Monday, June 30, 2008

Алберт Эйнштэйн (Айнштайн ч юм уу?)

Алберт Эйнштэйн (уг нь Айнштайн) 1879 оны 03-р сарын 14-нд Германы Ульм хотод жүүд гэр бүлд төржээ. Түүний эцэг Херман Эйнштэйн инженер, худалдаачин хүн байв. 1880 онд тэдний гэр бүл Мюнхенд нүүж ирж, түүний аав, авга ах хоёр компани байгуулжээ. Хэдийгээр түүний эцэг эх жүүд хүмүүс боловч хүүгээ Католик бага сургуульд өгсөн байна. Тэрээр багаасаа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байсан боловч бага сургуульдаа хамгийн шилдэг сурагч байжээ. Огт хэлд орж өгөхүй байсан тэрээр нэг оройн хоолон дээр "Энэ шөл чинь хэтэрхий халуун байна!" гэж орилжээ. Эцэг эх нь чи яагаад урьд нь үг хэлдэггүй байв гэхэд "Яагаад гэвэл урьд нь бүх юм хэвийн байсан!" гэж хэлсэн тухай шог яриа байдаг.
Таван настай байхад нь аав нь түүнд компас бэлэглэжээ. Тэрээр хоосон орон зайд компасын зүүнд нөлөөлдөг зүйл нь юу юм болоо гэж маш их гайхаж байсан тухайгаа байнга ярьдаг байжээ. Тэр хар багаасаа л физик математикт сонирхолтой хүүхэд байсан бөгөөд 12 настайгаасаа Евклидын геометрийг сонирхож тооны ухаанд шимтэх болжээ. Эцгийнх нь бизнес дампуурч тэд Италид нүүж очиход Алберт Швецарийн Аарауд дунд сургуулиа дүүргээд 1896 онд Швецарийн холбооний политехникийн сургуульд Физик Математикийн багш болохоор сурч эхэлсэн байна. 1901 онд сургуулиа төгсөж, Швецарийн иргэн болсон бөгөөд Патентийн оффист туслах ажилтнаар ажилд оржээ. Энд ажиллаж байхдаа 1905 онд докторын зэрэг хамгаалав.
Тэрээр энэ онд Фотоцахилгаан үзэгдэл буюу ваакуум орчинд буй метал дээр гэрэл тусахад түүнээс электронууд хэрхэн сулран гардагыг онолын хувьд тайлбарлаж, алдарт E=mc² томъёоллоо гаргажээ. Үндсэндээ матер болон энерги хоёр нь нэг л зүйлийн хоёр өөр хэлбэр гэж тайлбарласан байна. Материйг энерги болгож болно, эсрэгээр энергиэс матер бий болгож болно гэж үзсэн байна.
Энэ томъёо физикт, электроникт их чухал зүйл болсон бөгөөд 1921 онд эзэндээ Нобелийн шагнал авчирсан юм. Гэвч бас энэ томъёо хүн төрөлхтөнд аймшигт зэвсэг, эсвэл маш хямд эрчим хүчний эх үүсвэрийг олж өгсөн билээ. Энэ бол цөмийн эрчим хүч. Цөмөөс хэрхэн ийм их эрчим хүчийг гарган авдаг, тэр их эрчим хүч энгийн нэг материйн хаана нь нуугдаж байсныг л энэ томъёо хэлээд байгаа юм.
Ус төрөгчийн цөм гэвэл нэг протон, нэг нейтрон байдаг. Тэгвэл 1 кг усанд байгаа ус төрөгчийн атомынх нь протонуудын энергийг олое. Энд ердөө л 111гр нь устөрөгчийн атомын протон болно.
E=mc²=0.111 x 300,000,000²=10,000,000,000,000,000 Joule энерги болж байна. Энэ нь хэдэн зуун мянган литр бензин шатаахад гарах энерги. Гэхдээ бид протоныг шатааж чадахгүй. Харин хүн төрөлхтөний нээсэн нэг үзэгдэл бол цөмийн урвал юм. Устөрөгчийн атомд нэг протон байдаг бол хоёр протон нийлбэл Гелийн атом болж хувирна. Түүний дүнд хоёр тусдаа протонуудаас 7% хөнгөн хос протонт Гелийн цөм үүсдэг. Энэ 7% илүүдэл масс энерги болон цацардаг байна. Өөрөөр хэлбэл наран дээр болж буй процесс энэ бөгөөд илүүдэл болж цацарсан энерги бол тэр 7% масс гэж ойлгож болно. Бидэн дээр тусаж буй гэрэл бол тодорхой масстай матер гэж ойлгож ч болох нь ээ. Эндээс Фотон гэх ойлголт физикт орж ирсэн юм. Гэрэл бол өчүүхэн масстай Фотон гэх эгэл бөөмүүдийн урсгал гэж хэлж болох юм.
Алберт Эйнштэйн энэ бүхнийг урьдчилан харсан учраас АНУ-ын ерөнхийлөгчид Нацист Герман, Импералист Японууд энэ зэвсэгийг нээхээс өмнө урьдчилан хийх хэрэгтэйг анхааруулсан захидал илгээж байжээ.
Цаашид тэрээр харьцангуйн онол гэх мэт агуу нээлтүүдээ хийсэн юм. Квант онолыг үүсгэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлэх аргагүй их билээ.

Labels:

Thursday, June 26, 2008

Сонгууль 2008

Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх боломжгүй ч гэсэн блогоороо саналаа илэрхийлэхээр шийдэв. Миний оршин суудаг газар бол Баянзүрх дүүрэг. Хө хөө! Манай дүүрэгт 34 баагий нэр дэвшиж энэ сонгуулийн хамгийн олон дэвшигчтэй тойргоор шалгардийм байна. Эдгээрээс аз нь шовойсон 4 нь энэ удаагийн УИХ-д гарах юм биз дээ.

1. Ц.Батбаяр MAXH
2. Т.Гантөмөр MAXH
3. Я.Аюушжав MAXH
4. Т.Ганди MAXH
5. Ч.Сайханбилэг АН
6. И.Нарантуяа АН
7. Б.Мөнхтуяа АН
8. Д.Ганхуяг АН
9. Д.Басандорж ИЭ-HH
10. Ч.Базар ИЗН
11. Б.Батболд МУНН
12. Б.Ганбат МУНН
13. Б.Энхбаяр МУНН
14. Г.Бямбатулга МУНН
15. С.Отгонбаяр Эх орон
16. Б.Пүрэвжаргал БНН
17. Ц.Ганхуяг БНН
18. Г.Ганболд БНН
19. Б.Отгонцэцэг ҮШН
20. Ж.Батхуяг ҮШН
21. Д.Чулуунбат ЭЧХН
22. Ө.Мэндсайхан ИЭ-ИХН
23. У.Бурмаа ИЭ-ИХН
24. Ж.Батзандан ИЭ-ИХН
25. Д.Цолмон МОНАРХН
26. Л.Эрдэнэтуул МОНАРХН
27. Г.Баасан Бие даагч
28. Н.Амарбаясгалан Бие даагч
29. Д.Отгонбат Бие даагч
30. Д.Гантөр Бие даагч
31. З.Алтай Бие даагч
32. Н.Оюунцэцэг Бие даагч
33. М.Баярбат Бие даагч
34. Г.Цэрэнчунт Бие даагч

За даа ихэнхийг нь хэн ч юм бүү мэдээ, зарим нэгэнд нь бол "ээ чи минь больж үздээ" гээд хэлчихмээр л байна. Даан ч огт танихгүй юм хэхэ. Ингээд мэддэг хэдээ ялгалаа. Нэр дэвшигчдийн 1/3-ийг нь л нэр, зүсээр нь мэдэх юм байна.

1. Ц.Батбаяр (MAXH) Нийслэлийн экс дарга
2. Т.Гантөмөр (MAXH) Баянзүрх дүүргийн экс дарга
3. Т.Ганди (MAXH) УИХ гишүүн
4. Ч.Сайханбилэг (АН) УИХ гишүүн
5. Б.Мөнхтуяа (АН) УИХ гишүүн
6. Д.Ганхуяг (АН) УИХ гишүүн
7. Ч.Базар (ИЗН) ИЗЭХ тэргүүн
8. С.Отгонбаяр (Эх орон) УИХ гишүүн, ОБ экс сайд
9. Ж.Батзандан (ИЭ-ИХН ИХН-ын дарга
10. Л.Эрдэнэтуул (МОНАРХН) Улс төр судлаач
11. Г.Баасан (Бие даагч) МЧАХ-ны тэргүүн
12. З.Алтай (Бие даагч) МТВХ Ерөнхийлөгч

За энэ хүмүүсээс хэн нь гарчих боломжтой вэ гэж бодлоо. “Улаан хацарт” хочтой болсон нийслэлийн маань экс засаг дарга Ц. Батбаяр огцорсон уурандаа намтайгаа шүүхдэлцэж байгаад нэр дэвших эрх олоод авч. Хүмүүс түүнийг М. Энхболдын утсан хүүхэлдэй гэж нэрлэдэг юм байна лээ. Засаг даргаар ажиллаж байхдаа яг юу хийснийг нь би бас сайн мэдэхгүй юм. Харин улайм цайм муу юм бол хийгээгүй бололтой юм билээ. Тэгж луйвардсан гэж нэр нь дуулдаагүй. Гэхдээ л... миний сонгох 4 хүний тоонд багтсангүй. УИХ-д гарчих ч байж мэдэх юм.

Баянзүрх дүүргийн экс дарга Т. Гантөмөр. Энэ хүнийг дүүргийн засаг дарга байхдаа боловсролын байгууллагад нэлээд юм хийдэг, ер нь нэлээд хөдөлмөрч хүн юм гэдгийг нь тухайн дүүрэгт нь олон жил амьдарсаны хувьд гадарладаг юм. Гэм нь Ху намын товариш, гэхдээ би нэг их намчирхдаггүй болхоор энэ хүнийг сонгоноо. Заавал энэ дүүргийг мэддэг хүн гээд сонгож байгаа юм биш. Би бас боддог юм, УИХ заавал тойрог руугаа гурил будаа зөөхдөө биш, төрд хэрэгтэй хүн байгаасай гэж боддог учир. Харин энэ хүн өөрийг нь сайн мэддэг хүмүүс ихтэй БЗ дүүрэгтээ дэвшисэнээрээ УИХ-д гарчих нэлээд өндөр магадлалтай гэж би үзэв.

Гурав дахь хүн бол Т. Ганди. Энэ хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Гэхдээ би сонгохгүй гэж шийдлээ. Учир нь саяны 4 жил юу ч хийсэнгүй, хаана юу хийгээд явсан юм бүү мэд. Надад л мэдрэгдсэнгүй. УИХ-д мисс биш гишүүн хэрэгтэй.

Дараагийн товариш Ч. Сайханбилэг. Энэ хүн уг нь миний дэмждэг Ардчилалын хүн. Сэтгүүлч мэргэжилтэй, “Та сувгаа бүү солиорой” гэдэг үгээрээ од болж, олонд танигдсан. АН 2000 онд хуугаараа мултарахад АНУ-д очиж номын дуу сонссон гэж байгаа. Буцаж ирэхдээ анх удаа л e-literacy нь тайлагдсан бололтой интернет, IT ярьсаар байгаад “Харилцаа холбооны зохицуулах газрын” даргаар очоод томорсон. Энэ салбарт юу ч хийж чадахгүй хүн гэдэг нь эхнээсээ том “онигоонд” орсоноор мэдрэгдэж эхэлсэн. Хэн ч бай дэлгүүрээс очоод худалдаад авчихаж болох, өрөөндөө утасгүй интернет холболт үүсгэдэг “Wireless router” нэгийг хаанаас ч юм олж ирээд өрөөнийхөө цонхон дээр тавиад, ТВ сонин бүх л мэдээллийн хэрэгсэлээр “Би Сүхбаатарын талбайн эргэн тойронд 500 метр газар утасгүй интернет сүлжээ ашиглалтанд орууллаа” гэж бүлтэрсэн юм. Манай МУИС-д багшилдаг нэг Голланд эр үүнийг нь англи хэлээр гардаг сониноос уншчихаад хачин их баярласан боловч бүтэн өдөр ноутбүүкээ барьж ЗГ-ын ордон тойрч яваад интернетэд орж чадаагүйгээ гомдоллож байсан юм. Харин түүний энэ жилийн сурталчилгаа нь Монголын нутаг дээгүүр гарч байгаа шилэн кабелиар өнгөрөх интернетийн мэдээллийг тоолоод Орос Хятадуудаас мөнгө саах тухай үлгэр. Хахахаха Орос Хятадууд яг л мөнгө өгч харагдана даа. Тэгээд ч манай нутаг дээгүүр өнгөрсөн шилэн кабель нь багтаамжаараа Монголын өнөөгийн хэрэгцээг дөнгөн данган дааж байна.Удахгүй хүрэлцэхгүй болно. Жишээ нь Монголд байрлалтай веб хуудсуудад бид гадаадаас хандахад яаж уддаг билээ? Ачааллаа даахгүй байгаа нь илт байгаа биз? Юун Орос Хятадуудын мэдээллийг дамжуулаад дундаас мөнгө саах. Би компьютерийн товчлуур анх дарж үзсэнээсээ хойш 22 жил тасралтгүй РС-ий ард суусан. Ийм хүн IT хөгжүүлэхгүй гэдгийг гадарлана. Иймээс энэ хүнд одоо санал өгөхгүй гэж шийдэв.

АН-ын гишүүн Б. Мөнхтуяа гэдэг хүнийг би 2004 онд гэнэт нэр дэвшихэд нь энэ юун хүүхэн бэ гэж анх харсан. Хааяа зурагтаар гарахыг нь эс тооцвол хэн бэ гэдгийг нь мэдэхгүй. Баянголоос урваж ирсэнийг нь мэднэ. Түүнд бас өгөхгүй. Би нам биш хүн сонгодог үзэлтэй гэх үү дээ. Түрүүн дурдсан санагдана.

За Бриджийн гэдэг овгоороо эцгийнхээ нэрийг халах шахсан Д. Ганхуяг гишүүн. Хувийн бизнесээ харин ч хувиараа босгосон. Жишээ нь Ч. Сайханбилэг шиг тодорхой бизнесгүй мөртөө бийлэгжүү явдаг хүн биш. Тодорхой хийсэн юмтай, ямар ч байсан манай дүүрэгт зүүн зүгрүү аялал зугаалгаар явахдаа миний заавал орж хүнсээ авдаг дэлгүүрийг барьсан. Япон боловсролтой юм хийдэг хүн гэж боддог юм. Лав л тэрнийг тэгээд луйвардаж гэнэ, улсаас тэдийг гулгуулж гэнэ гэж дуулддаггүй юм. Иймд миний сонголтод иймээ тиймээ юмгүй орно.

ИЗН-ын гишүүн, Иргэний зориг-Эмэгтэйчүүд холбооны тэргүүн гэгдэх энэ бүсгүйг ховорхон зурагтаар гарахыг нь л харсан болохоос ёстой мэдэх юм алга. Бараг л бусад whoknowsүүдийн адил юм. Миний сонголтод орсонгүй.

Вертолетийн хэргээр огцорсон экс сайд С. Отгонбаярыг Налайхчууд их дэмждэг юм гэсэн. Нефть боловсруулах үйлдвэр барьж, хуучин нүүрсний уурхайд ажиллаж байсан бүх хүнийг ажилд авна гэж хошгируулдаг гэнэ лээ. Улсад вертолет шахдаг, тэрийгээ унагадаг л хүн юм уудаа. Уг нь их л сайн бизнесмэн гэгддэг ч ОБЕГ-ыг олигтой ажиллуулж чадаагүйг нь бодохоор төрд юм хийж чадахгүй л боловуу даа. Яагаад ч юм хувийн сонирхол хэт өндөртэй нь илт мэдрэгдээд байдаг. Шууд миний сонголтоос OUT.

Иргэний хөдөлгөөний манлай удирдагч Ж. Батзандан. Уг нь ярьдаг шигээ хийдэг бол сайн л залуу шиг. Даан ч эхэлсэн юмаа яг дуусгаад ийм үр дүнд хүрлээ гэж хэлж зогсохыг нь хэзээ харах юм бүү мэд. Нэг тэмцэл эхлүүлчихсэн л тууж явдаг. Яг яаж дууссан юм бүү мэд, чимээгүй болчдог. Нөгөө тэмцүүлээд байсан нөхдүүд нь тайвширчихсан л байж байдаг, манай хүн ч тайвширчихсан байж байснаа өөр нэг тэмцэл эхлүүлдэг. Арай араар нь юм... заза хараагүй юмандаа хүн хардах нь. Гэхдээ миний сонголтод багтсангүй. Тэмцлээ УИХ танхимд биш гадна нь үргэлжлүүлээрэй, тэгвэл бага ч гэсэн үр дүнтэй байж мэдэх юм хэхэ.

Мон-Медиа агентлагийн захирал, Улс төр судлаач Л. Эрдэнэтуул. Ардчилалын эхэн үеэс л улс төр судалсан энэ хүүхэн эрдмийн зэрэг ч авдаггүй, зөндөө л намд ороод хөөгдөөд гарчихдаг сонин характертэй шүү. Бат-Үүл рүү С. Зориг агсаныг алсан гэж дайраад ч байл уу яалаа. Хэвлүүлж, нийтлүүлсэн судалгаа гэж юм надад л тааралдаагүй, хаа нэгтэй байдаг л байх бодвол. Улс төр судлалаараа зэрэг хамгаалаарай гэж ерөөе. Миний сонголтод багтсангүй.

Монголын Чөлөөт Ахмадуудын Холбоо гэдгийг тэргүүлдэг, нэг л болдоггүй хэл амтай авгай гэгддэг Г. Баасан. Энэ хүн үнэхээр нйигмийн хэв журам зөрчөөд, танхайраад, төрийн цагдаа маажаад байдаг юм бол хэдхэн хоногоор баривчилж барилгүй эрүүгийн хэргээр шоронд суулгалтай билээ. Даан ч хэрэг хийгээгүй болхоор суулгаж чаддаггүй нь илт. Хэд хоног саатуулж хэл амнаас бултах хэрэг эрх мэдэлтнүүдэд байдаг бололтой юмаа. Миний ээж аав шиг хөгшчүүлийн эрх ашгийг хамгаалдаг нь үнэн юм шиг санагдсан. Нэг навсгар байшинг булаалдаад байгаа нь учиртай юм билээ. Тэр байшинг нураагаад өндөр байшин барих гэж байгаа гарууд үнэхээр хуулийн дагуу явсан бол өдийд тэр байшингаа барьчих байсан. Даан ч нээнтэгтэй болоод өдий хүртэл яаж ч чадахгүй байгаа нь харагддаг. МоАХ-г анх байгуулагдахад л элсэж байсан гэдэг нь архивийн гэрэл зургууд дээр байдаг юм билээ. МоАХ-оос 2 өрөө байр өгсөнөөр (ноднин билүү?) орон сууцанд амьдарч үзэж байгаа ердийн л нэг эмэгтэй. Яадгийм ер нь ийм хэл амтай хүн хөгшчүүлийг өмөөрөөд УИХ-д хашгирч байг. Тэгэхгүй бол миний аав ээж шиг ядарсан хөгшчүүлийг аав ээжийгээ жаргаадаг эрхэм гишүүд хэзээ ч анзаарахгүй юм байна. Энэ хүнийг сонгочоосой билээ.

За сүүлчийн тэмээний ачаа хүндээ гэж. Үүргэвчтэй Алтай УИХ-д гарч улсын зардлаар дахиад аялах нь ээ. Хэхэ, тоглож байнаа. Энэ хүнд одоо гадаадаар нэг их аялаад байх хэрэггүй байх, харин дотооддоо хийх юм үнэхээр их байгаа. Энэ хүнийг би 1995 онд “Парик Жагаа” ахтай (ум маани бадмэ хум) танилцаж байх үедээ “ЖААГ” студи байгуулсан байхад нь танилцаж байсан. Жаргалсайхан, Алтай, Авирмэд, Галсанжаргал гэсэн ах нар FM107-г байгуулаад, бас МН-25 телевизийн эхлэлийг тавьж байхаас нь эхлээд сайн мэдэх хүн маань байгаа юм. Тэгээд ч түүнийг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа гэдэгт итэлтэй байна. Алтай ахдаа амжилт хүсье.

Ингээд миний “үхрийн бөөр” шиг 4 сонголт маань:

1. Т.Гантөмөр (MAXH) Баянзүрх дүүргийн экс дарга
2. Д.Ганхуяг (АН) УИХ гишүүн
3. Г.Баасан (Бие даагч) МЧАХ-ны тэргүүн
4. З.Алтай (Бие даагч) МТВХ Ерөнхийлөгч

Үхрийн бөөрийг хамгийн эвсэг юмны жишээ болгож үздэг ард түмэн билээ бид. Элдэв юмны цуглуулга шиг хэрнээ бохирыг шүүж тунгаахдаа үхрийн бөөр бол гаргуун гэдэг дээ. Даан ч би энэ жил Монголдоо очиж саналаа өгч чадахгүй нь.

Labels:

Wednesday, June 18, 2008

Макс Планк

Германы физикч Макс Планк 1858 онд Киел хотод шашин судлалын профессор Вильгелм Планкийн хүү болон мэндэлжээ. Энэ хүн мэндлээгүй бол хүн төрөлхтний энэ их ололт амжилт хэдэн жилээр хойшлох байсныг таах аргагүй ч ямар ч байсан хойшлох нь тодорхой юм. Хэн нэгэн дараагийн эрдэмтэн нээх байсан байж болох ч энэ хүний нээсэн нээлт хүн төрөлхтөнд агуу их дэвшлийг бий болгох үндэс болсон гэж хэлж болно. Тэрээр физикт квант онолын эцэг хэмээх алдар хүндийг зүй ёсоор хүлээх хүн билээ.
Макс Планк багадаа хөгжимд сонирхолтой, дуулдаг, дууны ая зохиодог хүүхэд байв. Мөн тэрээр математик, физикт сонирхолтой байсан бөгөөд 17 настайдаа гимназаа дүүргээд Мюнхений Их Сургуульд элсчээ. Тэр үед Мюнхнений Их Сургуулийн профессор Филипп фон Жолли “Физикт бараг бүх зүйл нээгдсэн, нэг их хийгээд байх зүйл байхгүй шүү дээ” гэж түүнийг физикээр суралцахын эсрэг зөвлөж байжээ. Харин Планк “Би шинэ зүйл нээнэ гэж бодохгүй байна. Би зөвхөн энэ шинжлэх ухааны суурь үндсийг л ойлгомоор байна” гэснээр физикт суралцаж эхэлжээ. Профессорын үгэнд ороод өөр мэргэжил сонгосон бол хүн төрөлхтөнд ямар том гарз учрах байсныг бид л одоо харж байна.
Үнэндээ тухайн үед классик онол мухардалд ороод маш олон зүйлийг тайлбарлаж болохгүй байсныг физик эцэстээ хүрсэн гэж буруу ойлгож байжээ. Цоо шинэ онол гарч ирсэнээр ХХ зууны аугаа их нээлтүүд гарч ирэх үндэс болсон юм. Одоо ч зарим нэг гаж сэтгэлгээтэй хүмүүс шинжлэх ухаан мухардалд орсон, ид шид, сүнс мүнс, харь гариг ярьж солиорох нь ихсэж байна. Шинжлэх ухаан мухарддаггүй гэдгийн баталгааг бэлхэнээ түүний нээлтүүд харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл XIX зууны физикчдэд өнөөдрийн шинжлэх ухааны ололтуудыг ярьвал үлгэр домог мэт сонсогдох байсан байх. Бид ирээдүйн шинжлэх ухааны хөгжлийн хэтийг одоо харж чадахгүй шүү дээ. Тийм болоод л зарим нэг яаруу хүмүүс тэгж солиордог байх гэж боддог юм.
Түүний нээсэн хамгийн агуу нээлт бол цахилгаан соронзон долгионы энерги нь түүний давтамжаас шууд хамааралтай болохыг тогтоосон явдал юм. Тэрээр 1900 онд E=hv гэж томъёолжээ. Энд h бол Планкийн тогтмол гэж түүний нэрээр нэрлэгдсэн алдарт тогтмол тоо. Харин v бол тухайн долгионы давтамж юм.

Жишээ нь гэрлийн долгионы давтамж өөрчлөгдөнө гэдэг нь өнгө нь өөрчлөгдөнө гэсэн үг. Улаан өнгийн гэрэл хамгийн бага давтамжтай буюу хамгийн их долгионы урттай байхад ягаан өнгийн гэрэл хамгийн их давтамжтай буюу хамгийн бага долгионы урттай байна. Тэгэхээр улаан өнгийн гэрэл хамгийн бага энергитэй, ягаан нь хамгийн их энергитэй гэрэл гэж үзэж болно. Гэрэл нь тасралттай энергиүд буюу h гэсэн тогтмол тоог тодорхой давтамжаар үржүүлсэнтэй тэнцүү утга авдаг гэж үзсэн нь амьдралд батлагдсан бөгөөд гэрлийн долгионы энэ чанарыг квант чанар гэж нэрлэдэг. Эндээс квант онолын эх үндэс тавигдсан гэж хэлж болох юм. Энэ нь бидний үздэг телевизор, компьютерийн дэлгэцэнд олон өнгө ялгаж харуулахын эх үндэс гэж ойлгож болно. Өнгөт телевизор, өнгөт дэлгэцтэй компьютерйиг энэ хүний нээлт байгаагүй бол зохион бүтээх боломжгүй болох байжээ. Түүнийг 1919 онд буюу нээлт хийсэнээс нь хойш 19 жилийн дараа Нобелийн шагналаар шагнажээ.
h=6.626 068 96*10^(-34) J*s

Labels:

Saturday, June 14, 2008

Электроник хийгээд квант онол

Өнөөгийн бидний эдэлж хэрэглээд буй электрон төхөөрөмжүүд, компьютер, мэдээллийн технологийн хөгжил ХХ зууны эхэнд физикт цоо шинээр гарч ирсэн квант онолын үр дүн гэж хэлбэл гайхах хүн олон гарах байх. Гэвч энэ бол гарцаагүй үнэн зүйл билээ. Хүн цахилгаан цэнэгтэй бөөмүүдийг, тэр дундаа электронийг хүссэнээрээ удирдан хөдөлгөж, түүнийг гартаа оруулсанаар электроник гэдэг цоо шинэ инженерийн ухаан үүсэж хөгжин нанометрийн хэмжээнд тулж ирээд байгаа билээ. Электронийг удирдаж чадах нь л бидний гар утас, телевизор, компьютерийн ажиллагааны үндэс юм. Өөрөөр хэлбэл цахилгаан дамжуулагч метал дундуур урсах электронийг дуртай үедээ хааж, нээж удирддаг болсоноор аливаа электрон төхөөрөмж ажилладаг.
Ингэж нээж хааж удирддаг төхөөрөмж нь бидний мэдэх унтраалга буюу залгаж салгах түлхүүр юм. Тэгвэл XIX зууны дундуур цахилгаан соронзон релег зохиосноор автоматикийн эх үндэс тавигдсан байна. Өөрөөр хэлбэл нэг цахилгаан гүйдлээр нөгөө гүйдлийг хааж нээх боломжтой болсон гэсэн үг. Энэ нь механик ажиллагаатай учир элэгдэл гэмтэл ихтэй, бас алдаа оноо ч ихтэй төхөөрөмж юм. Контакт нь муудвал залгагдахгүй байх нь элбэг. Гэхдээ орчин үед релег хамгийн төгсгөлийн шатанд чадал ихтэй төхөөрөмжүүдийг залгаж салгахад хэрэглэсээр байгаа билээ.

1904 онд Английн физикч Жон Амброз Флеминг вакуум хоолой дотор байрлуулсан электродуудын хооронд гүйдлийг зөвхөн нэг чигтэй гүйлгэдэг вакуумт “Диод”-ийг зохион бүтээсэн нь электроникийн хөгжлийн гараа болсон гэж хэлж болох юм. Анод катод гэдэг хоёр электродтой учир “диод” гэж нэрлэжээ. Удалгүй гурав дахь электродыг нэмж түүгээр гүйх гүйдлийг өөр гүйдлээр удирддаг болгосон хүн бол Америкийн зохион бүтээгч Ли Де Форест юм. Энэ удирдаад байгаа ажиллагааг квант механикаар тооцоолж, тайлбарлаж болдог гэсэн үг. Түүний энэ “Триод” ламп бол механик хөдөлгөөн бүхий дуу шуу ихтэй, бас амархан эвдэрч элэгддэг “реле”-г бодвол цоо шинэ дэвшил юм. 1970-аад оны ЗХУ-д үйлдвэрлэсэн хар цагаан телевизорууд бүгд ийм ламптай байсан бөгөөд намайг төрөхөд авсан манай гэрийн ийм телевизорыг МУИС-д оюутан байхдаа мөн ч олон задалж засаж байж электроникийг ойлгох болсон билээ. Электрон ламп бол сантиметрээр яригдах овортой элемент юм.



















Анхны лампан компьютер ENIAC. Биеийн тамирын зааланд л багтах эд дээ. Тооцоолох хүчин чадлын хувьд одооны халаасны калкуляторт ч хүрэхгүй.
.
Тэгвэл 1947 онд Америкийн эрдэмтэд болох Жон Бардин, Уилиам Шокли, Волтер Браттайн нар Белл Телефон Лаораторид анхны хагас дамжуулагч транзисторыг амжилттай туршсанаар электроникийн хөгжилд бас нэг цоо шинэ дэвшил авчирав. Өөрөөр хэлбэл өнөөх нэг цахилгаан гүйдлийг өөр гүйдлээр удирддаг элемент маань миллиметрийн хэмжээтэй жижигхэн болсон байна. Түүнчлэн түүнийг “триод” ламп шиг маш их энергиэр халааж байж ажиллуулдаггүй учир маш бага эрчим хүч шаарддаг болжээ. Хагас дамжуулагчийг квант онолгүйгээр учрыг нь олно гэж санасны ч гарз гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээр айлийн хойморьт багтаж ядан дүнхийдэг “Эх Орон 52” гэдэг радио малчдын өвөртлөөд явдаг “транзисторт” радио болсон гэсэн үг. Гол элемент нь 10 дахин жижгэрсэн учир радио ч 10 дахин жижгэрсэн гэсэн үг.

















Анхны лампан компьютерийн нэг элемент хэрхэн жижгэрсээр хагас дамжуулагч транзистороор хийх болснийг хамгийн баруун захын бүсгүй барьжээ. Харин энэ элемент өнөөдөр хэдхэн миллиметр жижигхэн болсон гэсэн үг.

Ингээд энэхүү элементийг жижигхэн хийгээд байвал электрон төхөөрөмж ч жижигрээд байх юм байна, хүчин чадал нь ч нэмэгдээд байх юм байна гэсэн ойлголттой болж транзистороо жижигрүүлж гарч дээ. Хэт жижигхэн транзисторуудыг нэг мөсөн нэг ялтсан дээр угсарч “интеграл схем” үйлдвэрлэдэг болж. Ингэсээр 1970-аад онд транзисторыг микрометрийн хэмжээтэй хийж чадах болов. Энэ үед анхны микрокомпьютер гарч ирсэн юм. Микрометрийн хэмжээтэй элемент дээр хийсэн учир ингэж нэрлэсэн байна. Гордон Мүүр гэдэг эрдэмтэн интеграл схемд орж буй транзисторын тоо жил бүр 2 дахин өсөх болно гэж 1965 онд айлдсанаар Мүүрийн хууль гэх хэллэг гарсан байна.















Микрокомпьютерийн гол тархи болсон микропроцессорын хөгжлийн хэтийн төлөвийг Мүүрийн хуультай харьцуулж үзвэл яг жилд 2 дахин өсөөгүй ч 2 жил тутам хоёр дахин ихэссэн нь харагдаж байна. Одоо нэг см квадрат ялтас дээр хэдэн зуун сая транзистор багтааж чаддаг болжээ. Удахгүй тэр бум транзистор багтаана. Харин эн үед л транзистор маань нанометрийн хэмжээтэй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг нанометр гэдэг нь микрометр буюу микробноос мянга дахин жижигхэн гэсэн үг. Ийм боломжтой болохын тулд нанотехнологиор хүн төрөлхтөн “занималдаж” байна даа. Энэ бүх боломжийг бидэнд нээж өгсөн тэр агуу эрдэмтдийн талаар дараагийн бичлэгтээ магтан дуулъя.

Интел фирм саяхан 45 нанометрийн хэмжээтэй транзистор бүхий микропроцессор үйлдвэрлэсэнээ нийтэд харуулав. Энэ 30 см орчим диаметртэй ялтсан дээр 180 ширхэг микропроцессор үйлдвэрлэжээ. Нэг микропроцессорт нь 10 тэрбум ширхэг транзистор байгаа. Энэ ялтсан дээр нийт 2 их наяд орчим (2000 тэрбум) ширхэг транзистор байгаа ажээ. Тэр анхны лампан компьютер ENIAC-д 20,000 ламп байсан гээ боддоо.

Labels:

Thursday, June 05, 2008

Найз "Хампаан"-аа дурсахуйд














(Зурагны ард: Отгоо найздаа. Хамт өнгөрүүлсэн өдрүүдээ бүү мартаарай. Аз жаргал хүсье!)
Анх би зурагтаар л олон харсан “Парик” хэмээх содон хочтой энэ хүнтэй НИК ХК-ий Цахим техникийн хэлтэст ажиллаж байхдаа НИК дээр ажил хөөцөлдөж явахтай нь таарч танилцсан юм. Түүнээс хойш надаас хэдий олон ах ч гэлээ яг л үеийн найз шиг хандаж, хүүе хаая, юу байна гэх мэтчилэн мэндтэй устай, хааяа ч ганц хоёр лонх юм хувааж ууж явсан билээ.
Хүний хувьд гэгээн цайлган, үргэлж л хүмүүсийг инээлгэж, алиалж, заримдаа ч үнэн марзан хүн шүү, одоо болъёо гэтэл элэг хөшөөдөгсөн. Нэг удаа бас нэг найз ах хүү маань мартын 8- ыг бүгдээрээ гэр бүлээрээ тэмдэглэе, чи эхнэртэйгээ хүрээд ир гэж урьсанаар нэгэн ресторанд цугларлаа. Тэнд Хэнтий нутгийн алдарт дуучид гавъяат Түвшинтөгс (бид нэг жил 10 төгссөн үеийнх бөгөөд, италид Триеста хотод 1995 онд танилцсан найзууд), гавъяат Эрдэнэбат нар, “Парик” маань эхнэртэйгээ, мөн намайг урьсан найз ах хүү эхнэртэйгээ баяр тэмдэглэв. Эрдэнэбат гавъяат “Парик” хоёр нэгнээ үгээр идээд, тэр хавийн хүмүүсийг элгийг авах дөхөж билээ. Жишээ нь гавъяатын өмссөн их гоё тоглолтын пиджакыг хараад “ хөөе чи наад пиджак гамтай өмсөөрэй, юмгүй байж гуйх дуртай, хүний ганц цайны пиджак муухай болгочихов” гэж ирээд хэнэггүй авна даа.
Хөгжмийн аянд бүжиглэх болтол “Парик” маань “өө одоо бүгдээрээ эхнэрээ сольж бүжиглэнээ” гээд манай хүнийг уриад гарч өглөө. Би ч ах хүүгийн эхнэрийг уриад бүжиглэлээ. Хөгжим дуусч бүгд суухад манай хүн хөхрөөд байнаа. За яав гэтэл “Одтой бүжиглэх гоё байна уу?” гэнээ гээд инээж байна. Үнэндээ үнэхээр л олны танил хүн болохоор тэр ресторанд байгаа бүх хүний анхаарлын төвд, гэхдээ хэзээ ч хүнд муухай сэтгэгдэл үлдээдэггүй хүн байж. Зарим хүн яасан онгироо юм ч гэж бодож магадгүй, гэхдээ ердийн байж байгаа нь л тэр. “Одоо намайг мэдэхгүй хүн байх биш, за яадгийн толгойны стриптиз үзүүлнээ. Саап!” гээд парикаа аваад шидчихнэ. Тэр хавьдаа л бөөн инээдэм.
2002 оны хавар, би нэг ажлаар Дундговь аймагт явж байлаа. Аймгийн зочид буудалд бүтэн сайн учир амрангаа Оросын “Орбита” сувгаар эртний хүн дүрст бичнүүдийн амьдралыг харуулсан компьютер графикийн кино үзээд хэвтэж байтал гэнэт тог тасарчихав. За хийх юмгүй боллоо гээд хэвтэж байтал “Өөөө шийт!” Хачин гоё юм гарч байхад яагаад тогоо тасалчихваа гэх танил дуу коридорт гарлаа. Би ч өрөөнөөсөө ухасхийж гараад “Хүүе, сайн уу? Энд юу хийж явнаа?” гэтэл “ Хөөе, хампаанаа (байнга хэлдэг үг нь) сайн уу?” гэнгүүтээ микрофонгүй хоосон гараа амандаа тулгаад “Олон улсын сэтгүүлч Жаргалсайхан мэндчилж байна. Тулах цэг студийн “Центавр” танин мэдэхүйн нэвтрүүлгийг Дундговьчуудын дунд зохион явуулаад дууссан учир унаа байхгүй энд ингээд хэвтэж байнаа” гэж авав. Би ч “аан тийм үү, би маргааш Дундговийн Гурвансайхан ороод буцаж аймаг дээр ирээд хот руу явна. Гурвансайханд хүнээ буулгачаад өөрөө ганцаараа буцах нь, юун сайн юм хамт явъя гэлээ. Ингээд хуучин “хампаан”-тайгаа зам нийлж аваад Гурвансайхан явлаа. Би ч урьд нь очиж үзээгүй газар луугаа газрын зураг, GPS хоёроор л зам заалгаж явдаг, энэ зүгт л явах юм байна гээд гарч өглөө. Манай хүн миний машины GPS-ийг энэ юу вэ? гээд их гайхаж байна. Би тоглоод байна, дэлхий тойрсон хүн GPS мэдэхгүй гэж юу байхав, гэж бодсон ч “Global Positioning System гэж дуулаагүй ээ? Энэ чинь сансрын хиймэл дагуулаас миний байршлыг газрын гадаргуу дээр 5метр нарийвчлалтай тодорхойлж өгдөг юм. Би хаана яваа, хаашаа аль зүгт явахаа энүүгээр л заалгана ш дээ” гэтэл “Өө за за, чи өөрөө GPS за юу (бас л байн байн хэлдэг үг нь) Би дэлхий тойрсон хүнд гар гээд онгироод байсан ийм юм мэддэггүй байсан байна. Энэнтэй басан бол бид олон км төөрч будилахгүй дэлхий тойрох байж” гэж авч байна. GPS-ий дэлгэц дээрх DUGUSA гэсэн бичгийг хараад “Что за ДУГУСА?” гэж асууж байна. Би “аан Дундговь Гурвансайхан гэсэн товчлол, бид тэр сум руу явж байна” гэхэд “Өөөө чи өөрөө ДУГУСА, энэ чинь яасан ухаантай эд вэ?” гэнэ.
Ингээд Гурвансайханд хүнээ буулгачихаад би: “Хоёулаа энүүхэн хойно байгаа Их газрын чулуу (Дундговьд байдаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэг)-гаар ороод гарая, энд ирсэн улс байна, Монголынхоо нэг газрыг үзээд явъя даа” гэхэд “өө тэгэлгүй яахав, бас тийм газар байнаа? Би чинь овоо юм мэддэг гэж бодсон чинь ёстой юу ч мэддэггүй хүн байх нь” гээд л инээв. Ингээд GPS заасан зүгт авто зам байхгүй ч тэв тэгшхэн тал газраар давхиж явтал хаврын уруйны усанд идэгдсэн жалга руу гэнэт тулаад ирлээ. Би ч жалга руу тормозлож амжилгүй машинтайгаа харайгаад орчихов. Агаарт хөндий хэдэн секунд явж байснаа зөөлөн элсэрхэг хөрсөн дээр “Пүн” хийж буугаад цаашаа жаахан яваад зогслоо. Манай хүн нүд нь том болсоноо хэлээ гаргаад “Хэййййййййй, сааааааааап, нисдэг байна ш дээ” гэж марзагнаж байна. Би ч “ёоё, ташуу орсон бол яг онхолдох байлаа. Харин рулиэ дараад тэс хөндлөн харайчихсан чинь гайгүй газарддаг байна” гэхэд “Чи ДУГУСА мэднээ, сааап!” гээд хөхөрч байсан юм.
Энэ явдлаас хойш хэд хэд уулзахад л “Хэээйййй, чи ДУГУСА мэднээ? Тэгэхэд би чамайг алаагүй ээ? Чи одоо намайг ална аа?” гээд кинон дээр гардаг Гүржавын дүрд ороод л мэндэлдэгсэн. Хамгийн сүүлд Буянт ухаа (Одоо Чингэс Хаан, ийм нэр хэлэхэд ч ичмээр airport шүү) онгоцны буудал дээр таарахад “АНУлс руу хүн гаргах гэж байна. Яадгийн хэнээс ичхийн, би ингэж мөнгө олж байна. Найз нь энэ хэдэн хүнийг “гол” гаргачихаад ирнээ. Муухай өргөн гол шүү, Номхон далай гээд байгаамаа муу голыг” гээд хүмүүсийг инээлгэж байсан. Найзтайгаа ганц юм уунаа гээд Болор задлаад нэг тулгатал миний онгоц нисэх болж найз “ах хүү”-тэй гар бариад салсан нь хамгийн сүүлийн уулзалт байжээ. Бурхадыг ч инээлгэж дөнгөх л хүн шүү. Ум мааний бадми хум. Эргэж төрөөрэй, Монголдоо.

Labels: