Wednesday, June 27, 2007

Цаг хугацаа

Хүү маань 11-р ангиа төгслөө. Нэгдсэн шалгалт гээч юмаа овоо л өгсөн сурагтай. Би мэргэжилдээ дулдуйдаж, бас өвөөгийнх нь “Эцгийнхээ мэддэгийг мэддэг хүү бол сайн хүү биш зүгээр л хүү нь, мэддэггүйг нь мэддэг бол сайн хүү” гэж тэртээ 22 жилийн өмнө 10-р анги төгсөхөд минь хэлж байсан үгийг хэлж, хичээл ном, тоо физик, англи, хятад хэл гэх мэт зүтгүүлсээр 11-р ангийг нь төгсгөлөө. Төгсөхөд нь ч дэргэд нь байж чадсангүй өөрөө бас хүн төрөлхтөний хөгжилөөс хоцорохгүй санаатай энэ Хангүг газар сурсаар суух шив.
Эхнэр маань харин надтай ижил Физикийн мэргэжилтэй хүн болохоор урд хойно нь орж, хичээл номоо хий гэж эрхлүүлэх газар эрхлүүлж, загнах газар загнасаар өдий зэрэгтэй болгосон гол хүн нь юм л даа. Энэ жилийн тооны шалгалтын материал их хүнд байсан гэж хүн болгон ярих нь үнэхээр тийм юм болов уу, манай хүн ч тоон дээрээ 800 онооноос 654 оноо авсан нь жоохон чамлалттай ч физик, англи хэлээ 800 оноотой өгсөн байна. Овоо доо одоо ингээд биеэ даах, даль жигүүр нь тэнийж эхэллээ дээ. Муу аав минь намайг 10 төгсөөд МУИС-д сурахаар гэрээсээ явах үед “Миний хүү ингээд жигүүр нь ургасан шувуу болоод үүрнээсээ нислээ. Шувуу төрсөн үүрэндээ эргэж ирж өндөглөдөггүй юм шүү” гэж хэлэхэд нь аав маань хүүгээ гэрээсээ хөөж байгаа юм байхдаа, би төрсөн гэртээ эргэж ирэх эрхгүй гэж үү гэсэн бодол зурсхийж билээ. Аав бодлыг минь таасан мэт “Эцгийнхээ гэрт ирж, хонож өнжиж, аав ээжээ эргэж тойролгүй яахав. Эхнэр дагуулаад энд амьдарна гэж ирж болдоггүй юм шүү. Өөрийн гэсэн ажил мэргэжилтэй, орон гэртэй болоод биеэ дааж амьдрахын эхлэл ингээд оюутан болоод явж байгаа юм хүү минь” гэхэд нь л би өөрөө өөрөөсөө ичих шиг болсонсон. Он цаг харвасан сум шиг өнгөрнө гэдэг л энэ юм байна даа. Саяхан л өөрөө 10 төгсөж байсан санагдах юм. Гэтэл хүү маань сургуулиа төгсөж байдаг.

Labels:

Wednesday, June 13, 2007

НААДАМ

Наадам дөхөөд бөхчүүд бэлтгэлдээ гараад, уяачид морьдоо уяад эхэлжээ. Хүүхэд байхад сумын наадам гэж их сүр дуулиантай баяр санагддаг байж билээ. Нэгдүгээр анги төгстлөө Төв аймгийн Эрдэнэ суманд өссөн хүүхэд нас минь зохиолч Д. Гармаа гуайн “Хорвоотой таницсан түүх” гэгчээр л сонин санагддаг юм. Нээрээ энэ зохиолч маань бас энэ сумын хүн шүү дээ. Аав маань аймгийн төв рүү дэвшиж, манайх шилжсэнээр аймгийн төвийн нэгдүгээр арван жилд хоёрдугаар ангид орж билээ.
1984 он, 9-р анги төгссөн зун Эрдэнэ сумын 60 жилийн ой болоход аав маань сум нэгдлийн дарга Батсүмбэр гуайд намайг элдэв зураг зурж, сургууль ангийнхаа зурагт хуудас, ханын сонин гаргахаас эхлээд элдэв ажлыг хийдэг, сумандаа хийлгэх ажил байвал энэ нөхрийг аваад яв, дэвтэр номныхоо мөнгийг ч болтугай олог гэснээр зурах, бичих бүх л ажлийг хамт хийдэг ангийн анд Эрдэнэбаатарыг ятгаж байгаад хамт хөдөө явлаа. Наадам, сумын ой гээд хийх ажил их байсандаа л авч явсан байх, тэрнээс энэ муу хоёр бацаан юугаа л хийж чадаа аж гэсэн маягтай голонгуй л байсан санагдана.
Тэр үед модон хүрээнд татсан цуу ямбуу эсвэл цав цагаан пиаз даавуу гэдэг байсан санагдана, даавуун дээр нам төрийн томчуулын хөргийг зурж байшин дээр тогтоодог байсан даа. Хуучнаар ЗХУ-ын удирдагч Л. И. Брежнев нас бараад Ю. В. Андропов болсон боловч нэг жилийн дараа мөн л нас барсанаар К. У. Черненко гэдэг хүн шинээр гарч ирэн бүх аймаг суманд энэ хүний хөрөг шинээр хэрэгтэй болсон үе юм. Энэ хүний хөргийг зурж (тэр үед ийм томчуулын хөргийг батлагдсан зураач зурахаас хүүхдээр зуруулахгүй нь ойлгомжтой, гэвч лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр зуруулахаас өөр аргагүй болсон) сумын даргад үнэлэгдэж өөр бас олон лоозунг, зураг зурж билээ.

Манай найз бид хоёр бас зэс хөөмөл хийх гэж оролддог байсан учир тэр сумын найрамдалт харьцаат Унгар улсын төлөөлөгчдөд бэлэглэх зэс хөөмөл хийж өгсөн юм даг. Ингээд тус бүр 450 төгрөгтэй лут баян хөвүүд наадам болохоос өмнө сумын атамануудаас айгаад гэртээ харьж билээ хэхэ.

Labels:

Monday, June 11, 2007

Цэцэг

Дээх нь нэг Японд сурч байхдаа амьдралаа бичсэн Өвөр Монгол залуугийн тэмдэглэлийг уншиж байхад оюутнууд хүмүүсийн гаргаж хаясан эд зүйлийг их авч хэрэглэдэг тухай уншаад хаа газар оюутан амьдрал адилхан байх юм даа гэж бодсон юм. Солонгосд Монголчууд ийнхүү гаднаас олсон зүйлээ “Цэцэг” гэж өхөөрдөн нэрлээд, юм олсоноо “цэцэг түүв” гэж ярина. Би ч гэсэн энд удаан суухгүй учир зарим нэг электрон барааг ийм маягаар олж хэрэглээд явахдаа хаяаад явна гэсэн бодолдоо нэлээд дасах маягтай. хэхэ. Анх ирээд хичээл ном гээд ТВ нэг их үзэхгүй, тэгээд ч ихэнх суваг Солонгосоор гарах учир үзэх ч сонирхол байсангүй. Харин миний орсон гадаад профессорууд, оюутнууд голдуу суудаг байрны гадаа бүрмөсөн буцсан хүмүүс эд хогшилоо гаргаад тавьчих нь элбэг л дээ. Нэг өдөр тэндээс 21 инчийн ТВ олсоноор ертөнцийн цонх болсон ТВ үздэг нэг ажил эргээд нэмэгдсэн. Угаасаа эндэхийн ТВ систем NTSC учир эндээс худалдан авсан ТВ-г монгол руу зөөгөөд байх ямар ч хэрэг байхгүй, тэгээд ч Монголд хамаагүй хямд шүү дээ. Олзны ТВ маань гарах нь дажгүй ч хуучин загвар болохоор кабелийн ТВ-ийн ихэнх сувагууд гардаггүй эд байв.
Нэг өдөр цоо шинэ 29 инчийн ТВ олж ихэд баярлав. Гэртээ оруулаад залгатал харин гарч байснаа 20-оод секундийн дараа алга болдог хуучтай эд юмсанж. Тэгээд эзэндээ гологдоод гадаа заларсан эд байж таарав.
Жоохон завтай байсан, ТВ ухаж төнхдөг байсан мэргэжилдээ дулдуйдаад задлаад үзлээ. Automatic Tuning Control гэж ТВ хэсэг ажлаад халахад үүсдэг гажуудлаас хүлээн авч буй сувгаа хамгаалдаг микросхем нь шатчихсан байв.
Ингээд Сөүл хотын төвд байдаг электроникийн эд анги зардаг том зах руу очлоо. Хүн, машин багтахгүй бужигнасан, маш том газар, газар ч гэждээ манайхаар бүтэн хороолол байна. Арай гэж нэг төлбөртэй зогсоол олж тэргээ тавиад, нөгөө чипээ хайж гарлаа, цаг хэртэй явж байж оллоо. Үнэ нь тэгсэн 600вон буюу манайхаар 800 төгрөг л юм байна. Гарч ирээд машинаа авах гэсэн харин зогсоолын төлбөр 6000вон гэдэг юм байна. Хэхэ хөгжилтэй газрын үнэ ханш гэж нэг иймэрхүү л байх юм. Монголд бол чип нь 6000, зогсоол нь 600 вон байгаа даа гэж бодогдож билээ.

Labels: