Friday, December 28, 2007

Бурхантай ярилцсан нь

Би хэдийгээр Есүс шүтдэггүй ч найзынхаа явуулсан энэ линкийг үзээд үнэхээр үнэн үгтэй юм гэж бодлоо. Бурхан Будда ч ингэж л хэлэх байх даа.
http://www.theinterviewwithgod.com/viewmovie.html

Би БУРХАНТАЙ ЯРИЛЦАЖ БАЙНА гэж зүүдэллээ.
“Чи тэгээд надтай яримаар байгаа юм биз дээ?” гэж БУРХАН асууж байна.
“Хэрэв та завтай бол...” гэж би хэллээ. БУРХАН инээмсэглэв.
“Би бол мөнх шүү дээ...
... чи ямар зүйлс асуумаар байна?”
“Хүн төрөлхтний юу нь таныг гайхашруулдаг вэ?”


БУРХАН хариулж байна...
“Тэд хүүхэд наснаас уйдаж, хурдхан том болохыг мөрөөддөг мөртөө,
насан туршдаа эргээд хүүхэд болохыг хүсдэг.”
“Тэд мөнгө олох гэж эрүүл мэндээ бардаг...
... тэгээд мөнгөө эрүүл мэндээ сэргээхэд үрж дуусгадаг.”
“Ирээдүйн төлөө санаа зовдог хэрнээ,
одоо үеээ мартдаг,
яг л одоо ч ирээдүй ч байхгүй мэт амьдардаг.”
“Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг хэрнээ,
үхэхдээ хэзээ ч амьдар ч байгаагүй юм шиг харамсдаг.”
БУРХАН миний гараас бариад, бид хэсэг дуугүй зогсов.

Би дахиад асуулаа.
“Эцгийн хувьд та хүүхдүүдээ амьдралын ямар хичээлүүд сураасай гэж бодож байна?”

“Тэд өөрсдийгөө хайрлахыг хэн нэгнээс албадаж болохгүй ч
хэн нэгнээр хайрлуулж чаддаг байгаасай.”
“Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж бодох сайн зүйл биш гэдгийг ойлгоосой.”
“Өршөөж уучилах дасгалыг байнга хийж,
өршөөж уучилахыг сураасай.”
“Өөрийг нь хайрладаг хүмүүст гүн шарх үүсгэхэд хэдхэн секунд болох ч
эргүүлж эдгээхэд өчнөөн он жилүүд шаардагдах болно гэдгийг ойлгоосой”
“Баян хүн хамгийн хангалуун биш,
хамгийн бага хэрэглээтэй хүн хангалуун гэдгийг сураасай.”
“Өөрийг нь хамгийн ихээр үнэн сэтгэлээсээ хайрладаг ч
зүгээр л сэтгэлээ илэрхийлж, харуулж хараахан
чаддаггүй хүмүүс байдаг гэдгийг мэдрээсэй.”
“Хоёр хүн нэг зүйлийг
хоёр өөрөөр хардагийг мэдрээсэй.”
“Нэг нэгнийгээ өршөөж уучилахаас гадна
өөрөө өөрсдийгөө уучилж сурах ёстой.”

“Танд маш их баярлалаа” гэж би шивнэлээ.
“Чиний хүүхэд мэдвэл зохих өөр зүйл байна уу чамд?” гээд, БУРХАН инээмэсэглэн
“Тэгвэл намайг мөнх энд байдгийг хэлээрэй.” гэлээ.

Labels:

Tuesday, December 11, 2007

Газардуулга

За амласан ёсоороо газардуулгын тухай бичье.
Газардуулга гэж хүмүүс их сонссон боловч чухам ямар үүрэгтэй, ач тустай эд вэ гэдгийг тэр бүр сайн мэдэхгүй. Зарим нэг хүн аянга цахилгаанаас авран хамгаалдаг эд гэж боддог. Арга ч үгүй юм. Өнөөдөр цахилгааны инженер хүнээс асуухад төдийлөн сайн мэддэггүй юм билээ. Хуучин социализмийн үед бэлтгэгдсэн цахилгааны инженерүүд бол үйлдвэр, цахилгаан станцад л хэрэгтэй болохоос айл гэр, албан тасалгаанд ямар хэрэг байхав гэж боддог байх.
Бид өвлийн улиралд нэг нэгэнтэйгээ мэндлэх гээд гар барих, эсвэл элдэв метал биетүүд, цахилгаан тоног төхөөрөмжид хүрэхэд час хийн оч үсэрч, хуримтлагдсан цахилгаан цэнэг ялгардаг. Энэ цэнэг хаанаас үүсээд, яагаад хүнээс хүнд, биетээс биед дамжидаг вэ гэсэн асуудал гарч ирдэг. Үүний гол учир нь бид газар дэлхий хэмээх агуу том дамжуулагч бөмбөлөг дээр зогсож байгаатай холбоотой юм. Нэг ёсондоо хүний бие гутал гэсэн тусгаарлагчтай дэлхий гэдэг дамжуулагчтай цахилгаан конденсаторын нөгөө дамжуулагч ялтас нь болоод бяцхан конденсатор үүсгэдэг байна. Хүний бие гэдэг бол ус, эрдэс бодис бүхий цахилгаан дамжуулдаг биет юм. Энэ багтаамж нь 100 пикофарад орчим өчүүхэн багтаамж юм.
Тэгэхээр хүн алхаж гишгэхдээ газарын гадаргуутай үрэлцсэнээр тодорхой хэмжээгээр цэнэгждэг. Зуны улиралд агаар чийгтэй байдаг учир агаараар энэ цэнэг дамжин саармагждаг учир энэ үзэгдэл өвөл л их ажиглагдана. Энэ цэнэг нь хүний бие-гутал-дэлхий гэсэн конденсаторт хуримтлагдахдаа 8000Вольт хүрнэ! Аймаар их хүчдэл байгаа биз? Хүн цааш алхах тусам энэ хүчдэл нэмэгдэнэ. Өвлийн хуурай улиралд 30 мянган вольт хүрдэг гээд боддоо. Хүн өөрөө тэгээд энэ хүчдэлдээ цохиулаад үхчихдэггүй юм уу гэж гайхаж байна уу? Үнэн хэрэгтээ хүн цахилгаан гүйдэлд үхдэг болохоос хүчдэлд үхдэггүй юм. Энэ цэнэг өөр биет рүү дамжихдаа л гүйдэл үүсгэх боловч үүсгэх гүйдэл нь хэдхэн миллиампер гүйдэл үүсгээд нөгөө өчүүхэн цэнэг маань секундийг мянга хуваасны хэдхэн үед саармагжина гэсэн үг. Тэгэхээр үүсгэх гүйдэл нь хүний биед төдийлөн гэмтэл учруулж чадахгүй. Бид час хийх агшинд жоохон өвдөлт мэдэрдэг шүү дээ. Харин энэ цэнэг алдалтийн үзэгдэл компьютер мэтийн нарийн цахим төхөөрөмжийн эд анги руу дамживал юу болно гэж та бодож байна? Магадгүй та хэд хэдэн хулганаа хувцасаа тайлаад, компьютерийн ард суухдаа барьж аваад чадхийлгэж байсан байж мэдэх юм шүү. Энэ час хийсэн цэнэг алдалт компьютерийн товчлуур, телевизор гээд албан тасалгаа, айл гэрийн олон арван цахим төхөөрөмжийг жагсаалаас гаргадаг. Тэгвэл үүнээс хамгаалах гол арга бол цахим төхөөрөмжөө найдвартай газардуулах, бас газардуулагдсан металд эхлээд гараа хүргэж цэнэгээ алдагдуулж сурах явдал юм. Тэгэхээр газардуулгатай розеткатай, тэр нь найдвартай газардуулагдсан бол таны төхөөрөмж аврагдана. Газардуулаагүй байвал төхөөрөмжид шилжсэн цэнэг эд ангиудад хуваарилагдана гэсэн үг. Компьютерийн эд анги 5вольт, 12вольтоор ажилладаг. Харин таний бие 30мянган вольт цэнэгтэй байсан гээд бодоорой.
Цахим төхөөрөмж бүр дотроо цахилгаан тэжээлийн хувиргагчаар өөрийгөө тэжээж байгаа. Энэ тэжээлийн хэсгээр дамжин шугамын хүчдэлээс хэлбэлзэл ирсэн тохиолдолд их бие (корпус) буюу газардуулагч руу дамжуулж хамгаалах элемент түүн дотор байрлуулсан байдаг. Энэ элементийг залгуур сэрээний хоёр үзүүр бүрт корпустай холбосон байдлаар хийсэн байгаа. Гэтэл таны төхөөрөмж газардуулагдаагүй байвал яах вэ? Нөгөө шугамын хүчдэлээр дамжиж ирсэн хэлбэлзэл нэгдүгээрт устаж алга болохгүй. За ийм хэлбэлзэл төдийлөн үүсээд байхгүй хотын орон сууцанд бол гэмтэл төдийлөн мэдрэгдэхгүй байх л даа. Гэр хорооллын хэлбэлзэл ямар байдаг билээ, тэгэхээр гэмтэх нь олон байх нь гарцаагүй байгаа биз? Газардуулгатай байсан бол аврагдах байлаа.
Түүнээс гадна бид компьютерийг дэлгэц, принтер, сүлжээ, модем гэх мэт маш олон төхөөрөмжид холбож хэрэглэдэг. Түрүүний хамгаалах элемент маань их биетэй холбоотой байдаг гэж хэлсэн. Тэгвэл газардуулгагүй төхөөрөмжийн их бие дээр эдгээр хамгаалагч элэментүүдээр дамжин 220/2=110Вольт хүчдэл байнга гараад ирсэн байдаг. Заримдаа та компьютерийнхээ их биенд хүрч байгаад өөр төхөөрөмж юмуу фар гэж нэрлэдэг халаалтийн радиаторт хүрэхэд тог цохидог. Энэ бол харин ч хүний биед аюултай гүйдэл шүү! Та 110 вольтод цохиуллаа гэсэн үг. Хэрвээ газардуулсан байвал энд 0Вольт байна. Энэ хүчдэл бас төхөөрөмжөөс төхөөрөмжид маш аюултай! Асаалттай компьютерт принтерээ залгах гээд компьютерийн параллел портоо шатаах явдал албан газруудад өдөр бүр нэг гарч байгаа гэхэд буруудахгүй л болов уу. Манайхан принтерээ байнга нэгээс нэгэндээ дамжуулж хэрэглэж байгаа харагддаг. Бас л газардуулгагүй розетка хэрэглэсэний гай. Учир нь 2 төхөөрөмжийн корпусууд дээр хүчдэлийн ялгаа бий болсон байжээ. Тэр нь холбогч кабелиар дамжисанаас портыг эвдэлсэн байна. Тэр кабель бол зөвхөн нам хүчдэл дамжуулдаг байж таараа шүү дээ. 1995 онд шиг санаж байна, намайг НИК ХК-д ажиллаж байхад 100-аад компьютерийн сүлжээний адапторууд нэгэн зэрэг шатаж байсан юмдаг. Газардуулгагүй розеткуудыг солиулах гэж зовж байсан маань нэг л өдөр шийдэгдсэн юм. Сүлжээний кабелиар хүчдэлийн зөрүү орж ирсэн гэсэн үг л дээ. Том албан газарт бол энэ зөрүү 380вольт болдог. Учир нь төхөөрөмжүүд хувьсах гүйдлийн өөр өөр фаз дээр холбогдсон байдаг.

Аан тийм мартах шахлаа. Манайд заримдаа орцоороо хүчдэл хэт ихсээд айлуудын хамаг хөргөгч ТВ, гэрэл чийдэн эвдэрсэн тухай маргаан гардаг. Бас гэр хороололд гудамжаараа шатсан гээд ТВ-ээр гарч байсан. Үүний учир нь бидний хэрэглэдэг шугамын 220вольт бол 380вольтийн 3 фазын шугамын зөвхөн нэг фаз буюу салаа нь байдаг. Тэгвэл нэг орцныхон нэг фаз дээр, нөгөө орцныхон нөгөө фаз дээр бүгд холбоотой байдаг. Энэ үед 0вольтын шугам буюу "нейтрал" шугам тасарвал энэ хоёр орцны нийт хүчдэл 380вольт болж очдог байна. Ингээд айлуудын үнэт эд зүйлс хог болдог. Харин газардуулгатай байсан бол бас л аврагдана гэсэн үг.
За тэгэхээр ухаантай хүмүүс яагаад залгуурыг газардуулга гэдэг гурав дахь шонтой хийдэг, төхөөрөмжүүд маань холбох утас нь 3 байдагийн учир энэ. Өмнөх нийтлэлд байгаа "Schuko" залгуурыг сайн харж аваарай. Харин манайхан 19-р зууны 2 шонтой залгуураа л хэрэглээд байдаг. 20 биш 21-р зуунд орчихсон байдаг...

Labels:

Wednesday, December 05, 2007

Амьнаас үнэтэй хэрэглээ

Өдрийн сонины 12 сарын 05ны дугаар уншлаа. Энэ жил 1533 удаа гал гарсанаас 58 хүн амь насаа алдлаа гэнэ. “Ихэнх­дээ гэр хороол­лын айлуу­дад гал гарч байна. Цахилгаан тоног тєхєєрєм­жєє буруу угсарч, ашигласнаас vvдэл­тэй.” гэжээ. Энэ бол туйлын үнэн шүү. Манайхан цахилгааны аюулгүй байдлыг мэргэжлийн хүмүүс ч анхаардаггүй хайнга ханддагаас амь насаа алдах нь их байх юм даа. Хайран амь нас. Алтжингийн өчнөөн тэрбум төгрөгийн хохирол хүртэл цахилгааны гэмтэлээс гарсан гэсэн. Саяхан үрэгдсэн төрөөд 5хан хонож байсан хүүхэд бүүр ч өрөвдөлтэй. Тэгээд гэнэт хүмүүст энэ талаар ойлгогдохоор зөвлөгөө бичвэл яасан юм гэж бодлоо л доо. Манай барилгын материалын наймаачид Хятадын Эрээнээс кабель утас зөөдөг. Хятадын бүх кабель муу гэж хэлэхгүй ч манай наймаачдын зөөсөний ихэнх нь муу байдаг юм билээ. Арга ч үгүй юм даа, хямдыг нь авчирж зарвал илүү ашиг олдогтой холбоотой байх. Нэг удаа би цахилгааны утас авахаар 100 айлд очиж нэг утаснаас 3.5 метр авая гэтэл заавал 3 юмуу 4 метрээр л ав гээд болдоггүй. Тэгээд 4 метрийг аваад энд ямар учир байна гэж бодлоо. Наймааны ухаан л юм байх гэж бодсон юм л даа. Тэгсэн биш боллоо. Очоод нөгөө хэрэглэх байснаараа 50 см-ийг нь тайртал голын зэс утас нь хариугүй муу нарийхан юм болчихлоо. Гэтэл Хятад үйлдвэр нь тэгш метр бүрт бүдүүсгээд, бусад үед нь нарийсгаад зэс утас хэмнэсэн кабель хийжээ. Манай наймаачин өөрөө мэддэг учир заавал тэгш метрээр тайраад, бүдүүн утастай гэж харуулаад зараад байдаг юмсанж. Энэ бол нэг ёсондоо хүний амь насанд аюул учруулж буй гэмт хэрэг юм. Ийм кабель ачааллаа даахгүй, бүрээс нь хайлж шатах бол энүүхэнд шүү дээ. Ингээд хамгийн түрүүнд хамгийн найдвартай, зэс голтой цахилгааны кабель сонгож хэрэглэж сурах хэрэгтэй байна. Мөн хэр их ачаалалд ямар хэмжээний зэс голтой утас хэрэглэх вэ гэдгийг тооцох хэрэгтэй. Мэдээж бүдүүн тусмаа сайн ч гэсэн хэт бүдүүн бол бас тохиромжгүй шүүдээ. Үнэ өртөг, өнгө үзэмж гээд. Утасны зэс голын диаметрийг:
гэж тооцоолох ба гүйдэл нь ампераар өгч диаметр нь мм-ээр гарна. Жишээ нь 9 Ампер гүйдэл гүйх кабель сонгоё гэвэл
гэж гарна. Өөрөөр хэлбэл та 2 мм диаметр зэс голтой кабель хэрэглэж болно. Харин 1.5мм бол тийм ч найдвартай биш болно гэсэн үг шүү. Үндсэндээ бол 1мм байсан ч бүх юм хэвийн мэт ажиллана л даа. Яваандаа халж гэмтэх болно. Гал түймэр эндээс л эхтэй гэж ойлго.


Одоо тэгвэл хэр их гүйдэл гүйх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй гэсэн үг. Үүнийг бидний хэлж заншсан чадал гэдгээр олдог. Жишээ болгон 2Киловатт буюу 2000Ватт чадалтай халаагуур тен байсан гэж бодое. Тэгвэл хэдэн ампер гүйпдлээр ажиллах вэ? Чадал нь : P=220V·I бөгөөд эндээс гүйдэл нь: I=P/220V=2000/220=9.09A гүйдэл гарна. За хардаа, ганцхан цахилгаан тен л 9А гүйдэл хэрэглэж байгаа биз? Тэгэхээр танай гэрийн бусад цахилгаан хэрэгсэлүүдийг тооцвол юу болох вэ? Энд зарим нэг цахилгаан хэрэгсэлийн чадлыг үзүүлэе. Гэрийнхээ нийт хэрэглэх чадлыг ойролцоогоор тооцож үзээрэй.
1. Телевизор 14 инч: 60Ватт, 21 инч: 90Ватт, 34 инч: 200Ватт
2. Плитканы том ширэм:2000Ватт, жижиг ширэм: 1500Ватт
3. Хөргөгч бага:100Ватт, дунд: 150Ватт, том: 200Ватт
4. Гэрлийн шил 40Ватт, 60Ватт, 100Ватт гэх мэт
5. Микрополгионы зуух 1000Ватт
6. Индүү 1000Ватт
7. Ус буцалгагч 1500Ватт гэх мэт байна. Тэгэхээр энэ их хэрэглэгч бүрт 2мм утас орно гэж эндүүрч бас болохгүй шүү. Нэг айлын хэрэглээ бүх цахилгаан хэрэглэлээ зэрэг залгахад 10Киловатт болсон гэж бодое. 2000Ваттаас 5 дахин их гэсэн үг. Тэгвэл 10мм буюу бүтэн см бүдүүн утас хэрэглэнэ гэж бодвол андуурал болно. Энэ чинь бараг хуруу шиг бүдүүн болох нь байна. Харин нөгөө томъёогоороо бодоё. Гүйдэл нь I=P/220V=10000/220=45.5A болно. Тэгвэл эндээс утасны зэс голын бүдүүн нь:


Энэ нь энэ айлын цахилгааны шонгоос авах кабель утсын зэс голын бүдүүний хэмжээ гэсэн үг шүүдээ. Тэгээд өрөө бүрээр нь ачааллыг зөв тооцоолоод утсаа сонговол та галын аюулд өртөхгүй найдвартай цахилгаан хангамжтай боллоо гэсэн үг. Гэхдээ сэтгэл ханах бас болоогүй ээ.


Мөн миний ажигласанаар Хятадын, тэр бүү хэл сүүлийн үеийн Оросод үйлдвэрлэсэн залгуур, розетканууд ч маш муу хийгддэг болсон байна лээ. Ялангуяа манайхан Хятадын универсаль, бүх төрлийн хавтгай, дугуй, гурвалжин дөрвөлжин хэлбэртэй залгууруудыг шууд залгаж болдог уртасгагч хаа сайгүй хэрэглэж байгаа харагддаг. Энэ бол та хажуудаа тэсэрч дэлбэрэх дарь тавиад унтаж байгаатай л ижил гэсэн үг. Өнөөдөр Хятадын, Японы гэх мэтчилэн төрөл бүрийн электрон, цахилгаан бараанууд манайд орж ирж байна. Бүгд өөр өөр төрлийн хачин хэлбээртэй залгууртай байдгаас нөгөөх универсаль залгуур луу хошуурцгаадаг. Энэ бол хамгийн нэгдүгээр буруу алхам юм.


Гэртээ маш найдвартай газардуулгатай Европийн “Schuko” стандартын розетка хэрэглэж занших хэрэгтэй юм. Уртасгагч гэсэн мөн энэ стандартынх байвал зүгээр. Солонгос улсын стандарт нь яг энэ залгуур байдаг. Азийн улс мөртөө яагаад Европийн стандарт хэрэглэдэг вэ гэхээр шугмын хүчдэл нь Европийнх шиг 220Вольт, бас 60-аад онд Германд очиж ажил хийж амьдралаа дээшлүүлэгчид тэндэхийн цахилгаан бараа маш ихээр авчирдаг байсных гэж нэг Солонгос хүн хэлсэн, үнэн ч байж магад. Эд нарын нэг сайн тал бол хүний сайныг нь хуулахдаа маш сайн улс. Манайхан бол мууг нь амархан хуулдаг гэмтэй.





Өмнөх тооцоогоор нэг цахилгаан тен 9А гүйдэл хэрэглэж байсан шүүдээ. Тэгвэл ийм “Schuko” стандартын нэг розетка болон залгуур 16А гүйдэл даадаг байна. Тэгтэл Хятадын муу залгуур, уртасгагчууд 5А-аас дээш гүйдэл даадаггүй. Ийм уртасгагчинд цахилгаан тен залгавал утас нь хангалттай бүдүүнч гэсэн залгуур тань хайлж эвдэрнэ. Ингэж хайлж харласан розетка залгууртай айл олон таардаг. Хурдан л солихгүй бол та хэдхэн төгрөг нарийлсанаар амь насаа алдах болно гэдгийг анхаарвал зохино.


Ингээд бүх розеткаа "Schuko" болгоод, шинээр авсан төхөөрөмжийн тань залгуур танай розетка, уртасгагчид таарахгүй бол зурагт үзүүлсэн задалж угсарч болдог залгуур сэрээг авч төхөөрөмжийнхөө буруу хазгай (ялангуяа Хятад хавтгай сэрээг!) залгуурыг хайр найргүй тайрч хаяад солих хэрэгтэй. Мөн хувиргагч залгуурыг маш бага чадал хэрэглэдэг төхөрөмжид л хэрэглэхээс, ачаалал үүсгэдэг төхөөрөмжид бүү хэрэглээрэй. Гал гарахгүй ч гэсэн муу контакт үүсгэж, манайхны ярьдагаар "масслаж" байгаад Телевизор, систем хөгжимийг өөрийг нь эвдэлдэг тун муу эд шүү. Таны орон гэр, амь нас үнэтэй юу? Энэ 500 төгрөгийн сэрээ үнэтэй санагдаж байна уу? Дараагийн удаа би газардуулгатай залгуурын ач холбогдолыг тайлбарлая.

Labels:

Monday, December 03, 2007

Электроникийн үндэс


2004 онд МУИС-ийн Физик-Электроникийн сургуульд электроникийн үндэс хичээлийг орж байхдаа Монгол хэл дээр электроникийн ном хэрэгтэйг ойлгосон юм. Ингээд “The Art Of Electronics” номыг орчуулахаар барьж авсан боловч нэг л нуршуу урт болоод, бас зохиогчийн эрхийн асуудал гарч ирэх нь ойлгомжтой учир зөв шийдэл биш юм байна гэж бодлоо. Ингээд Австралийн нэгэн коллежийн www.allaboutcircuits.com сайтаас санаа авч, мөн 1987 онд Э. Дамдинсүрэн багшийн уншиж байсан лекцийг гол баримжаа болгон энэ номоо бичсэн билээ. Номыг бичихэд ангийн анд Г. Батдэмбэрэл маань тун их санаачлага гарган, үг үсгийн алдааг шүүж, мөн санаа оноогоо байнга тусгаж, зөвлөлгөө өгч байсан учир хамтран бүтээгчээр оруулсан юм. Харин номыг маань сургууль төгсөхөд дипломын удирдагч маань байсан С. Лодойсамба профессор хянан тохиолдуулж, редакторлосон билээ. Энэ дашрамд эдгээр хүмүүст талархсанаа илэрхийлэе.
Анхны хэвлэлт байсан, мөн хичээлд хэрэглэх яаралтай шаардлага байсан учир тун яаруу бичсэн зэргээс жоохон дутуу дулимаг болсон бол уншигч оюутнуудаасаа хүлцэл өчих хэрэгтэй байх гэж бодож байна. Ингээд энэ номоо Солонгосд өндөр чанартайгаар дахин хэвлүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод эхийг нь засварлаж байгаа билээ. 2 дахь хэвлэлт тун удахгүй уншигчидын гар дээр очино.
Номыг их дээд сургуульд электроникийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад зориулсан боловч электроникийг хобби болгон сонирхдог залууст ч хэрэг болох болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ номыг уншиж үзсэн бөгөөд ямар нэгэн санаа оноо байвал энэхүү блогт коммент үлдээхийг хүсэж байна.

Labels: