Thursday, June 26, 2008

Сонгууль 2008

Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх боломжгүй ч гэсэн блогоороо саналаа илэрхийлэхээр шийдэв. Миний оршин суудаг газар бол Баянзүрх дүүрэг. Хө хөө! Манай дүүрэгт 34 баагий нэр дэвшиж энэ сонгуулийн хамгийн олон дэвшигчтэй тойргоор шалгардийм байна. Эдгээрээс аз нь шовойсон 4 нь энэ удаагийн УИХ-д гарах юм биз дээ.

1. Ц.Батбаяр MAXH
2. Т.Гантөмөр MAXH
3. Я.Аюушжав MAXH
4. Т.Ганди MAXH
5. Ч.Сайханбилэг АН
6. И.Нарантуяа АН
7. Б.Мөнхтуяа АН
8. Д.Ганхуяг АН
9. Д.Басандорж ИЭ-HH
10. Ч.Базар ИЗН
11. Б.Батболд МУНН
12. Б.Ганбат МУНН
13. Б.Энхбаяр МУНН
14. Г.Бямбатулга МУНН
15. С.Отгонбаяр Эх орон
16. Б.Пүрэвжаргал БНН
17. Ц.Ганхуяг БНН
18. Г.Ганболд БНН
19. Б.Отгонцэцэг ҮШН
20. Ж.Батхуяг ҮШН
21. Д.Чулуунбат ЭЧХН
22. Ө.Мэндсайхан ИЭ-ИХН
23. У.Бурмаа ИЭ-ИХН
24. Ж.Батзандан ИЭ-ИХН
25. Д.Цолмон МОНАРХН
26. Л.Эрдэнэтуул МОНАРХН
27. Г.Баасан Бие даагч
28. Н.Амарбаясгалан Бие даагч
29. Д.Отгонбат Бие даагч
30. Д.Гантөр Бие даагч
31. З.Алтай Бие даагч
32. Н.Оюунцэцэг Бие даагч
33. М.Баярбат Бие даагч
34. Г.Цэрэнчунт Бие даагч

За даа ихэнхийг нь хэн ч юм бүү мэдээ, зарим нэгэнд нь бол "ээ чи минь больж үздээ" гээд хэлчихмээр л байна. Даан ч огт танихгүй юм хэхэ. Ингээд мэддэг хэдээ ялгалаа. Нэр дэвшигчдийн 1/3-ийг нь л нэр, зүсээр нь мэдэх юм байна.

1. Ц.Батбаяр (MAXH) Нийслэлийн экс дарга
2. Т.Гантөмөр (MAXH) Баянзүрх дүүргийн экс дарга
3. Т.Ганди (MAXH) УИХ гишүүн
4. Ч.Сайханбилэг (АН) УИХ гишүүн
5. Б.Мөнхтуяа (АН) УИХ гишүүн
6. Д.Ганхуяг (АН) УИХ гишүүн
7. Ч.Базар (ИЗН) ИЗЭХ тэргүүн
8. С.Отгонбаяр (Эх орон) УИХ гишүүн, ОБ экс сайд
9. Ж.Батзандан (ИЭ-ИХН ИХН-ын дарга
10. Л.Эрдэнэтуул (МОНАРХН) Улс төр судлаач
11. Г.Баасан (Бие даагч) МЧАХ-ны тэргүүн
12. З.Алтай (Бие даагч) МТВХ Ерөнхийлөгч

За энэ хүмүүсээс хэн нь гарчих боломжтой вэ гэж бодлоо. “Улаан хацарт” хочтой болсон нийслэлийн маань экс засаг дарга Ц. Батбаяр огцорсон уурандаа намтайгаа шүүхдэлцэж байгаад нэр дэвших эрх олоод авч. Хүмүүс түүнийг М. Энхболдын утсан хүүхэлдэй гэж нэрлэдэг юм байна лээ. Засаг даргаар ажиллаж байхдаа яг юу хийснийг нь би бас сайн мэдэхгүй юм. Харин улайм цайм муу юм бол хийгээгүй бололтой юм билээ. Тэгж луйвардсан гэж нэр нь дуулдаагүй. Гэхдээ л... миний сонгох 4 хүний тоонд багтсангүй. УИХ-д гарчих ч байж мэдэх юм.

Баянзүрх дүүргийн экс дарга Т. Гантөмөр. Энэ хүнийг дүүргийн засаг дарга байхдаа боловсролын байгууллагад нэлээд юм хийдэг, ер нь нэлээд хөдөлмөрч хүн юм гэдгийг нь тухайн дүүрэгт нь олон жил амьдарсаны хувьд гадарладаг юм. Гэм нь Ху намын товариш, гэхдээ би нэг их намчирхдаггүй болхоор энэ хүнийг сонгоноо. Заавал энэ дүүргийг мэддэг хүн гээд сонгож байгаа юм биш. Би бас боддог юм, УИХ заавал тойрог руугаа гурил будаа зөөхдөө биш, төрд хэрэгтэй хүн байгаасай гэж боддог учир. Харин энэ хүн өөрийг нь сайн мэддэг хүмүүс ихтэй БЗ дүүрэгтээ дэвшисэнээрээ УИХ-д гарчих нэлээд өндөр магадлалтай гэж би үзэв.

Гурав дахь хүн бол Т. Ганди. Энэ хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Гэхдээ би сонгохгүй гэж шийдлээ. Учир нь саяны 4 жил юу ч хийсэнгүй, хаана юу хийгээд явсан юм бүү мэд. Надад л мэдрэгдсэнгүй. УИХ-д мисс биш гишүүн хэрэгтэй.

Дараагийн товариш Ч. Сайханбилэг. Энэ хүн уг нь миний дэмждэг Ардчилалын хүн. Сэтгүүлч мэргэжилтэй, “Та сувгаа бүү солиорой” гэдэг үгээрээ од болж, олонд танигдсан. АН 2000 онд хуугаараа мултарахад АНУ-д очиж номын дуу сонссон гэж байгаа. Буцаж ирэхдээ анх удаа л e-literacy нь тайлагдсан бололтой интернет, IT ярьсаар байгаад “Харилцаа холбооны зохицуулах газрын” даргаар очоод томорсон. Энэ салбарт юу ч хийж чадахгүй хүн гэдэг нь эхнээсээ том “онигоонд” орсоноор мэдрэгдэж эхэлсэн. Хэн ч бай дэлгүүрээс очоод худалдаад авчихаж болох, өрөөндөө утасгүй интернет холболт үүсгэдэг “Wireless router” нэгийг хаанаас ч юм олж ирээд өрөөнийхөө цонхон дээр тавиад, ТВ сонин бүх л мэдээллийн хэрэгсэлээр “Би Сүхбаатарын талбайн эргэн тойронд 500 метр газар утасгүй интернет сүлжээ ашиглалтанд орууллаа” гэж бүлтэрсэн юм. Манай МУИС-д багшилдаг нэг Голланд эр үүнийг нь англи хэлээр гардаг сониноос уншчихаад хачин их баярласан боловч бүтэн өдөр ноутбүүкээ барьж ЗГ-ын ордон тойрч яваад интернетэд орж чадаагүйгээ гомдоллож байсан юм. Харин түүний энэ жилийн сурталчилгаа нь Монголын нутаг дээгүүр гарч байгаа шилэн кабелиар өнгөрөх интернетийн мэдээллийг тоолоод Орос Хятадуудаас мөнгө саах тухай үлгэр. Хахахаха Орос Хятадууд яг л мөнгө өгч харагдана даа. Тэгээд ч манай нутаг дээгүүр өнгөрсөн шилэн кабель нь багтаамжаараа Монголын өнөөгийн хэрэгцээг дөнгөн данган дааж байна.Удахгүй хүрэлцэхгүй болно. Жишээ нь Монголд байрлалтай веб хуудсуудад бид гадаадаас хандахад яаж уддаг билээ? Ачааллаа даахгүй байгаа нь илт байгаа биз? Юун Орос Хятадуудын мэдээллийг дамжуулаад дундаас мөнгө саах. Би компьютерийн товчлуур анх дарж үзсэнээсээ хойш 22 жил тасралтгүй РС-ий ард суусан. Ийм хүн IT хөгжүүлэхгүй гэдгийг гадарлана. Иймээс энэ хүнд одоо санал өгөхгүй гэж шийдэв.

АН-ын гишүүн Б. Мөнхтуяа гэдэг хүнийг би 2004 онд гэнэт нэр дэвшихэд нь энэ юун хүүхэн бэ гэж анх харсан. Хааяа зурагтаар гарахыг нь эс тооцвол хэн бэ гэдгийг нь мэдэхгүй. Баянголоос урваж ирсэнийг нь мэднэ. Түүнд бас өгөхгүй. Би нам биш хүн сонгодог үзэлтэй гэх үү дээ. Түрүүн дурдсан санагдана.

За Бриджийн гэдэг овгоороо эцгийнхээ нэрийг халах шахсан Д. Ганхуяг гишүүн. Хувийн бизнесээ харин ч хувиараа босгосон. Жишээ нь Ч. Сайханбилэг шиг тодорхой бизнесгүй мөртөө бийлэгжүү явдаг хүн биш. Тодорхой хийсэн юмтай, ямар ч байсан манай дүүрэгт зүүн зүгрүү аялал зугаалгаар явахдаа миний заавал орж хүнсээ авдаг дэлгүүрийг барьсан. Япон боловсролтой юм хийдэг хүн гэж боддог юм. Лав л тэрнийг тэгээд луйвардаж гэнэ, улсаас тэдийг гулгуулж гэнэ гэж дуулддаггүй юм. Иймд миний сонголтод иймээ тиймээ юмгүй орно.

ИЗН-ын гишүүн, Иргэний зориг-Эмэгтэйчүүд холбооны тэргүүн гэгдэх энэ бүсгүйг ховорхон зурагтаар гарахыг нь л харсан болохоос ёстой мэдэх юм алга. Бараг л бусад whoknowsүүдийн адил юм. Миний сонголтод орсонгүй.

Вертолетийн хэргээр огцорсон экс сайд С. Отгонбаярыг Налайхчууд их дэмждэг юм гэсэн. Нефть боловсруулах үйлдвэр барьж, хуучин нүүрсний уурхайд ажиллаж байсан бүх хүнийг ажилд авна гэж хошгируулдаг гэнэ лээ. Улсад вертолет шахдаг, тэрийгээ унагадаг л хүн юм уудаа. Уг нь их л сайн бизнесмэн гэгддэг ч ОБЕГ-ыг олигтой ажиллуулж чадаагүйг нь бодохоор төрд юм хийж чадахгүй л боловуу даа. Яагаад ч юм хувийн сонирхол хэт өндөртэй нь илт мэдрэгдээд байдаг. Шууд миний сонголтоос OUT.

Иргэний хөдөлгөөний манлай удирдагч Ж. Батзандан. Уг нь ярьдаг шигээ хийдэг бол сайн л залуу шиг. Даан ч эхэлсэн юмаа яг дуусгаад ийм үр дүнд хүрлээ гэж хэлж зогсохыг нь хэзээ харах юм бүү мэд. Нэг тэмцэл эхлүүлчихсэн л тууж явдаг. Яг яаж дууссан юм бүү мэд, чимээгүй болчдог. Нөгөө тэмцүүлээд байсан нөхдүүд нь тайвширчихсан л байж байдаг, манай хүн ч тайвширчихсан байж байснаа өөр нэг тэмцэл эхлүүлдэг. Арай араар нь юм... заза хараагүй юмандаа хүн хардах нь. Гэхдээ миний сонголтод багтсангүй. Тэмцлээ УИХ танхимд биш гадна нь үргэлжлүүлээрэй, тэгвэл бага ч гэсэн үр дүнтэй байж мэдэх юм хэхэ.

Мон-Медиа агентлагийн захирал, Улс төр судлаач Л. Эрдэнэтуул. Ардчилалын эхэн үеэс л улс төр судалсан энэ хүүхэн эрдмийн зэрэг ч авдаггүй, зөндөө л намд ороод хөөгдөөд гарчихдаг сонин характертэй шүү. Бат-Үүл рүү С. Зориг агсаныг алсан гэж дайраад ч байл уу яалаа. Хэвлүүлж, нийтлүүлсэн судалгаа гэж юм надад л тааралдаагүй, хаа нэгтэй байдаг л байх бодвол. Улс төр судлалаараа зэрэг хамгаалаарай гэж ерөөе. Миний сонголтод багтсангүй.

Монголын Чөлөөт Ахмадуудын Холбоо гэдгийг тэргүүлдэг, нэг л болдоггүй хэл амтай авгай гэгддэг Г. Баасан. Энэ хүн үнэхээр нйигмийн хэв журам зөрчөөд, танхайраад, төрийн цагдаа маажаад байдаг юм бол хэдхэн хоногоор баривчилж барилгүй эрүүгийн хэргээр шоронд суулгалтай билээ. Даан ч хэрэг хийгээгүй болхоор суулгаж чаддаггүй нь илт. Хэд хоног саатуулж хэл амнаас бултах хэрэг эрх мэдэлтнүүдэд байдаг бололтой юмаа. Миний ээж аав шиг хөгшчүүлийн эрх ашгийг хамгаалдаг нь үнэн юм шиг санагдсан. Нэг навсгар байшинг булаалдаад байгаа нь учиртай юм билээ. Тэр байшинг нураагаад өндөр байшин барих гэж байгаа гарууд үнэхээр хуулийн дагуу явсан бол өдийд тэр байшингаа барьчих байсан. Даан ч нээнтэгтэй болоод өдий хүртэл яаж ч чадахгүй байгаа нь харагддаг. МоАХ-г анх байгуулагдахад л элсэж байсан гэдэг нь архивийн гэрэл зургууд дээр байдаг юм билээ. МоАХ-оос 2 өрөө байр өгсөнөөр (ноднин билүү?) орон сууцанд амьдарч үзэж байгаа ердийн л нэг эмэгтэй. Яадгийм ер нь ийм хэл амтай хүн хөгшчүүлийг өмөөрөөд УИХ-д хашгирч байг. Тэгэхгүй бол миний аав ээж шиг ядарсан хөгшчүүлийг аав ээжийгээ жаргаадаг эрхэм гишүүд хэзээ ч анзаарахгүй юм байна. Энэ хүнийг сонгочоосой билээ.

За сүүлчийн тэмээний ачаа хүндээ гэж. Үүргэвчтэй Алтай УИХ-д гарч улсын зардлаар дахиад аялах нь ээ. Хэхэ, тоглож байнаа. Энэ хүнд одоо гадаадаар нэг их аялаад байх хэрэггүй байх, харин дотооддоо хийх юм үнэхээр их байгаа. Энэ хүнийг би 1995 онд “Парик Жагаа” ахтай (ум маани бадмэ хум) танилцаж байх үедээ “ЖААГ” студи байгуулсан байхад нь танилцаж байсан. Жаргалсайхан, Алтай, Авирмэд, Галсанжаргал гэсэн ах нар FM107-г байгуулаад, бас МН-25 телевизийн эхлэлийг тавьж байхаас нь эхлээд сайн мэдэх хүн маань байгаа юм. Тэгээд ч түүнийг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа гэдэгт итэлтэй байна. Алтай ахдаа амжилт хүсье.

Ингээд миний “үхрийн бөөр” шиг 4 сонголт маань:

1. Т.Гантөмөр (MAXH) Баянзүрх дүүргийн экс дарга
2. Д.Ганхуяг (АН) УИХ гишүүн
3. Г.Баасан (Бие даагч) МЧАХ-ны тэргүүн
4. З.Алтай (Бие даагч) МТВХ Ерөнхийлөгч

Үхрийн бөөрийг хамгийн эвсэг юмны жишээ болгож үздэг ард түмэн билээ бид. Элдэв юмны цуглуулга шиг хэрнээ бохирыг шүүж тунгаахдаа үхрийн бөөр бол гаргуун гэдэг дээ. Даан ч би энэ жил Монголдоо очиж саналаа өгч чадахгүй нь.

Labels:

3 Comments:

At 10:50 PM , Anonymous Anonymous said...

songuuliin uridchilsan dun garaad exelsen chine ovoo doxuulzen baina sh tee. Logic setgelgee gej!

 
At 11:35 PM , Blogger peakfinder said...

Ug n' ingej hunee harj songovol zugeer l dee. Ajlaa sain hiideg hun bol yamar namiin hen baih n' hamaagui baimaar.

 
At 12:51 AM , Blogger Otgoo said...

Харин тийм ээ, гэхдээ миний мэргэ бага зэрэг төөрөөд:
1. Алтай : Ганц хүсээд байсан юм
2. Сайханбилэг : Ёстой хүсээгүй юм
3. Ц. Батбаяр : Гарчиж мэдэх нөхөр гэхдээ би өгөхгүй гэсэн
4. Д. Ганхуяг : Гарах ёстой хүн
гэж гарсан байна даа. Гэхдээ эхийг нь эцээж, тугалыг нь тураасангүй ээ хөөрхий хэхэхэ

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home