Monday, May 19, 2008

Доктор З. Бат-Отгон-д

Би бээр 1990 онд МУИС-ын физикийн ангийг төгсөөд электроник, физикч мэргэжлээр 18 жил ажиллачихжээ. Саяхан хүмүүс чи зүгээр үү? Бие хаа чинь гайгүй юу гээд сонин сонин асуугаад, чи минь сонинд юу ярьчихаа вэ гээд байхаар нь лавлаж асуутал З. Бат-Отгон гэдэг “физикч” “философич” “доктор” амьдаатайгаа мэдлээ. Ингээд “хүүрнэл”-ийг нь уншихаас өөр аргагүй болов. Ингээд “амьдаа”-гийнхаа үзэл бодолд жоохон шүүмжлэлтэй хандахгүй бол хүмүүс намайг буруугаар ойлгож мэдэх нь.
Тэрээр ШУ-ы талаар их өрөөсгөл бодолтой “доктор” юм.
-Энэ бол шашин биш. Харин цоо шинэ шинжлэх ухаан юм. Гэхдээ хуучин уламжлалт шинжлэх ухаанаас өөр. Vvнийг тодруулахын тулд шинжлэх ухаан гэдэг ойлголтыг харцгаая. Шинжлэх ухаан гэдэг нь зөвхөн бодит юмс vзэгдлийн шинж чанарыг судалдаг...
Латин хэлний scientia буюу “мэдлэг” гэдэг үгнээс гаралтай science гэдэг англи үгийг бид ШУ гэж орчуулж хэрэглэдэг. ШУ гэдэг бол ертөнцөд болж байгаа бүхий л юмс үзэгдлийг бодитой, бодигүй (хийсвэр) гэж ангилахгүйгээр судалж бий болгосон хүн төрөлхтний системтэй “мэдлэг” болон “туршлага” билээ. Шинэ шинжлэх ухаан үүсэж бий болох явдал байдаг. Тухайлбал би шинээр үүсэж хөгжиж буй “наношинжлэх ухаан” гэдэгт оюун ухаанаа сорьж яваа судлаач хүн. Олон мянган эрдэмтэд классик онол, орчин үеийн онол гэх мэт олон онолуудыг харьцуулан үзэж, хэрэглэхийг нь хэрэглээд, тохирохгүй бол шинийг эрэлхийлж энэ ШУ хөгжиж байна. Харин “уламжлалт”, “уламжлалт бус” ШУ гэдэгтэй ерөөсөө таарсангүй. Энэ “доктор” маань хүний оюун ухаан гэгдэх бодит бус зүйлийг судалдаг “сэтгэл судлал”-ын ШУ-ы хаагуур өнгөрсөн хүн юм бол? Энэ ШУ биш юм болов уу?
Тэгвэл шинж чанар гэдэг маань юу вэ гэдгийг хvмvvс мэд­дэггvй. Шинж чанарыг ойлгосны дараа мөн чанар гэдэг юмыг мэдэх хэрэгтэй. Шинж чанар нь аливаа юмс vзэгдлийн бодит чанарыг хэлнэ. Тэгвэл энэ орчлон­гийн бvх зvйлс шинж чанар болоод хоосон чанараас тогтдог. Энэ хоосон чанарыг судалдаг ухааныг сиэнергитек хэмээн нэрлээд байгаа юм.
Энэ хүн хүмүүсийн юу мэддэг, юу мэддэггүйг хүртэл мэддэг өөр ертөнцөөс ирсэн хүн юмуу даа. Би уг нь өдөр тутам аливаа юмс үзэгдлийн шинж чанарыг судалдаг хүн юмсан. Би тэгвэл өөр ертөнцийн хүн юмуу хэхэ. Энд “шинж чанар” “бодит чанар” “мөн чанар” гэж ирээд баахан “чанар”-уудыг толгой эргэтэл тайлбарлажээ. Уг нь шинж чанар гэдэгтээ л бүгд багтаад байх шиг байх юм. Бас “хоосон чанар” гээд гараад ирлээ. Энэ бодвол “Нагаржунайн” онол гээч юмийг л яриад байх шиг. Энэ нь шашны философид яах аргагүй байдаг зүйл л дээ. Харин “цоо шинэ” ШУ болсоныг нь дуулаагүй өнгөрчиж. “Сиэнергетик” гэдэг “ухааныг” би wikipedia, google-ээс хайгаад олсонгүй. Synergetic гэж харин “хамтран ажиллах”, “багаар ажиллах” гэсэн нэр томъёо бол байнаа.
... Гэвч бодит ертөнцийг судлан шинжилдэг шинжлэх ухаан одоо vед мухардалд орж байна. Аливаа юмс vзэгдэл бодитойгоор оршин тогтнож байна гэдэг нь тvvнд энерги байж л тэр зvйл оршдог. Тэр энергийг нь судлан шинжилж чадахгvй байгаа. Нөгөө хоосон чанар гэдэг чинь энэ энерги юм. Vvнийг л судалдаг шинжлэх ухааныг сиэнер­гитек судлал гэдэг...
Наношинжлэх ухаанд дэлхий нийтээр маш их анхаарал тавьж, 2015 он гэхэд 1,000,000,000,000$ (Нэг их наяд) ам.долларыг зарцуулахааар төсөвлөжээ.
[ http://www.environmentalfutures.org/Images/hett.pdf ]
Мухардалд орсон юманд энэ их мөнгийг хаях гэж байгаа энэ дэлхийн эрдэмтдэд дуулгая байз. Ийм их мөнгө үрэн таран хийж яахнав нээрээ. XIX зууны классик физикчид физик мухардалд орлоо гэж их бачуурцгаасан юм гэсэн. Харин Макс Планк, Альберт Эйнштэйн, Нильс Бор, Луй де Бролий, Вернер Хайзенбэрг, Эрвин Шрөдингер нарын агуу эрдэмтэд дараалан төрсөөр Квант онол гэдэг цоо шинэ онолыг гаргаж ирсэн нь өнөөгийн бидний амьдралд хэрэглэж буй электроник, компьютер, атом цөмийн эрчим хүч зэргийг хүний гарт оруулсан бөгөөд одоо бид улам цаашлан нано ертөнц рүү орж байна. Энэ бүх явцад хүн кинетик энерги, потенциал энерги, энергийн квантум, цөмийн энерги гэх мэт олон энергийг судалсан бөгөөд судлан шинжилж чадсан учраас ийм хөгжлийн түвшинд хүрсэн билээ. Гэтэл юу гэнэв? Энергийг судлан шинжилж чадахгүй байгаа гэнэ үү?
Сиэнергитекийг судалс­наар шинжлэх ухааны тайлж чадахгvй олон зvйлд хариу өгч болно хэмээн vздэг. Энэ шинжлэх ухаан 1970 оноос дөнгөж хvлээн зөвшөөрөгдсөн. Одоо эхлэл төдий байгаа. Энэ сиэнергитек гэдэг нь олон шинжлэх ухааны нийлбэр гэж буухаар л юм уу даа. ... Тэгээд судалгаа хийгээд явж байтал изотерик гэдэг нууц судлал руу орохоос аргагvй болсон. Изотерик буюу нууц судлал гэдэг нь хvн vvссэн цагаас бий болсон бидний өмнөх vеийн соёл иргэнш­лvvдийн бэлэн мэдлэг юм хэмээн vздэг. ... Vvнийг дэлхий даяараа ведийн сургаал хэмээн нэрлэж vе, vеийн изо­те­рик буюу идеалистууд тухайн судрыг сонирхож судалдаг байжээ. Энэ сургаал эртний санскрит хэл дээр байдаг. Тэр хэл нь нөгөө домогт атлантуудын хэл юм гэсэн таамаг ч бий.
Наношинжлэх ухаан 90-ээд оноос хүчээ авч, одоо ид буцалж байна гэхэд болно. Харин энэ 1970 онд хүлээн зөвшөөрөгдсөн “Сиэнергетик”-ийн ШУ чинь харин овоо удаан хөгжидөг эд юмуу даа. Эхлэл төдий, 40 шахам жил эхлэл төдий явдаг яачихсан ШУ гээч вэ? Аргагүй олон ШУ-ны нийлбэр холион бантан байх нь. Лаг лаг нэр томъёо их хэрэглэх юмаа. “Изотерик” гэж бас юу юм болоо гээд өнөөх wikipedia багшаасаа асуулаа. Маш цөөхөн хүн мэддэг, судалдаг зүйлийг esoteric гэдэг ажээ. Тэрнээс биш “нууц судлал” гэхэд арай л хэцүү юм. Энэтхэгийн Хинду шашны олон ном зохиол Санскрит хэлээр бичигдэн үлдсэн байдаг. Буддын шашны ч ном зохиолууд байх нь бий. Хаа байсан сөнөсөн тив гэгдэх Атлантида энд ямар хамаа байнаа? Энэтхэг хүнд үүнийг нь хэлбэл гомдож үхэх байхдаа. Энэтхэгээс бүхэл бүтэн Африк тивээр тусгаарлагдах Атлантийн далайн ёроолд живсэн гэх тивийн тухай домгийг Санскрит хэлтэй холбож байгаа “доктор”-ын ажлыг анх удаа харлаа, биширлээ. Харин “Ведийн сургааль” гэдэг ухагдахууныг ухаад ухаад юу ч олсонгүй, Оросоор “ведьма” гэж шуламыг хэлдэг аж. Арай үүнтэй холбоогүй байлгүй дээ.
-Тэр санскрит хэлээр бичсэн сур­гаал гэдэг чинь манайхны лам нарын хадгалаад байдаг бурхны судруудыг хэлээд байна уу. Бурхан гэдгийг та бvхэн юу гэж тайлбарладаг юм бэ?
-Бурхан гэдэг маань хvн юм. Хvнлэг сэрэхvйг агуулсан сэтгэлийг л бурхан гэдэг. Тэр хайр энэрэл, туслах сэтгэл, өөрийгөө хөгжvvлж байгаа, тvvнийгээ хvнд тvгээж байгаа энэ бvх сайхан чанарыг бурхан хэмээн vздэг. Тэгвэл тэр дээр юу байдаг вэ. Хvнд бие байхаас гадна хэний ч гарт баригдаж vзэгддэггvй сэтгэц гэж нэг юм байдаг...

Асууж байгаа, хариулж байгаа таар ч дээ. Манай лам нар Буддын шашны “шарын” урсгалыг Түвд номноос уншдаг гэдгийг аль аль нь мэддэггүй бололтой. Цоо шинэ шинжлэх ухаан маань зүгээр л шашны ямар нэгэн номлолыг хуулчихсан эд юм шив дээ. Гэхдээ бас “бөөмийн” бөөмлөг, долгиолог шинж чанарын тухай физикээс будаа идэхээ мартсангүй. Энэ бүхнээс “цоо шинэ” зүйл огт биш гэдэг нь батлагдлаа. Дээд ухамсарын тухай маш олон онол шашинд ч тэр, шинжлэх ухаанд ч тэр байгаа, байсаар ирсэн.
...Бид энэ орчлон­гийн орон зайн дөнгөж нэг хувийг, цаг хугацааны арван хувийг л мэдэрдэг. Бидний уураг тархины хөгжсөн хэмжээ л энэ юм даа. Бид уураг тархиныхаа долоогоос найман хувийг л ашиглаж байна. Будда бурхан гучин хувийг ашиглаж чадсан юм гэдэг. Оюун ухаа­ны­хаа долоогоос найман хувийг ашиг­лаад яаж орчлон ертөнцийг таньж мэдэх вэ дээ...
Орон зайн 1%, цаг хугацааны 10%, уураг тархины 7-8% гэж яасан итгэлтэй тоонууд вэ? 100% гэж тэгвэл ямар хэмжээ юм бол? Хязгааргүй орон зай, цаг хугацааг ингэж хувилж байгаад хэмжчихдэг агуу хүмүүсээ? За яахав уураг тархины хувьд хаа нэгтээ ийм тоонууд байж байдаг ч яг 7-8% гэдэг юу л бол. Нотолгоо хэрэгтэй. Харин Буддагийн тархийг хэн хэмжчихээ вэ? Нэгэнт хүн төрөлхтөн мэдэрч чаддаггүй гэж барим тавин яриад байгаа хэрнээ өөрөө бас нэг “бодьгал” хүн гэдгээ мартчихжээ дээ.
...Хvн гэдэг чинь хоёр биеэс бvтдэг. Нэг нь цогцсон бие, энэ нь таван биеэс бvтнэ. Махан, цусан, ясан, гэрлэн, сvнсэн бие зэрэг таван биеэс бvрдэнэ. Энэ бол дэлхийн бvтээл. Дэлхийн бусад амьтан ч мөн ийм биеэс бvтнэ. Бидэнд ялгаа байхгvй. Хvн ухам­сар, оюун ухаанаараа л эднээс ялгаг­да­на. Энэ ухамсар гэдэг зvйл нь далд ертөнцөөс илгээгддэг, цээжний гол аюулхайд байр­ла­даг эрхий хурууны толио шиг мөн чанар гэдэг зvйл юм. Тэр мөн чанар бидэнд сууснаар бид өрөв­дөх, хайрлах, сэтгэх, бодох гэх зэрэг боломжтой болдог...
Энд ядаж л Монгол хэлээ хэр эзэмшсэн нь харагдах юм. Хүн 2 биеээс бүтнэ, нэг нь таван биеэс ч гэх шиг. Тэгээд 6 бие юм уу, 7 бие юм уу. Нөгөө нь ямар бие үлдчих вэ? Ингэж юм тайлбарладаг “доктор” байж таарахгүй дээ. Уг нь хүн цогцсон бие, сүнсэн бие 2-оос бүтнэ, цогцсон бие мах, цус, яснаас бүтнэ, сүнсэн бие гэрэл, хоосон чанараас бүтнэ гэж ярьсан бол нөгөө “Нагаржунайн” онолтой давхцчих гээд сандраад байнаа даа? Хахаха, уураг тархинд болсон мэдрэмжээ аюулхай цээжиндээ байдаг гэж ярьдаг “доктор” байх юм. Нөгөө “их” “бага” тархинууд, төв мэдрэлийн систем бүгд аюулхайд багтдаг хэрэг үү? Уг нь хүний биеийн анатомид аюулхайд “нойр булчирхай” гэдэг нэрэндээ таараагүй булчирхай л байдаг гэж заасан санагдах юм. Хүний сэтгэл хөдлөхөөр төв мэдрэлийн систем “нойр булчирхай”-г удирдаж чадахгүй болсоноос ходоод гэдэсний элдэв хямрал үүсдэг гэж хаа нэгтэй уншсан санагдана. Миний сэтгэл хөдлөхөөр нуруугаар жоохон өвддөг. Хүний бөөрний дээр байрлах булчирхай “Адреналин” хэмээх бодис огцом ялгаруулсанаас болж тэгдэг юм гэж нэг маш сайн эмч хэлж өгсөн нь шал худлаа юм байна. Харин тэр эрхий хурууны толион чинээ товариш нуруунд минь очоод наалдчихаж. Тун сайн баталгаа байна шүү.
Ингээд цаашаа байдаг л нэг шашны урсгалын юм ярьсаар яваад хоёрдогч хүн төрөлхтөн гэдэг юм гараад ирэх юм. Заавал хоёрдогч байдаг нь яаж байгаа юм бол? Гуравдагч, тэгвэл бүр n-дэх төлөвийн хүн байвал яах гэж? 70-80 метр өндөр хүн ч гэх шиг ёстой ШУ-д байхгүй юмнууд мэддэг нээрээ л өөр ертөнцийн хасбуу тамгатай элч юмаа.
Бид бол IQ ухаантай хүмүүс гэнэ. Явж явж өөрийгөө хүн гэдгийг одоо л хүлээлээ. IQ (Intellegence quotient) гэдэг хүний оюун ухааны сэтгэн бодох чадварын шалгуурыг хүмүүс мэддэггүй гэж бодоогүй байлтай. За тэр CQ, DQ-ээ уг нь үгээр нь задлаад бичсэн бол wikipedia багшаасаа асуух байлаа. Даан ч товчоор нь хайгаад олсонгүй, хүлцэл өчие. Харин google дээр бол EQ (Emotional quotient), CQ(Cultural Quotient) гээд одоогийн бүх хүнд л байдаг чадамжуудыг дурдсан байна. Тэрнээс огт өөр ертөнцийн юм биш ажээ. Харин Индиго хүмүүсийг гоц мэдрэмжтэй хүмүүс гэж ярьдаг. Тэр тухай яриад байгаа юмуу даа.
Ингэж явсаар тэр “Супер нэгдлийн онол” гээчээ олигтой тайлбарласангүй. Харин “Нанотехнолог”-ийг дурдаад авч байна. Нанотехнологийн дараа өөр технологи хэрэггүй болно гэдэг чинь харин алмайруулж орхилоо. Би чинь тэгвэл хүний оюун ухааны туйлд ойртож яваа хүн байх нь. За больё. Ойд очиж “Горилла” болж амьдарсан минь дээр санагдчихлаа. Энэ “хүүрнэл”-ээс үнэндээ юу ч ойлгосонгүй. Харин та?

Labels:

Wednesday, May 14, 2008

Угтаж хөгжих гэж юу вэ?

Манай “томчууд” их ярих юм. Манай улс “нано”, “био”, “мэдээллийн” гэх мэт өндөр технологийг шуурхай нэвтрүүлж угтаж хөгжих юм гэнэ үү? 30-40 жил электроник, микротехнологийг хөгжүүлсэн Япон, Солонгос, Хятад зэрэг улсууд эдгээр шинэ технологиудад анхаарал тавьж, хөрөнгө хүч, оюун ухаанаа дайчлаад даруй 8-20 жил болжээ. Одоо энэ их хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж эхлэж байгаа гэнэ. Тэдний энэ хөгжлийн явцыг бид шууд товчлоод, эдгээр өндөр технологиудыг шууд шууд нэвтрүүлээд, хачин хурдан хөгжөөд, гүйцэж түрүүлэх ухааны юм ярих болов. Үүнийгээ “угтаж хөгжих” гээд нэрлэчихэж. Эсвэл би буруу дуулаад, буруу ойлгоод яваа хүн юм болов уу?

Бид ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж эхлээд 18 жилийг ардаа орхиод байгаа хэрнээ үндсэндээ шилжилтийн үедээ л яваад байгаа юмдагуудаа. Энэ хугацаанд боловсролын салбарт харин бага зэрэг ахиц гарсан мэт өнгөц харагдавч үндсэндээ өмнөхөөсөө муудаад, нөгөө “сахил хүртээд шал дордов” гэгч болсон юм шигээ. Ар өврийн хаалгаар нөгөө “томчуудын” маань хүүхдүүд улсын өч төчнөөн мөнгөөр гадаадад сураад л байгаа дуулддаг. Төрийн мөнгөөр сурч сурчаад сайхан газрын зөөлөн амьдралд дасаад, Монголд очиж амьдрана гэдэг “там” санагдаад байна гээд хэвтэцгээдэг гэсэн. Дунд сургуульд бусдаасаа арай дөнгүүр сурсан хэдийг нь улс оронд хөгжил соёл авчирах шинэ үеийг боловсруулж байна гээд гадаад руу илгээгээд л байдаг. Харин дотоодод хар ажил хийх дургүй (дуртай хүн нэг ч байхгүйг манай оюутны тоо харуулдаг шүү) залуучууд 180 шахам тооны дээд сургуулиудад сурч байгаа нэрээр намар, өвөл, хаврыг шоудаж өнгөрөөнө. Эцэг эхийнхээ мөнгийг салхинд хийсгэж байгаагаа мэдсээр байж биеийн амрыг харж хэдэн жилийг амар жимэр өнгөрөөхөөр хоргодоно. Сургуулийн захирал болж албан тушаал ахих хэнээтэй багш нар нь сургуулийн шинэ шинэ салбар байгуулаад улам олон жижигхэн салбартай болгоод байдаг. Гадаадад бол “Университи” гэдэг том сургуульд Байгалийн ухааны, Нийгмийн ухааны, Анагаах ухааны, Инженерийн ухааны, Хөдөө аж ахуйн, Боловсролын, Уралагийн гэх мэт тоймтой хэдэн салбар сургууль багтдаг ажээ. Өөрөөр хэлбэл Их сургууль нь бүх л салбарыг зааж сургадаг нэг л сургууль гэсэн үг. Харин манайд бол салбар бүр нь тусдаа “Университи”, жишээ нь ШУТИС, ХААУИС, УБИС, ЭМШУИС, СУИС гэх мэт. За тэгээд хувийн 20 оюутантай сургууль ч гэсэн “Университи” гэж нэрлэхээс сийхгүй шахам болжээ. Ингээд олон Их сургууль дотроо утгагүй олон жижиг сургуультай. МУИС л гэхэд Физикийн сургууль, Химийн сургууль, Биологийн сургууль, Газар зүйн сургууль гэх мэт гадаадад ганцхан байгалийн ухааны сургууль гэж байдаг өчнөөн салбар сургуультай. Яагаад гэвэл бүгдэд нь нэг нэг “захирал” хэмээх албан тушаалын донтон байгаа учраас тэр. Тэр “донтонгууд” Монгол улсыг угтаж хөгжүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа бололтой.

Ийнхүү бид 18 жилийг урагшаа биш ухардаг араагаар явжээ. Одоо энэ эрүүл бус хөгжсөн, эрэмдэг зэрэмдэг боловсролыг босгое гэвэл суурьнаас нь эхлээд шинээр босгох хэрэгтэй юм биш үү гэсэн бодол төрдөг юм. Оройтолгүй хийвэл бид 16 жилийн дараа жинхэнэ бүрэн боловсорсон иргэдтэй болох юм. Ингэхийн тулд “Нэгдүгээр” ангийн багш нарын цалинг л хэдэн сая төгрөг болгочих хэрэгтэй. Өөр нэг их хөрөнгө оруулалт хэрэггүй. Тэр багш хариуцлагатайгаар хичээлээ заагаад 5-р анги хүртэл аваад яваг. Дараа дараагийн жилээс тийм цалин авах багш нарын тоо бага багаар л өснө. Төрийн нуруунд нэг их ачаа болохгүй шүү дээ. Тэдгээр хүүхдүүд дунд ангид орох үед дунд ангийн багш нарын цалинг нэмсээр багш нар хамгийн өндөр цалинтай бол манай боловсрол хөгжихгүй гэж үү? Хадгаламж банкны Чимэдцэрэнгийн үрсэн 14 тэрбум төгрөг Монголын бүх багш нарыг 2 жил 500 мянгаар цалинжуулж хүрэх мөнгө болж таарсан. Тэгвэл зөвхөн нэгдүгээр ангийн багш нарын цалин тэрнээс ч бага мөнгө орохоор байгаа биз. Бид ингэж л “Угтаж хөгжих” ёстой бус уу? Энэ маягаараа явбал дахиад 18 жилийн дараа энэ байрандаа, эсвэл дахиад ухарчихсан...

Labels: