Thursday, September 20, 2007

Нэгэн зургийн түүх


МУИС электроникийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 40 жилийн ойд зориулж дурсамж ном гаргах болсон тул материал өгнө үү гэсэн урилга аваад хуучин зургууд дотроос энэ зургаа олж авлаа. Электроникч мэргэжилтэй болох хувь заяа маань МУИС-ийн Физикийн элсэн орсонтой минь салшгүй холбоотой билээ.
Хүүхэд байхдаа физик, электроникийг сонирходог байсан хэдий ч хаанаас ямар ном сэтгүүлээс анхны ойлголтоо авах талаар А ч үгүй амьтан байжээ. Хуучнаар ЗХУ-д хэвлэгддэг Радио сэтгүүл захиалж авах боловч нэгч зүйлийн ажиллагааг ухаж ойлгох мэдлэггүй хүн дэмий л схемийн дагуу угсрах гээд бүтэлгүйтлээр дуусдаг байлаа. Түүнээс гадна электрон элемент, деталиудыг олно гэдэг хамгийн хүнд асуудал байв. Техник технологийн хөгжлийн хоцрогдол байсан юм болов уу, юм юм ховор гэж яасан ч хэцүү байгаав дээ.
Радио-Электроникийн тухай мэдлэг маань ар тал нь задгай (үргэлж жирэлзэж байдгаас лампнуудыг нь хөдөлгөж дарж гаргадаг) 67 оны “Темп” хар цагаан зурагт, аавын маань үргэлж дэрнийхээ дэргэд тавьж сонсдог, 8 хагас дамжуулагч транзистортой радио хүлээн авагч, түүний өмнө ажилладаг байгаад дуугарахаа больсон учир амбаарт залагдсан “Родина” нэртэй том модон радио хүлээн авагч гурваар хязгаарлагддаг хүн маань 1985 оны 9-р сард МУИС-ын физикийн ангид элсэн оров. Гэхдээ нөгөө гурвынхаа нарийн ажиллагааг нь бас л мэдэхгүй, мэддэг байсан бол Родина нь дуугараад, Темп нь цохиулж нүдүүлэхгүй гардаг болохгүй хаачихав.
Ингээд МУИС-ын Физик Математикийн Факультетийн Физикийн ангид орж сурч эхэллээ. Хичээлүүд яахав 1-р курсэд өнөөх л математик, физик гэсэн ерөнхий эрдмийн хичээлүүд ороод байдаг. Сургуулийн хонгилоор явахад тааралдсан дүүрэн электрон багажтай 2-3 лабораториор шагайж үзсэнээс хэзээ орж хичээллэхийг бүү мэд амьтан манаргаж явсан. Тэдгээр нь 3 курсээс мэргэжлийн хичээл ордог лабораториуд болохыг дээд ангийн оюутнуудаас мэдээд бушуухан л 3-т орох юмсан гэж яардагсан. Бас нэг сонирхолтой газар бол МУИС-ийн тооцоолон бодох төвд 60-аад оны сүүлээр үйлдвэрлэгдсэн “Минск-22” нэртэй дунд сургуулийн 3 бүтэн ангийн дайтай өрөөнүүдийг эзэлсэн асар том ганцхан машин байлаа. Хөөрхий тэр нь одоогийн ширээн дээрх персональ компьютерийн өвөг эцэг шүү дээ. Хоёрдугаар курсын эхний улиралаас Цахилгаан соронзон ба Электродинамикийн хичээл, хоёрдугаар улиралаас “Электроникийн үндэс” хичээлийг Проф. Э. Дамдинсүрэн багш маань орж сүүнээс гараагүй гөлөгний нүд нээгдэх шиг болсон юм. Үндсэндээ электроникийн цагаан толгойг заасан анхны багш маань юм даа. Харин намайг 2-р курст байхдаа л Радио долгионы тархалтын лабораторид сууж элдэв юм оролдож, өөрийн гараар хийж эхлэх боломжийг тэр хавар болсон нэг үйл явдал нээж өгсөн юм. Тэр үед МУИС дээр багш оюутны Зохион бүтээх товчоо-г манай залуу багш нар санаачлан байгуулж оюутнууд бүртгэж байна гэсэн зар гарсан байв. Бөөн зохион бүтээх хорхойтой хүүхэд давхиад очлоо. Ингээд товчоо хичээлийн нэгдүгээр байрны дээр электрон цаг хийж нийслэлийн өнгө үзэмжид нэмэр оруулах юм болоод явчихлаа. Би тэр ажилд Ж. Нямжав багшид туслан цагны электрон удирдлагыг хийлцэх хэсэгт орсоноор тэр лабораторид нэвтрэх эрхийг хугацаанаас өмнө олж авсан хэрэг. Бид тэр цагаа хийх нь хийсэн ч тог тасрахаар алдчихдаг, өдөр хурц наранд харагдахаа больчихдог юм болоод нэг их удалгүй буулгагдсан санаж байна. Зохион бүтээгчдийн чадваргүйтэй холбоотой биш юм шүү, тэр социализмийн үеийн электрон деталиудын олдоц муу, за тэгээд технологийн хөгжил сул байсны л уршиг юм даа. Ингээд нэг жил Нямжав багшийгаа дагаж функциональ генератор, логик анализатор, дууны өсгөгч, тэжээлийн блок гээд нэлээд хэдэн юм хийж угсараад, тэдгээр маань ажиллаж ШБОС-87 үзэсгэлэнгээс диплом авч тодорсон оюутан болж билээ. Миний хийсэн дууны өсгөгчөөр оюутны 3-р байранд үдэшлэг, бүжиг зохиож бужигнадаг байсныг тэр үеийн байрны оюутнууд санаж байдаг байх. Фанер хөрөөдөж хийсэн том хар чанга яригчтай, 40 ваттын дууны чадлын өсгөгч байсан юм.
Нэг өдөр Нямжав багш маань чамайг нэг хүнтэй уулзуулая намайг дагаад яв гээд гаднаа нууц кодтой цоожоор цоожлогдсон хэр баргийн оюутан байтугай тэнд нь ажилладаггүй багш нар ч ордоггүй “Цөмийн шинжилгээний лаборатори” руу очлоо. Тэнд намайг П. Улаанхүү багштай уулзуулаад “би энэ нөхрийг чамд өгмөөр байна” гэдэг юм. Тэр нь намайг оросын технологиос хамаагүй илүү, өнөөгийн барууны электроникийн түвшинд юм зааж өгөх багш дээр маань дагуулж очсон хэрэг байв. Улаанхүү багш ч “за чи юу хийж чадах хүн бэ дээ” гэсэн янзтай харсан боловч “за яахав юм хийлгээд үзье” гэснээр шинэ багшийн гарын шавь боллоо. Энэ лабораторид социализмийн үед монголд нэвтрээгүй шинэ шинэ зүйлсийг ЦШЛ-д Олон улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн төслөөр оруулж ирээд удаагүй, жинхэнэ эрч хүчтэй ажилладаг байсан хүн нь яах аргагүй манай Улаанхүү багш байв.
Ингээд энд маш их юм сурч, микропроцессорын техник, нөгөө 3 танхим эзэлсэн машиныг хол хаясан Apple-II гэдэг 8 битийн микрокомпьютертэй танилцаж, тэр байтугай Монголын анхны “Пионер” компьютерийг зохион бүтээхэд гар бие оролцож гагнуур хийж байлаа. ЦШЛ-ийн 105 номерийн өрөөнд дээд курсын ах О. Басанхүү, Болдбаатар, ангийн анд С. Энхболд бид хэд шөнө орой болтол ном уншиж, элдэв блок угсран туршиж, програм бичиж суудаг байлаа. Заримдаа хийж байгаа зүйлдээ ухаан алдан, дотуур байрны невал (байрны оюутнууд ээлжилж өрөөгөө цэвэрлэн, хоол унд хийдэг байв)-ийн үүргээ умартаад шөнийн 23 цагт очиж өрөөнийхөндөө зэмлүүлэн шөнө дөлөөр хоол хийдэгсэн. Өнөөдөр тийм ийм юм хийж сурлаа гэж ярихад өрөөнийхөн маань тэр дороо л миний ярианд автаад технологийн хөгжлийн гайхамшгийг сонсож кайф аваад унтацгаадагсан. Төдөлгүй тэр үеийн хамгийн том, өдөр тутмын сонин “Үнэн” сонинд багштайгаа гарч, сурч мэдэж байгаагийн минь үр шим юм болов уу гэж бодон маш их урам орсоны түүх ийм ажгуу. Хэхэ нөгөө Дамбийжаагийн “мандан бадарч” явах үеийн зураг гэдэг шиг.

Labels:

Monday, September 17, 2007

My Desktop


Зуны сар зургаа бишээ гэж үнэн үг шүү. Нэг мэдэхэд л амралт дуусаад сургуульдаа эргээд ирчихсэн ном дэвтэр дүүрэн цүнхэндээ түүртсэн ч нааш цааш яаран алхалах үй түмэн оюутны дунд ороод, мөн л завгүй, хичээл ном гэсэн амьдралд умбаад хагас сарыг өнгөрүүлчихлээ.
Нэг мэдсэн ширээн дээрх ном, цаас, элдэв үзэг харандаа, ам арчсан салфетка ч хэвтэх шиг замбараа нь олдохгүй юм болчихож. Гэхдээ миний нэг муу зуршил ийм замбараа муутай байх тусам юмаа хурдан олоод байх шиг санагдаад байдаг юм. Янзалчихаараа хамаг юмаа олохоо болиод мунгинаад явчихна. За ширээ ч яахав бас тоймтой юм. Харин компьютерийн маань десктоп бас л аймаар олон айкон, ноут, фолдер за ёстой аймаар болсон байхаар нь хэсэг сууж цэгцэллээ. Харин энэ Виста Ултимэйт үйлдлийн систем бас их дажгүй өнгө төрхтэй юм. Гүүглийн десктоп Гаджет (Google Desktop) суулгачихсан чинь яг одоо гадаа байгаа цаг агаар, календарь, наадаг шар цаас, хийх ажлын жагсаалт, тооны машин, толь бичиг, гүүглээс хайх хайлтын жижиг цонх гэх мэт өчнөөн зүйлсийг гарын дор, ойрхон байрлуулаад хэрэглэж болдог, ёстой сайн десктоп органайзер юмаа. (Зураг жоохон тааруу харагдаад байвал дээр нь дараад үзээрэй)
Энэ нэг сайхан алтан намрын зургийг харахаар хэн нэгэн нь "за хө нар жаргах нь байна шүү, хийх юм юусан билээ, амжуулахгүй бол болохгүй шүү" гэх шиг болоод ирдэг юм. Нэг ийм сайхан нугад "За оройн сэрүүнд..." гээд хадлан дээр байгаа ч юм шиг хэхэхэ.

Labels: