Sunday, April 29, 2007

ШАШИН БА ФИЗИК

С.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн зөвлөх, физикийн ухааны профессор. Тэрбээр “Шашны физик”-ийн талаар ярив.Физикийн шинжлэх ухаан материйг бүтээж байгаа зүйлийг хайж эхэлсэн. Нэг ёсондоо бодит ертөнцийг бүтээж байгаа хамгийн жижиг зүйлийг хайсан гэсэн үг. Тэгээд олоогүй, мухардсан. Мухардлаас яаж гарах вэ. Зөвхөн бясалгалаар үүнээс гарна. Ер нь шинжлэх ухаан бүхэлдээ мухардаж байна. Физикийн шинжлэх ухаан ертөнцийн бүтцийг судалж байгаад орон зайн хамгийн бага цэгийг олсон.Түүнээс цааш юу байна. Энерги нягтралт, энергийн эргэлт байдаг. Энэ бол “торсоон орон” юм. Тэнд хүний төрөхөөс өмнөх, төрснөөс хойших бүх зүйл бичээтэй байдаг. Олон хэмжээст ертөнц уг оронд багтдаг. Ер нь бол бидний эргэн тойрон 11 хэмжээст ертөнц оршин байгаа гэнэ. Жирийн хүмүүст зөвхөн гурван хэмжээст ертөнц л харагддаг. Шинжлэх ухаанд шашны олон зүйл тодорхой болж байна. Мөн зарим биетийг өөр орон зайд шилжүүлж хүртэл туршиж үзсэн. Хар үгээр хэлбэл биетийг харагдахгүй болгож байгаа аж.Бидний ертөнц бүгд урдаас төлөвлөгдсөн байдаг. Санамсаргүй зүйл гэж хаана ч байдаггүй. Санамсаргүйн зарчмаар бид бүтээгдээгүй. Харин яах гэж бүтээсэн цаашдаа яах ёстойг ганц бурхан л мэдэх байх. Хүн сүнсээ хөгжүүлж байх ёстой. Хөгжих ганц боломжтой газар нь энэ манай дэлхий гэж үздэг. Хөгжиж чадаагүй сүнсийг энэ дэлхийд буцааж илгээж байдаг. Тэд үйлийн үрээ эдэлж байхаар байн байн эргэн төрж байна. Монголчууд ч бас үйлийн үртэй хүмүүс. Хүйтэн оронд амьдарч, ядуу зүдүү байгаа, хоорондоо эв муутай зэрэг нь бидний нүглийн үр. Яагаад бид ингэж шийтгэгдэх болсон бэ. Хүн төрөлхтнийг дайлж үйлийг нь үзсэн Чингэс хааны үйлийн үр бидэнд тусалгүй яах ч билээ. Сүнсийг физикийн шинжлэх ухаанаар яаж тайлбарлах нь шийдэгдсэн зүйл. Энэ ертөнцөд эхлээд санаа үүссэн. Тэгээд мэдээлэл хуримтлагдсан. Мэдээлэл бол энерги. Энерги хуримтлагдсанаар тэсрэлт болсон. Тэр тэсрэлтээр “торсоон орон” үүссэн. Түүнийг л сүнс хэмээн үзэж байгаа гэж хэллээ.

http://www.mongolianworld.com/ вэб хуудасны Монголын сайхан орон булангаас авав.

Саяхан вэб ухаж байгаад Чингис зочид буудалд хэдэн солиотой хүн хуралдаж яриа хийсэн бололтой ийм нэг мэдээлэл олов. Гэхдээ би бусад хүмүүсийнх нь тухай ёстой бүү мэд учраас зөвхөн өөрийн мэргэжилтэй холбоотой нэгнийх нь яриаг сонголоо. Манай үе үеийн ерөнхийлөгч нарт таарсан ч зөвлөх үзмэрчүүд байх юм даа гэж үнэхээр харамсахад хүргэлээ. Би өөрөө 1985-1990 оны хооронд МУИС-ийн Физикийн ангийг тэр үедээ дэлхийд биш юмаа гэхэд Социалист орнууд дотроо гайхагддаг физикч, эрдэмтэн багш нараар хичээл залгаж төгссөн хүн болохоор ийм хачин эрдэмтэнцэрүүдийг үнэндээ үзэн яддаг хүн. Хатуу сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ шинжлэх ухааны аль ч салбарт ажилладаг хүн физикийн ухааны профессор гэж байдаггүйг мэдэх байх. За энэ тэмдэглэл хийсэн хүн алдсан байж болох ч би хэдэн физикч эрдэмтэд дотор ийм хүн байдагийг дуулаагүй, тэр нь ерөнхийлөгчийн зөвлөх гэхээр бүүр ч мэдэхгүй юм. Манай томоохон физикч эрдэмтэдээс ерөнхийлөгчийн зөвлөх хийгээд ШУ, шашин хоёрын холбоог тайлбарлаад өгчих хүн олдохгүй байна гэвэл ёстой тэрэн шиг худлаа юм байхгүй. Манай урт шар дээлт гэж хочлуулсан ерөнхийлөгчид энэ хүнээс өөр физикч тохирохгүй байх л даа аягүй бол.
Физик хамгийн жижиг зүйлийг хайж байгаа нь үнэн, гэхдээ мухардаагүй шүү дээ. Өнөөгийн технологийн түвшин метрийг тэрбум хуваасны нэг буюу нанометрийн хэмжээнд явж байна. Физикийн шинжлэх ухаанд түүнээс цаашаа "кварк" гэх мэт зөндөө жижиг зүйл мэдэгдэж байна. Цаашаа явж л таараа. Энэ хүний ухаан мухардсан уу гэхээс хүн төрөлхтөнийх арай мухардаагүй байнаа. Би ч энэ чиглэлээр судалгаа хйидэг хүн. Дэмий юм хийж байгаа юм уу хаашаа юм.
Бас харин ч Монгол гэдэг нэрийг дэлхийд цуурайтуулж өгсөн эзэн Чингисээ өнөөгийн үйл лайныхаа буруутанаар тодорхойлчиж хахаха. Чойбалсан ч юмуу, ядаж Чингис хааны ач хэдэн хаадууд гэсэн бол арай л дөхөх байсан байж магад.
За энэ ч яахав гэхсэн, өөрийгөө физикч гэчээд физикийн хамгийн гол ухагдахуунуудыг бүгдийг нь баллаад хаяжээ. Хүн 3 хэмжээсийг мэдэрдэг гэнэ. Физикт цаг хугацаа гэж нэг хэмжээс байдаг, орон зайн 3 хэмжээстэй нийлээд хүний мэдэрдэг хэмжээс 4 гэдгийг мэдэхгүй физикч гэж байж болох уу? Бас тэр орон зайн хамгийн бага цэг гэж “хар нүх”-ийг хэлсэн бололтой юмаа. Тиймээ ийм ойлголт физикт бий. Түүний ойр очсон зүйл түүн рүү сорогдон ороод орон зайн хэмжээсгүй болж өөр хэмжээст ордог гэсэн онол. Хар нүхэн дотор гэрэл гэсэн ойлголт ч байхгүй болдог. Өөрөөр хэлбэл цахилгаан соронзон долгион тэнд оршин тогтнохгүй. Мань хүн тийшээ ороод, түүн дотор юу бичигдсэнийг уншчаад гараад ирсэн анхны бөгөөд эцсийн “гар” байна. Ёстой нөгөө “овоо муу гар”-уу? Энэ чинь. Санамсаргүй үзэгдлийг судалдаг статистик физик гэж лут хүнд физикийн салбар бий. Өнөөдөр дэлхий дээр олон зуун хүрээлэнгүүд өч төчнөөн сая доллар зараад судалгаагаа хийсээр байна. Энэ хүмүүс нэг бол “тэнэг” хүмүүс мөнгө дэмий юманд үрж байна. Эсвэл энэ нөхөр санамсаргүй юм байхгүй гэдгээ тэр хүмүүст очиж хэлж хэдэн доллар хэмнэхгүй юугаа энд чалчаад явнаа?
Сүнсийг физикээр тайлбарлах нь шийдэгдсэн гэдгийг анх удаа сонсов. Гэхдээ тайлбарлах гэж орлдож байгаа зүйлс олон бий, харин шийдэгдсэнийг одоо л мэдлээ. Нобель авахаар нөхөр байна энэ чинь. Мэдээлэл бол энерги гэнэ. Энэ одоо хаашаа хадуураад байнаа? Сонин тэгвэл өөрөө шатах нь ээ? Торсоон орон гэж юу юм болоо? Бас анх удаа сонсов. Үгүй энэ суут хүн тэр Нобелийн шагналын хаагуур гоожоод үлдчихсэн хүн бэ? Бурхан бас ийм хүмүүсээ цөөхөн төрүүлж биднээр даажигнах юмаа гэж харамсах баярлах давхцаваа.

Labels:

Saturday, April 21, 2007

UNIVERSITY гэж юу вэ?

47.5 сая хүн амтай Солонгос улсад 178 Их сургууль байдаг юм байна. [ http://www.4icu.org/kr/ ] Гэтэл 2.8 сая хүнтэй манай улсад 2004-2005 оны хийчээлийн жилд 184 Их, дээд сургууль, коллеж байна гэсэн мэдээлэлийг: http://www.education.mn/index.php?option=com_content&task=view&id=18&Itemid=26 сайтаас харлаа. Гэхдээ би Монголд хэтэрхий их олон их дээд сургуультай гэж шүүмжлэх гэсэнгүй. Гол нь зохион байгуулалт буруугаас ийм олон тархай бутархай, хувийн дээд сургууль, коллежууд олширчихож гэж бодлоо. Миний сурч буй Сөүлийн үндэсний их сургууль Солонгос улсдаа 1-т ордог сургууль. Нэгт гэдгийн учир нь цорын ганц төрөөс санхүүжүүлдэг сургууль учраас заавал нэгдүгээр зэрэгт байлгадаг. 2005 онд дэлхийд 32-т жагсаж байсан гэдгээрээ бахархах дуртай юм билээ. Одоо харин дээшилсэн доошилсоны талаар мэдээлэл олсонгүй.
Солонгост биеэ даасан хувийн коллеж гэж байдаггүй юм байна. Харин хувийн Их сургууль, Институтүүд байдаг. Энд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлууд зэрэг явагддаг. Бүх коллежууд нь ямар нэгэн Их сургуульд юмуу институтэд харъяалагддаг байна. Энд Коллеж гэдэг нь манайхаар бол дээд сургууль юм. Харин манайд бол Коллеж гэхээр Дээд сургуулиас арай доор түвшинд гэж ойлгоод байдаг.
Солонгос улсад цорын ганц улсын Их сургууль байж болоод байхад Монголд улсын нэртэй Их сургуулиуд хичнээн байдаг билээ дээ. МУИС, ШУТИС, ЭМШУИС, УБИС, ХААИС, ХУИС, СУИС гэх мэт үргэлжлэнэ. Үндсэндээ Солонгосд энэ бүх Их сургуулинцарууд зөвхөн Сөүлийн ҮИС-ийн харъяанд байдаг коллежууд болж таарч байна. Монголд бусад хувийн дээд сургуулиудад үлгэр жишээ болох ганц улсын их сургууль байхад л хангалттай юм биш үү? Яахав доторхи бүтцэд байх сургуулиудаа Коллеж гэхээс ичээд байвал Дээд сургууль л гэнэ биз. Энэ том сургууль нь улсдаа үлгэр жишээ сургалттай байвал бусад сургуулиуд нь хэрхэн өрсөлддөгийг эндээс чухам харж байна. Манайд дээд боловсрол гэдгийг үндэсний хөгжлийн нэг том үүд гэж ойлгохоосоо илүү мөнгө олдог хэрэгсэл, бизнес гээд ойлгочихсон, дуртай нь дээд сургууль (орц, подвалд хүртэл байдаг юм шигээ) байгуулаад, хэдэн оюутан элсүүлээд төлбөрийг нь аваад, хэсэг хугацаанд аргацааж байгаад диплом хэмээх цаас атгуулаад гаргачихаж байна. Тэр хүн тэр дипломоор хоол олж идэх баталгаагүйгээс буцаад л зах дэлгүүрийн лангуу, баар үйлчилгээний газарт ажиллахаар очдог. 4 жил мөнгөө төлж цагаа үрэхийн оронд лангуугаа ажиллуулаад, наймаагаа хийгээд эхэлсэн бол харин ч овоо туршлагажих хугацааг алддаг юм шиг.
Манай улсад аливаа төрийн гэсэн тодотголтой нэгжийг байр сав, үл хөдлөх хөрөнгийг нь завшиж авахын тулд олон тархай бутархай болгож хөөрөгдөж байгаад үйл ажиллагааг нь дампууруулаад, дараа нь ингээд төрийн юм болохгүй байна хувьчилая гэж УИХ-аараа шийдүүлж аваад цөөн хэдэн эрх мэдэлтэн хувьдаа авч байгаа нь нууц биш болжээ. Энэ хэдэн улсын нэртэй Их сургуулинцарууд ч энэ замаар орох бололтой юм. За энэ ч яахав хүн бүхэн мэддэг зүйлийг нуршаад гэх байх. Миний нэг ойлгодоггүй юм төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнуудад төлсөн мөнгөөр нь сургалтын тоног төхөөрөмж, багаж авч өгөхгүй, эргээд оюутнуудад бараг зарцуулахгүй байгааг гайхаад олдоггүй юм. Тэр мөнгө хаашаа урсаад байнаа?
Манай монголчууд нэг нэгэндээ удирдагдаж ажиллах зарчим гэдгийг ерөөсөө ойлгодоггүй юм шиг байгаа юм. Хэн нэг нь дэвшээд сургуулийн захирал болчихвол энэ саяхан л над шиг энгийн багш байсан, би ерөөсөө захирал болно гээд л зүтгээд байдаг. Энэ үзэгдэл нь бүх шатандаа илрэнэ. Тэнхимийн эрхлэгч, Факультетийн декан гээд л бүх шатанд. Эсвэл би энэнд захирагддаг жижиг гар биш гээд бүх ажиллагааг нь эсэргүүцээд суучихна.
Энд Солонгосын сургалтын системээс авч болох зүйл маш их харагддаг. Тэр бүрийг энд бичээд байна гэвэл миний цаг зав хүрэхгүй байх. Хамгийн наад зах нь сургуулийн бүтцийн асуудал их оновчтой санагдаад байгаа юм. Энэ том сургуульд Байгалийн ухааны, Хүмүүнлэгийн ухааны, Нийгмийн ухааны, Хуулийн, Боловсролын, Инженерийн, ХАА ба Амьдралын ухааны (Life science), Хөгжмийн, Нарийн урлагын, Хүн ба байгаль орчны, Сувиллын ухааны (Nursing Science), Эм зүйн, Ургамал зүйн, Шүдний эмчилгээний гэсэн коллежууд орох ба Олон нийтийн эрүүл мэнд, Засаг захиргааны, Хүрээлэн буй орчны, Олон улсын судалгааны гэсэн 4 том Graduate School буюу Мастер докторын сургууль ордог. Үндсэндээ аль ч коллеж нь гэхэд манай МУИС-аас ч олон оюутантай байх. Болдогсон бол Монгол улсын Их сургууль гээд цорын ганц сургуультай болмоор санагдаад байгаа юм. Чанартай сургалттай төрийн ганц сургууль байхад л хүн бүр тийшээ орж сурахыг хүсдэг юм байна. Үнэхээр орж чадахгүй буюу мэдлэгийн түвшин хүрэхгүй бол дараа дараагийн сургуулиудыг сонгодог. Тийм болохоор хувийн сургуулиуд бүгд энэхүү том төрийн сургуулийн ард ойрхон очихын тулд өрсөлддөг байна. Хүн элсэхгүй бол сургуулиуд дампуурч, нөгөө нэгэнтэйгээ нэгдэж, томрох процесс аяандаа явагдаад энэ олон утгагүй жижигхэн хувийн сургуулинцарууд алга болдог юм уу даа.

Labels: