Wednesday, May 14, 2008

Угтаж хөгжих гэж юу вэ?

Манай “томчууд” их ярих юм. Манай улс “нано”, “био”, “мэдээллийн” гэх мэт өндөр технологийг шуурхай нэвтрүүлж угтаж хөгжих юм гэнэ үү? 30-40 жил электроник, микротехнологийг хөгжүүлсэн Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд эдгээр шинэ технологиудад анхаарал тавьж, хөрөнгө хүч, оюун ухаанаа дайчлаад даруй 8-20 жил болжээ. Одоо энэ их хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж эхлэж байгаа гэнэ. Тэдний энэ хөгжлийн явцыг бид шууд товчлоод, эдгээр өндөр технологиудыг шууд шууд нэвтрүүлээд, хачин хурдан хөгжөөд, гүйцэж түрүүлэх ухааны юм ярих болов. Үүнийгээ “угтаж хөгжих” гээд нэрлэчихэж. Эсвэл би буруу дуулаад, буруу ойлгоод яваа хүн юм болов уу?

Бид ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж эхлээд 18 жилийг ардаа орхиод байгаа хэрнээ үндсэндээ шилжилтийн үедээ л яваад байгаа юмдагуудаа. Энэ хугацаанд боловсролын салбарт харин бага зэрэг ахиц гарсан мэт өнгөц харагдавч үндсэндээ өмнөхөөсөө муудаад, нөгөө “сахил хүртээд шал дордов” гэгч болсон юм шигээ. Ар өврийн хаалгаар нөгөө “томчуудын” маань хүүхдүүд улсын өч төчнөөн мөнгөөр гадаадад сураад л байгаа дуулддаг. Төрийн мөнгөөр сурч сурчаад сайхан газрын зөөлөн амьдралд дасаад, Монголд очиж амьдрана гэдэг “там” санагдаад байна гээд хэвтэцгээдэг гэсэн. Дунд сургуульд бусдаасаа арай дөнгүүр сурсан хэдийг нь улс оронд хөгжил соёл авчирах шинэ үеийг боловсруулж байна гээд гадаад руу илгээгээд л байдаг. Харин дотоодод хар ажил хийх дургүй (дуртай хүн нэг ч байхгүйг манай оюутны тоо харуулдаг шүү) залуучууд 180 шахам тооны дээд сургуулиудад сурч байгаа нэрээр намар, өвөл, хаврыг шоудаж өнгөрөөнө. Эцэг эхийнхээ мөнгийг салхинд хийсгэж байгаагаа мэдсээр байж биеийн амрыг харж хэдэн жилийг амар жимэр өнгөрөөхөөр хоргодоно. Сургуулийн захирал болж албан тушаал ахих хэнээтэй багш нар нь сургуулийн шинэ шинэ салбар байгуулаад улам олон жижигхэн салбартай болгоод байдаг. Гадаадад бол “Университи” гэдэг том сургуульд Байгалийн ухааны, Нийгмийн ухааны, Анагаах ухааны, Инженерийн ухааны, Хөдөө аж ахуйн, Боловсролын, Уралагийн гэх мэт тоймтой хэдэн салбар сургууль багтдаг ажээ. Өөрөөр хэлбэл Их сургууль нь бүх л салбарыг зааж сургадаг нэг л сургууль гэсэн үг. Харин манайд бол салбар бүр нь тусдаа “Университи”, жишээ нь ШУТИС, ХААУИС, УБИС, ЭМШУИС, СУИС гэх мэт. За тэгээд хувийн 20 оюутантай сургууль ч гэсэн “Университи” гэж нэрлэхээс сийхгүй шахам болжээ. Ингээд олон Их сургууль дотроо утгагүй олон жижиг сургуультай. МУИС л гэхэд Физикийн сургууль, Химийн сургууль, Биологийн сургууль, Газар зүйн сургууль гэх мэт гадаадад ганцхан байгалийн ухааны сургууль гэж байдаг өчнөөн салбар сургуультай. Яагаад гэвэл бүгдэд нь нэг нэг “захирал” хэмээх албан тушаалын донтон байгаа учраас тэр. Тэр “донтонгууд” Монгол улсыг угтаж хөгжүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа бололтой.

Ийнхүү бид 18 жилийг урагшаа биш ухардаг араагаар явжээ. Одоо энэ эрүүл бус хөгжсөн, эрэмдэг зэрэмдэг боловсролыг босгое гэвэл суурьнаас нь эхлээд шинээр босгох хэрэгтэй юм биш үү гэсэн бодол төрдөг юм. Оройтолгүй хийвэл бид 16 жилийн дараа жинхэнэ бүрэн боловсорсон иргэдтэй болох юм. Ингэхийн тулд “Нэгдүгээр” ангийн багш нарын цалинг л хэдэн сая төгрөг болгочих хэрэгтэй. Өөр нэг их хөрөнгө оруулалт хэрэггүй. Тэр багш хариуцлагатайгаар хичээлээ заагаад 5-р анги хүртэл аваад яваг. Дараа дараагийн жилээс тийм цалин авах багш нарын тоо бага багаар л өснө. Төрийн нуруунд нэг их ачаа болохгүй шүү дээ. Тэдгээр хүүхдүүд дунд ангид орох үед дунд ангийн багш нарын цалинг нэмсээр багш нар хамгийн өндөр цалинтай бол манай боловсрол хөгжихгүй гэж үү? Хадгаламж банкны Чимэдцэрэнгийн үрсэн 14 тэрбум төгрөг Монголын бүх багш нарыг 2 жил 500 мянгаар цалинжуулж хүрэх мөнгө болж таарсан. Тэгвэл зөвхөн нэгдүгээр ангийн багш нарын цалин тэрнээс ч бага мөнгө орохоор байгаа биз. Бид ингэж л “Угтаж хөгжих” ёстой бус уу? Энэ маягаараа явбал дахиад 18 жилийн дараа энэ байрандаа, эсвэл дахиад ухарчихсан...

Labels:

4 Comments:

At 12:03 AM , Blogger Javkhlan said...

тийм шүү. үнэн юм бичсэн байна. хамгийн гол нь тэр чанаргүй олон их сургуулийн тоог цөөлөх хэрэгтэй байгаам даа. Туркд гэхэд жилд 2 сая хүн манайхаар бол конкурст ордог гэж байгаа. Тэр 2 сая залуучууд дөнгөж 70 их сургуульд л орох гэж хоорондоо алалцаад байна. Тэгтэл Монголд жилд 30000 хүүхэд 10-аа төгсөөд 170 их сургуульд бүгд орж байна. Арай дэндүү байгаа биз дээ?

 
At 12:50 PM , Blogger Otgoo said...

Дэндүү дэндүү, ийм дэндүү юмыг өөгшүүлдэг манай Боловсролын яам бүр ч дэндүү.:)

 
At 10:18 PM , Blogger byambaa said...

gaigui gesniig ni tetgelegeer gadagsh ni yavuulaad unuuduul ni tendee shingeed, tuhain orni hugjild zutgeed, manai mgld zutgeh hun neg ch ugui, bas ter bugd darga boloh huseltei gedeg chin unen. bugd garaa karmandaa hiisen, buduun buduun, tamhi tatsan zauuchuudaar duuren bhiig bu say nudeeree uzeed irsen.
darga bolohoor ih mungu oldog gedeg oilgolt odoo ch heveeree, bugd tsagaan gartanguud...
yaamaar ch yum buu med...

 
At 11:48 PM , Blogger altanbileg said...

Ugtaj hogjino gedeg chini Chapaev Pyatkagiin onigoon deer gardag delhiig toirood araas ni dairaya getegtei adil bh.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home