Saturday, April 21, 2007

UNIVERSITY гэж юу вэ?

47.5 сая хүн амтай Солонгос улсад 178 Их сургууль байдаг юм байна. [ http://www.4icu.org/kr/ ] Гэтэл 2.8 сая хүнтэй манай улсад 2004-2005 оны хийчээлийн жилд 184 Их, дээд сургууль, коллеж байна гэсэн мэдээлэлийг: http://www.education.mn/index.php?option=com_content&task=view&id=18&Itemid=26 сайтаас харлаа. Гэхдээ би Монголд хэтэрхий их олон их дээд сургуультай гэж шүүмжлэх гэсэнгүй. Гол нь зохион байгуулалт буруугаас ийм олон тархай бутархай, хувийн дээд сургууль, коллежууд олширчихож гэж бодлоо. Миний сурч буй Сөүлийн үндэсний их сургууль Солонгос улсдаа 1-т ордог сургууль. Нэгт гэдгийн учир нь цорын ганц төрөөс санхүүжүүлдэг сургууль учраас заавал нэгдүгээр зэрэгт байлгадаг. 2005 онд дэлхийд 32-т жагсаж байсан гэдгээрээ бахархах дуртай юм билээ. Одоо харин дээшилсэн доошилсоны талаар мэдээлэл олсонгүй.
Солонгост биеэ даасан хувийн коллеж гэж байдаггүй юм байна. Харин хувийн Их сургууль, Институтүүд байдаг. Энд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлууд зэрэг явагддаг. Бүх коллежууд нь ямар нэгэн Их сургуульд юмуу институтэд харъяалагддаг байна. Энд Коллеж гэдэг нь манайхаар бол дээд сургууль юм. Харин манайд бол Коллеж гэхээр Дээд сургуулиас арай доор түвшинд гэж ойлгоод байдаг.
Солонгос улсад цорын ганц улсын Их сургууль байж болоод байхад Монголд улсын нэртэй Их сургуулиуд хичнээн байдаг билээ дээ. МУИС, ШУТИС, ЭМШУИС, УБИС, ХААИС, ХУИС, СУИС гэх мэт үргэлжлэнэ. Үндсэндээ Солонгосд энэ бүх Их сургуулинцарууд зөвхөн Сөүлийн ҮИС-ийн харъяанд байдаг коллежууд болж таарч байна. Монголд бусад хувийн дээд сургуулиудад үлгэр жишээ болох ганц улсын их сургууль байхад л хангалттай юм биш үү? Яахав доторхи бүтцэд байх сургуулиудаа Коллеж гэхээс ичээд байвал Дээд сургууль л гэнэ биз. Энэ том сургууль нь улсдаа үлгэр жишээ сургалттай байвал бусад сургуулиуд нь хэрхэн өрсөлддөгийг эндээс чухам харж байна. Манайд дээд боловсрол гэдгийг үндэсний хөгжлийн нэг том үүд гэж ойлгохоосоо илүү мөнгө олдог хэрэгсэл, бизнес гээд ойлгочихсон, дуртай нь дээд сургууль (орц, подвалд хүртэл байдаг юм шигээ) байгуулаад, хэдэн оюутан элсүүлээд төлбөрийг нь аваад, хэсэг хугацаанд аргацааж байгаад диплом хэмээх цаас атгуулаад гаргачихаж байна. Тэр хүн тэр дипломоор хоол олж идэх баталгаагүйгээс буцаад л зах дэлгүүрийн лангуу, баар үйлчилгээний газарт ажиллахаар очдог. 4 жил мөнгөө төлж цагаа үрэхийн оронд лангуугаа ажиллуулаад, наймаагаа хийгээд эхэлсэн бол харин ч овоо туршлагажих хугацааг алддаг юм шиг.
Манай улсад аливаа төрийн гэсэн тодотголтой нэгжийг байр сав, үл хөдлөх хөрөнгийг нь завшиж авахын тулд олон тархай бутархай болгож хөөрөгдөж байгаад үйл ажиллагааг нь дампууруулаад, дараа нь ингээд төрийн юм болохгүй байна хувьчилая гэж УИХ-аараа шийдүүлж аваад цөөн хэдэн эрх мэдэлтэн хувьдаа авч байгаа нь нууц биш болжээ. Энэ хэдэн улсын нэртэй Их сургуулинцарууд ч энэ замаар орох бололтой юм. За энэ ч яахав хүн бүхэн мэддэг зүйлийг нуршаад гэх байх. Миний нэг ойлгодоггүй юм төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнуудад төлсөн мөнгөөр нь сургалтын тоног төхөөрөмж, багаж авч өгөхгүй, эргээд оюутнуудад бараг зарцуулахгүй байгааг гайхаад олдоггүй юм. Тэр мөнгө хаашаа урсаад байнаа?
Манай монголчууд нэг нэгэндээ удирдагдаж ажиллах зарчим гэдгийг ерөөсөө ойлгодоггүй юм шиг байгаа юм. Хэн нэг нь дэвшээд сургуулийн захирал болчихвол энэ саяхан л над шиг энгийн багш байсан, би ерөөсөө захирал болно гээд л зүтгээд байдаг. Энэ үзэгдэл нь бүх шатандаа илрэнэ. Тэнхимийн эрхлэгч, Факультетийн декан гээд л бүх шатанд. Эсвэл би энэнд захирагддаг жижиг гар биш гээд бүх ажиллагааг нь эсэргүүцээд суучихна.
Энд Солонгосын сургалтын системээс авч болох зүйл маш их харагддаг. Тэр бүрийг энд бичээд байна гэвэл миний цаг зав хүрэхгүй байх. Хамгийн наад зах нь сургуулийн бүтцийн асуудал их оновчтой санагдаад байгаа юм. Энэ том сургуульд Байгалийн ухааны, Хүмүүнлэгийн ухааны, Нийгмийн ухааны, Хуулийн, Боловсролын, Инженерийн, ХАА ба Амьдралын ухааны (Life science), Хөгжмийн, Нарийн урлагын, Хүн ба байгаль орчны, Сувиллын ухааны (Nursing Science), Эм зүйн, Ургамал зүйн, Шүдний эмчилгээний гэсэн коллежууд орох ба Олон нийтийн эрүүл мэнд, Засаг захиргааны, Хүрээлэн буй орчны, Олон улсын судалгааны гэсэн 4 том Graduate School буюу Мастер докторын сургууль ордог. Үндсэндээ аль ч коллеж нь гэхэд манай МУИС-аас ч олон оюутантай байх. Болдогсон бол Монгол улсын Их сургууль гээд цорын ганц сургуультай болмоор санагдаад байгаа юм. Чанартай сургалттай төрийн ганц сургууль байхад л хүн бүр тийшээ орж сурахыг хүсдэг юм байна. Үнэхээр орж чадахгүй буюу мэдлэгийн түвшин хүрэхгүй бол дараа дараагийн сургуулиудыг сонгодог. Тийм болохоор хувийн сургуулиуд бүгд энэхүү том төрийн сургуулийн ард ойрхон очихын тулд өрсөлддөг байна. Хүн элсэхгүй бол сургуулиуд дампуурч, нөгөө нэгэнтэйгээ нэгдэж, томрох процесс аяандаа явагдаад энэ олон утгагүй жижигхэн хувийн сургуулинцарууд алга болдог юм уу даа.

Labels:

1 Comments:

At 11:29 PM , Blogger Doogii said...

sainuu ene udriin mend! deed surguuliudiig tsegtsleh talaarh chinii sanaatai negdej baina. neleed deer yed bichsen sanaa baina. gehdee sanalaa uldeeheer shiidlee. minii bodloor huuchin MUIS-s tasarsan ih surguuliuduug negtegj neg surguuli bolgood harin baahan huviin surguukiudiig chanaraar n eremblej bgaad zohion baiguulaltaigaar chiglel, chigleleer neg tom surguuliud bolgoh heregtei ch yum shig sanagdana. Gehdee ter ih, deed surguuliud uuriin huviin erh ashigaa bodood tegej amarhan negdchihgui bh. Harin uuniig bodlogoor shahaand oruulah heregtei bh. ihenh huviin deed surguuli gej uursdiiguu nerlegsed zuvhun mungunii tuluu surgalt yavuuldag ni ilt l bdag shuudee. Tegeed baahn hahuuli ugch magdlangaar orsnoo teden udaa magdlan itgemjlegdsen gdg.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home