Thursday, March 15, 2007

Солонгосчууд ба англи хэл

Бидний монголчууд хэл сурахдаа авъяастай, хурдан сурдаг, сайн сурдаг гээд л ярьцгаадаг. Солонгосчуудын англиар ярихыг сонссон цагаасаа эхлээд хэдийгээр маш сайн сурсан ч гэсэн дийлэнх нь маш муу дуудлагатай ярьдаг болохыг нь анзаарав. Чухам яагаад ийм болохыг сүүлдээ ойлгох шиг боллоо.
Хамгийн гол шалтгаан нь эдний үндэсний Хангүль бичиг нь бусад хэлний маш олон авиаг тэмдэглэдэггүйтэй холбоотой юм байна. Өөрийнх нь хэлэнд тэдгээр авиа нь байхгүй болохоор тэмдэглээд ч яах юм билээ дээ. Гэвч тэд үндэсний хэлээ латин үсгээр бичиж тэмдэглэх системдээ маш том алдаанууд хийсэн нь харагдаж байна. Орчин үед техник технологи хөгжсөнөөр латин үсгээр Солонгос үгнүүдээ бичих шаардлага зайлшгүй гарах нь ойлгомжтой. Замын тэмдэг тэмдэглэгээ, гудамж, дүүрэг, хот суурингийн нэр гэх мэт зайлшгүй шаардлага гарна. Монгол хэлэнд байдаг “О” үсгийг бид латин “О”-оор л тэмдэглэдэг. Харин Солонгосчууд “ЕО” гэсэн хоёр үсгээр тэмдэглэнэ. “У” үсгийг бид “U”-ээр тэмдэглэдэг бол эд нар “О” үсгээр тэмдэглэнэ. Ингэснээсээ болоод эд нар “OLD” гэсэн үгийг “УУЛД” гэж унших болдог. Ямар сайндаа миний OTGON гэдэг нэрийг маань УТ-ГУНА гэж Солонгос үсгээр өөрсдийн дураар буулгаж байхавдээ. Анх ирээд амьдардаг газрынхаа метроны буудлын нэрийг “Nakseondae” гэж бичсэнийг “НАКСИОНДАЭ” гэж уншаад хэл хугарах шахаж байсан чинь зүгээр л “НАКСОНДЭ” гэдэг болж таарсан. “АЕ” хоёр нийлж “Э” үсэг болдог жишээтэй. Бид “HYUNDAE” гэдэг машиний нэрийг “ХЬЮНДЭЙ” гэж уянгалуулдаг нь буруу болж таарав. “ХЁНДЭ” гэх юм байна л даа уг нь. Хамгийн гол нь Солонгосчууд өөрсдөө буруу хэрэглэсэнээрээ өөрсөддөө лай удчихжээ. Анхнаасаа буруу дууддаг болсон үсэгнүүдээ уншихаараа хазгай дуудахаас аргагүй. Бид Орос ах нараасаа авсан “Ф” үсгийг дуудаж чаддаг болох гэж хагас зуун жил нүдэлдсэн хүмүүс шүүдээ. Эднийд ч мөн энэ гийгүүлэгч байхгүй. Кофег англиар “коффий” гэж дууддаг. Сологосчууд “Копи” гэж дуудна. “COPY” буюу хуулах гэдэг үгийг ч “Копи” л гэнэ. Мөн Солонгос хэлэнд бидний дууддаг шиг хос эгшиг “АЙ, ЭЙ, ОЙ”, гийгүүлэгч “З” байхгүй. А-И, Э-И гэх маягаар тасалдуулж дууддаг юм билээ. Би ирсэнийхээ дараахан нэг лекцэн дээр сууж байхдаа профессорийн “ЖИ ДАЙРЭКШН” гээд яриад байгааг ойлгодоггүй. Самбар дээр XYZ гэсэн 3 координат байдаг. Энэ гурваас гадна “J” чиглэл гэж хаана нь байгаа юм болдоо гэсэн юм бодож суутал багш маань хуруугаа гозойлгоод дээш нь чиглүүлээд “ЖИ ДАЙРЭКШН” гэхээр нь л “Z” үсгийг хэлж чаддаггүй юм байна гэж мэдэв. Үнэхээр энэ авиаг хэлж чаддаг Солонгос хүн олно гэвэл нэлээд юм болно. Америкад өссөн залуус л англиар маш сайн ярьдаг юм билээ. Тэд бол мэдээж хэлж чадна. Солонгос хэлэнд “С” үсэг байх боловч “СИ” гээд бичвэл “ШИ” гэж уншидаг дүрэмтэй. Тэгэхээр “SILK” гэдгийг “ШИЛК” гэж ярьна. Ингээд би нэг юмыг ойлгосон нь бидний хэл сайн сурдаг гээд байгаагийн хамгийн цаад нарийн учир нь орос ах нарынхаа крилл үсгийг нэг ч авиа орхигдуулалгүйгээр аваад, дээр нь байхгүй “Ө” “Ү”-гээ оруулсан болохоор ингэж зөв дуудаж чаддаг болсон юм байна. Нээрээ дээх нь үед Монгол жолооч нар “РАЖААТАР”, “ГАНЖИНСААТАР”, “УХЛААДАШ” гэж машиныхаа эд ангийг дууддаг байсан нь нөгөө бичиг үсэгтэй нь холбоотой байсан юм биш үү. Одоо бид гадаад үгийг Орос байтугай Англиар нь зөв дууддаг болохын цаад нууц нь ердөө энэ юм биш үү? Цэндийн Дамдинсүрэн гуайдаа бид баярлаад баярлаад барахгүй юм байна шүү.

1 Comments:

At 7:56 PM , Blogger Э. Баярсайхан said...

Тэр ч тийм гэсэн шүү. Англи хэлийг хамгийн зөв дууддаг хоёр улс байдаг гэсэн. Нэг нь монгол, нөгөөхийг нь шал мэдэхгүй улс байсан болохоор мартчихаж. Орос Z-ийг ДЖ, Хятад Z-ийг Ш гэж дууддаг гэсэн байх.

 

Post a Comment

Subscribe to Post Comments [Atom]

<< Home