Sunday, February 24, 2008

Номын шинэ хувилбар

2005 онд бичиж хэвлүүж байсан номынхоо эхийг сайжруулж засварлаад бэлэн болголоо. Одоо хэвлэх үйлдвэрт өгөх л үлдэв.

ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙН ӨМНӨХ ҮГ
Энэхүү "Электроникийн үндэс" номыг 2005 онд анх удаа хэвлэн гаргасанаас хойш 3 жил өнгөрчээ. Номын хэрэгцээ их давчуу байсан учир бага сага алдаатай хэвлэгдсэнд дахин хүлцэл өчих хэрэгтэй болов уу. Энэ удаад алдаа мадгийг нэлээд сайн шүүж, мөн нэмэлт материалууд, фото зургуудыг нэмж оруулсан болно. Энэ 2 дахь хэвлэлийн нэг онцлог бол практик зөвлөлгөөнүүд болох 15-р бүлгийг нэмж, электроникийг эхлэн сонирхогчидод ямар багаж хэрэгсэлүүд хэрэг болдог, мөн ямар материалуудыг ашиглан анхны туршилтын блокуудаа угсарч болох талаар аргачлал, зөвлөгөөнүүдийг орууллаа. Анхлан оролдож байгаа хэн бүхэн ямар ямар багаж хамгийн түрүүнд олж авах хэрэгтэй хийгээд тэдгээрийг хэрхэн ашигладаг талаар анхны мэдэгдэхүүн өгөхийг зорьсон болно.
Номыг анхнаасаа их дээд сургуулийн оюутнуудаас гадна электроникийг хобби болгон сонирхогчидод зориулсан билээ. Түүнчлэн 11-12 жилийн сургуулиудын физикийн багш нар ашиглан, сурагчдынхаа дунд электроникийн дугуйлан хөтлөн явуулахад ч ашиглаж болох юм. Тиймээс зарим нэг бүлэгт практик хэрэглээтэй бодит хэлхээний жишээнүүдийг оруулсан болно. Тэдгээрийг угсарч туршихдаа хүчдэлийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг зөвлөе.
Өнөөдөр манай урд хөрш БНХАУ-д технологийн үсрэнгүй дэвшил гарч, дэлхийн аль ч улсад хэрэглэгдэж байгаа багаж тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг болжээ. Ялангуяа электроник, микроэлектроникийн багаж төхөөрөмжүүд, түүнчлэн электрон элементүүдийг чанарын маш өндөр түвшинд үйлдвэрлэдэг болсон нь манай улсын зах зээлд ч өргөн нэвтэрч байна. Манай залуус орчин үеийн технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэн, зохион бүтээх ур чадвараа хөгжүүлэн ихийг бүтээнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаагийн зэрэгцээ электроникийн хэлхээ, төхөөрөмжүүдийг зохион бүтээхүйц мэдлэгтэй болоход энэ ном өчүүхэн ч гэсэн дэм болж, анхны алхамаа хийх гишгүүр байх болно гэдэгт итгэлтэй байна. Эвдрэл гэмтэл гарсан төхөөрөмжүүдийг практик дадлагаараа засварлаад, гэмтэл согогыг нь олох гэж оролддог техник сонирхогч залууст ч онолын мэдлэгээ зузаатгахад энэ ном үр өгөөжөө өгөх байх гэж найдахын ялдамд уншигч та энэхүү номыг шүүн тунгааж санал бодлоо нээлттэйгээр зохиогч надтай солилцоно гэж хүснэм.

Б. Бат-Отгон Сөүл хот, 2008 он

Labels:

Friday, February 22, 2008

Нийтийн тээвэр

Улаанбаатар хот маань нэг сая давсан хүнтэй том хот болжээ. Үнэхээр манай улс ядуудаа юмуу, эсвэл төр засаг маань үнэхээр ийм лойчихсон юм уу нэг л унхиагүй л амьдарцгааж байна даа бид. Утаа, элдэв химийн хорт бодис, хортой архи гээд л хар бараан нь их болжээ. Энэ их хар бараан дунд гудамж замын түгжрэл, автобус унааны хомсдол гээд яваандаа хот биш зүгээр л нэг бөөгнөрөл болохдогоо.
Энд тэнд явж байхад хаа газар нийтийн тээвэртээ маш их анхаарсан байх юм. Манайд хэдэн автобус, алдаг оног сажилах хэдэн тролейбусаар л нийтийн тээвэр гэгчээ залгуулж байх шив дээ. Австрийн Вена хотод хэсэг байхад тэндхийн U-bahn буюу манайхаар бол метро нь их таалагдсан. Нэг сая гаруйхан хүнтэй (одоогийн УБ шиг) хот гэхэд 1995 онд л метроны 7 шугамтай байсан одоо нэмэгдсэн байлгүй. Монголчууд бид Москвагийн метрог сайн мэднэ. Москвад метронд л орчихвол төөрөхгүй ээ гэж бүгд ярьдаг. Олон л шугамтай, кольцовая линия гэдэг шугамыг сайн санаж байна. Бүх шугамыг огтолж гардаг тойрог шугам болохоор түүгээр шугамаас шугамд дамжаад л туугаад байдагсан.
Сөүлийн метрог одоо бол нэвт шувт явж байнаа. 12 шугамтай хаа л бол хаа хүргэдэг хамгийн найдвартай унаа. Үнэ бол хамгийн хямд унаа. Бас хурдан.
Тэгээд Монголд маань метро тавих юм гэнэ гэсэн яриа сүүлийн үед дуулддаг боллоо. Хаанаас хаа хүртэл хэдэн км ухах юм болдоо. Бүү мэддээ. Харин манайх шиг дэд бүтэц муу хөгжсөн газар газар доогуур ухах гэж байснаас нэг сумаар хоёр туулай буудах нэг санаа байнга төрдөг юм. Тэр тухай би энд дурдах гэсэн юм. Даан ч би шийдвэр гаргах хүн биш, бас дээр нь тээврийн мэргэжилтэн биш болохоор бас сайн мэдэхгүй л дээ. Зүгээр л өөрийн санааг л дурдаж байгаа юм шүү.
Дэлхийн олон оронд Моно-Рэйл гэдэг ганц рейлс замтай галт тэргийг их хэрэглэдэг болжээ. Санаа нь бол бүүр 1940-50-иад онд хүмүүс гаргаж байж. Харин би Токиод бүр дотор нь зориуд сууж үзсэн их дажгүй эд байсан шүү. Харин ч хотыг дээрээс нь хараад орчинтой танилцахад нэн таатай эд байсан. Энд анх 1960-аад онд зурсан нэгэн зохион бүтээгчийн дээрээсээ дүүжлэгдэж явдаг монорэйлийн зураг байна.

Ийм дүүжлэгдэж явдаг монорэйл яг одоо Японы Шонан гэдэг хотод байдаг юм байна. http://funini.com/train/tokyo/shonan_mono/

Энэ бодвол зогсоол станц нь бололтой. Доогуур нь машин гарах замтай байна.

Тэгвэл манай УБ-т энхтайвны гудамжиндаа дээгүүр хурдны зам тавиад доор нь монорэйл төмөр зам тавьж яагаад болохгүй гэж? Газар доогуур метро тавилаа гэхэд бас дээгүүр хурдны зам тавих л байхдаа яваандаа. Ийм монорэйл бүхий хурдны замыг Офицерүүдийн ордноос 1-р хороолол хүртэл тавьчихвал ч түгжрэл байхгүй, дээр нь автобус тролейбус гэж зовохгүй л болно доо. Харин босоо чиглэлдээ автобусуудаа явуулаад байвал УБ шиг хөндлөн сунаж тогтсон хотын нийтийн тээвэр болоод л явчихмаар санагддаг юм. Патент шүү энэ хэхэ

Labels:

Wednesday, February 13, 2008

Татварын өршөөлийн хууль


Манай улс ч амар юмаадаа. УИХ-ын гишүүн болсоныхоо хэргийг ч нэг гаргацгааж байх шив. Ийм толгойтой улс хэзээ нэг хөгжиж сайхан болох юм бол доо. Маний нас хүрэхгүй байхаа даа. Нэг иймэрхүү л дүр зураг толгойд орж ирээд байхаар нь зурчихав.

Labels: