бүх хүний анхаарлын төвд, гэхдээ хэзээ ч хүнд муухай сэтгэгдэл үлдээдэггүй хүн байж. Зарим хүн яасан онгироо юм ч гэж бодож магадгүй, гэхдээ ердийн байж байгаа нь л тэр. “Одоо намайг мэдэхгүй хүн байх биш, за яадгийн толгойны стриптиз үзүүлнээ. Саап!” гээд парикаа аваад шидчихнэ. Тэр хавьдаа л бөөн инээдэм.
2002 оны хавар, би нэг ажлаар Дундговь аймагт явж байлаа. Аймгийн зочид буудалд бүтэн сайн учир амрангаа Оросын “Орбита” сувгаар эртний хүн дүрст бичнүүдийн амьдралыг харуулсан компьютер графикийн кино үзээд хэвтэж байтал гэнэт тог тасарчихав. За хийх юмгүй боллоо гээд хэвтэж байтал “Өөөө шийт!” Хачин гоё юм гарч байхад яагаад тогоо тасалчихваа гэх танил дуу коридорт гарлаа. Би ч өрөөнөөсөө ухасхийж гараад “Хүүе, сайн уу? Энд юу хийж явнаа?” гэтэл “ Хөөе, хампаанаа (байнга хэлдэг үг нь) сайн уу?” гэнгүүтээ микрофонгүй хоосон гараа амандаа тулгаад “Олон улсын сэтгүүлч Жаргалсайхан мэндчилж байна. Тулах цэг студийн “Центавр” танин мэдэхүйн нэвтрүүлгийг Дундговьчуудын дунд зохион явуулаад дууссан учир унаа байхгүй энд ингээд хэвтэж байнаа” гэж авав. Би ч “аан тийм үү, би маргааш Дундговийн Гурвансайхан ороод буцаж аймаг дээр ирээд хот руу явна. Гурвансайханд хүнээ буулгачаад өөрөө ганцаараа буцах нь, юун сайн юм хамт явъя гэлээ. Ингээд хуучин “хампаан”-тайгаа зам нийлж аваад Гурвансайхан явлаа. Би ч урьд нь очиж үзээгүй газар луугаа газрын зураг, GPS хоёроор л зам заалгаж явдаг, энэ зүгт л явах юм байна гээд гарч өглөө. Манай хүн миний машины GPS-ийг энэ юу вэ? гээд их гайхаж байна. Би тоглоод байна, дэлхий тойрсон хүн GPS мэдэхгүй гэж юу байхав, гэж бодсон ч “Global Positioning System гэж дуулаагүй ээ? Энэ чинь сансрын хиймэл дагуулаас миний байршлыг газрын гадаргуу дээр 5метр нарийвчлалтай тодорхойлж өгдөг юм. Би хаана яваа, хаашаа аль зүгт явахаа энүүгээр л заалгана ш дээ” гэтэл “Өө за за, чи өөрөө GPS за юу (бас л байн байн хэлдэг үг нь) Би дэлхий тойрсон хүнд гар гээд онгироод байсан ийм юм мэддэггүй байсан байна. Энэнтэй басан бол бид олон км төөрч будилахгүй дэлхий тойрох байж” гэж авч байна. GPS-ий дэлгэц дээрх DUGUSA гэсэн бичгийг хараад “Что за ДУГУСА?” гэж асууж байна. Би “аан Дундговь Гурвансайхан гэсэн товчлол, бид тэр сум руу явж байна” гэхэд “Өөөө чи өөрөө ДУГУСА, энэ чинь яасан ухаантай эд вэ?” гэнэ.
Ингээд Гурвансайханд хүнээ буулгачихаад би: “Хоёулаа энүүхэн хойно байгаа Их газрын чулуу (Дундговьд байдаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэг)-гаар ороод гарая, энд ирсэн улс байна, Монголынхоо нэг газрыг үзээд явъя даа” гэхэд “өө тэгэлгүй яахав, бас тийм газар байнаа? Би чинь овоо юм мэддэг гэж бодсон чинь ёстой юу ч мэддэггүй хүн байх нь” гээд л инээв. Ингээд GPS заасан зүгт авто зам байхгүй ч тэв тэгшхэн тал газраар давхиж явтал хаврын уруйны усанд идэгдсэн жалга руу гэнэт тулаад ирлээ. Би ч жалга руу тормозлож амжилгүй машинтайгаа харайгаад орчихов. Агаарт хөндий хэдэн секунд явж байснаа зөөлөн элсэрхэг хөрсөн дээр “Пүн” хийж буугаад цаашаа жаахан яваад зогслоо. Манай хүн нүд нь том болсоноо хэлээ гаргаад “Хэййййййййй, сааааааааап, нисдэг байна ш дээ” гэж марзагнаж байна. Би ч “ёоё, ташуу орсон бол яг онхолдох байлаа. Харин рулиэ дараад тэс хөндлөн харайчихсан чинь гайгүй газарддаг байна” гэхэд “Чи ДУГУСА мэднээ, сааап!” гээд хөхөрч байсан юм.
Энэ явдлаас хойш хэд хэд уулзахад л “Хэээйййй, чи ДУГУСА мэднээ? Тэгэхэд би чамайг алаагүй ээ? Чи одоо намайг ална аа?” гээд кинон дээр гардаг Гүржавын дүрд ороод л мэндэлдэгсэн. Хамгийн сүүлд Буянт ухаа (Одоо Чингэс Хаан, ийм нэр хэлэхэд ч ичмээр airport шүү) онгоцны буудал дээр таарахад “АНУлс руу хүн гаргах гэж байна. Яадгийн хэнээс ичхийн, би ингэж мөнгө олж байна. Найз нь энэ хэдэн хүнийг “гол” гаргачихаад ирнээ. Муухай өргөн гол шүү, Номхон далай гээд байгаамаа муу голыг” гээд хүмүүсийг инээлгэж байсан. Найзтайгаа ганц юм уунаа гээд Болор задлаад нэг тулгатал миний онгоц нисэх болж найз “ах хүү”-тэй гар бариад салсан нь хамгийн сүүлийн уулзалт байжээ. Бурхадыг ч инээлгэж дөнгөх л хүн шүү. Ум мааний бадми хум. Эргэж төрөөрэй, Монголдоо.

Labels:

3 Comments:

At 10:35 AM , Blogger arsun said...

Сайхан дурсамж юм аа.

 
At 12:25 PM , Blogger 3apaa said...

Хөөрхий минь их сайн хүн байсан. Ум ма ни бад ми хум...

 
At 10:30 PM , Blogger byambaa said...

uneheer haramsaltai bna.
yaria huurutei hun goy shuu, hun ineelgeed l,,,

bi uulzaj bgaagui l dee. gehdee l humuusiin sain ni turuulj divaajind ochood bgaad ih haramsdag.

neeh tanil zurag bsn chin minii nehsen 3 oims bdg genee kkk

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home