Monday, March 02, 2009

Who is a rocket scientist?

Хүний захиалгаар блогтоо юм бичиж байгаагүй билээ. Гэтэл саяхан нэг оюутнаас дараах утгатай мэйл ирэхээр нь хүсэлтийг нь биелүүлэхээр шийдэв. Мэйлд: Танд цаг бололцоо байвал блогтоо aerospace engineering-ийн талаар нэг бичлэг оруулаач. Би нэтээс Англи болон Итал хэлээр өчнөөн уншлаа. Үндсэн ойлголт авсан хэдий ч төгслөө гэж бодоход яг Монголын хувьд энэ мэргэжил ямар вэ? Яг юу хийдэг хүн болох бол, Монголд ямар түвшинд байдаг юм бол гэх мэт тайлбарлаж өгч тус болно уу гэжээ.

Ингээд Шаниа Твэйний нэг дуу санаанд ороод энэ талаар нэг юм бичье, хүмүүс бас саналаа хэлэг гэж бодов. Тэр дуунд:

Okay, so you're a rocket scientist
That don't impress me much
So you got the brain but have you got the touch
Don't get me wrong, yeah I think you're alright
But that won't keep me warm in the middle of the night
That don't impress me much
гэж дуулдаг юм. Надад халуун дотно хайр сэтгэл хэрэгтэй болохоос чиний хэчнээн мундаг ухаантай хүн байх чинь надад ямар нэг сэтгэгдэл төрүүлэхгүй байна гэсэн утгатай юмуу даа. хэхэ
Америкт хэн нэг мундаг ухаантай, толгойтой хүн гэсэн утгаар rocket scientist гэдэг үгийг хэрэглэдэг. Учир нь нисэх онгоц, пуужин, сансрын хөлөг зохион бүтээдэг хүмүүсийг ингэж нэрийддэг байсан байна. Харин одоо бол албан ёсны хэллэгт Аerospace engineer, Аerospace engineering гэдэг үгийг хэрэглэдэг болсон гэж болох юм. Тэгэхээр энэ мэргэжил бол товчоор хэлэхэд нисэх онгоц, сансрын хөлөг, түүнтэй холбоотой эд ангиуд, хэрэгсэлүүдийг зохион бүтээдэг инженер хүн гэж ойлгож болох нь.
Мөн эндээс харахад энэ мэргэжил Монголд хэр хэрэгцээтэй мэргэжил вэ гэсэн асуултын хариулт тодхон харагдах болов уу? Манайд нисэх онгоц үйлдвэрлэдэг билүү? Бүүр наанадаж худалдаж авсан онгоцуудаа өөрсдөө засаж чаддаг бил үү? Их засварт илгээв гээд авсан газар луугаа явуулдаг. Харин ойр зуурын урсгал засвар гэж хийдэг гэсэн. Тэгэхээр манайд бол нөгөө лаг толгойтой rocket scientist маань хуучирсан онгоцны засварчин л болох юм уу? Мэдээж тийм өндөр боловсрол олсон хүн өөрөө хүсэхгүй л болов уу. Яахав хүсэл сонирхол байгаад хийвэл мэдээж манай улсад хэрэгтэй л дээ. Гаднаас өндөр үнээр авсан онгоцоо ядаж оношлоод байх юм. Яагаад засаж болохгүй гэж асуувал манай улсад тийм эрх зүйн үндэс байхгүй юм шиг. Мэргэжлийн байгууллага оношлож засварлах ёстой учир буцаадаг гэж ойлгодог. Ингэхээр энэ үнэтэй мэргэжилтэн маань өндөр хөгжилтэй газар л ажиллахыг хүсэх болно.
Гэхдээ үүнд бас муу юм байхгүй ээ. Би өөрөө гадаад руу экспортлох юмтай улс хөгждөг гэж ойлгодог. Мөн хүний оюуныг ч экспортлож болно. Харин ажиллах хүч, булчин экспортлохыг бол дэмждэггүй. Одоохондоо хар ажилчид амьдралаа өөд нь татаад, ар гэрээ тэжээгээд байгаа мэт дүр зураг харагддаг ч хэдэн жилийн дараа наснаасаа эрт хальсан хүмүүсийн зурагнууд зултайгаа үлдэцгээнэ. Дараа нь ар гэр нь дахиад л нэгийгээ гадагш нь илгээх үү? За сэдвээсээ бага зэрэг хальчихлаа.

Эргээд Аerospace engineer рүүгээ оръё. Энэ мэргэжлийн хүн Математик, Онолын механик, Шингэний механик, Астрофизик, Агаармандлын физик, Аэродинамик, Компьютер програмчлал, Электроник гэх мэтчилэн маш өргөн хүрээний мэдлэг, чадвартай хүн байх болно.
Маш өндөр ур чадвартай хүнийг тостой слесарь болгочихвол хэцүү еэ. Манай залуусаас гадаадад оюунаа үнэлүүлээд, амьдарч байгаа хүн олон дуулддаг. Францын Рено фирмийн автомашины загвар зохион бүтээгч, Микрософт фирмийн программистууд, Голландын Их сургуулийн Профессор гэх мэт олон хүний сураг дуулддаг билээ. Хятад улсын өнөөгийн хөгжлийн гол түлхүүр нь оюунлаг хүмүүсээ гадаад руу ихээр илгээсний үр дүн ч гэхэд хилсдэхгүй болов уу. Ингээд та бүгдийн санал?

Labels:

Thursday, February 12, 2009

Англи хэлийг буруу сонсвол...

Can You hear me?.. – Can you here me? – Та намайг энд чадах уу?..
Undressed custom model – Гаалийн шалдан модель
Manicure – Money cure – Мөнгөн эмчилгээ
I'm just asking – I’m just ass king – Би зөвхөн бөгсний хаан
I have been there – I have bin there – Надад тэнд сав байгаа
God only knows – God only nose – Бурхан зөвхөн хамар
We are the champions – We are champignons – Бид бол мөөгнүүд
You feel alright – You feel all right – Чи баруун талаас бүхнийг мэдэрнэ
Bye bye baby, baby good bye – Buy buy baby, baby good buy – Хүүхэд аваарай, хүүхэд сайн наймаа шүү
To be or not to be – Two bee or not two bee – Хоёр зөгий эсвэл хоёр зөгий биш
I fell in love – Би дурлалд унав
Just in case – Зөвхөн цүнхэнд
Oh, dear – Oh, deer – Хөөх, буга!
I saw my honey today – Өнөөдөр би балаа хөрөөдсөн
I'm going to make you mine – Би чамд уурхай хийж өгнө
Finnish people – Finish people – Хүмүүсийг устга
Phone seller – Худалдагчид утасд
Good products – God for ducks – Галууны бурхан
Let's have a party – Нам байгуулцгаая
Watch out! – Гадагшаа хар!
I know his story well – Би түүний түүхийн худгийг мэднэ
Press space bar to continue – Сансрын баарны хэвлэл үргэлжилнэ
I've just saw your balance sheet – I’ve just saw, your balance shit – Би сая харлаа, таны баланс өмхий баас.
Let it be! – Let it bee! – Энэ зөгий байг!
I love you baby – I love your baby – Би чиний хүүхдэд хайртай

Зөв орчуулгыг өөрсдөө олоорой... хэхэ

Labels:

Wednesday, February 11, 2009

Нильс Бор

ХХ зууны агуу физикчид, бидний өнөөгийн хөгжлийн үндэс суурийг тавьсан эрдэмтдийн талаарх цувралаа нэлээд удаан завсарласанаа энэ хүний намтраар үргэлжлүүлье гэж бодлоо.
Атомын бүтэц болон Квант механикийн талаарх ойлголтод үнэтэй хувь нэмэр оруулсан Дани улсын физикч Нильс Хэнрик Дэвид Бор (Niels Henrik David Bohr) 1885 онд Дани улсын нийслэл Копенхаген хотноо Их сургуулийн профессор Кристиан Борын хүү болон төржээ. Тэрээр дүүтэйгээ хөл бөмбөг тоглох тун дуртай хүү байсан бөгөөд түүний дүү Данийн үндэсний лигийн тамирчин болж байв.
Бор 1903 онд Копенхагены Их сургуульд Философи, математикийн мэргэжлээр элсэн оржээ. Аав нь физиологич хүн байсан хийгээд түүнийг тал бүрээр дэмждэг бөгөөд тэр ч аавдаа туслан хамт өнждөг байж. 1905 онд Нильс Бор аавынхаа лабораторид гадаргуугын таталцлын шинж чанарыг судалсан хэд хэдэн туршилтууд хийж, түүгээрээ эссэ бичин Данийн шинжлэх ухааны академийн дэмжлэгт уралдаанд оролцож алтан медаль авчээ. Энэ нь түүнд нөлөөлөн Философийг орхиж Физикийг сонгов. Энэ нь түүний аз гэхээс илүү хүн төрөлхтөний аз гэж бодогдном. Тэрээр физикийг сонгоогүй бол түүний нээлтүүдийг өөр хэн нэгэн хэзээ ч нээгээ билээ, цаг хугацаа хойшлох байсан нь тодорхой. Нильс Бор чармайн суралцсаар 1911 онд Докторын зэрэг хамгаалжээ.
Дараа нь Пост-докторын зэрэг хамгаалахаар Английг зорьж Кембрижэд суралцаж, улмаар Манчестерт алдарт физикч Эрнст Рузерфордын удирдлаганд ажиллаж эхэлжээ. 1913 онд Рузерфордын өмнө хийсэн ажлуудад тулгуурлан атомын бүтцийг цөмөө тойрон эргэлдэх электронууд нь гаригууд шиг өөр өөр тойрог замуудаар (orbit) буюу өөр өөр түвшинд аялж байдаг гэсэн загвар боловсруулав. Химийн элементийн шинж чанар нь хамгийн гадна талын тойргийн электронуудын тооноос хамаарах бөгөөд электрон нь их энергитэй тойргоос бага энергитэй доод түвшин рүү унаж болно, ингэхдээ алдсан энергийн хэмжээтэйгээ тэнцүү энергитэй гэрэл өөрөөсөө цацруулна гэсэн онол дэвшүүлжээ. Энэ нь орчин үеийн квант онолын бас нэг үндэс болсон юм. Энэхүү нээлтээрээ Нильс Бор 1922 онд Нобелийн шагнал хүртсэн билээ. Өдрийн гэрэл, гэрэлтэгч диод (LED), шингэн кристалт дэлгэц (LCD), плазма дэлгэц гэх мэт өнөөдрийн бидний амьдралд хэрэглэгдэж байгаа гэрэлтэгч дэлгэцүүдийг энэ нээлт байгаагүй бол бид хэрэглэж чадахгүй байх байж. Өөрөөр хэлбэл нимгэн хавтгай телевизорууд, компьютерийн дэлгэцүүд, гар утасны дэлгэцүүдийг зохион бүтээж чадахгүй гэсэн үг. 60-аад оны хар цагаан телевизорч үүн дээр л тулгуурлан ажилладаг билээ.
1916 оноос Копенхагендаа эргэн ирж Их сургуулийн профессор болсон тэрээр Вернер Хайзенбергийг туслахаараа ажиллуулж байв. Энэ алдарт хүний тухай дараа өгүүлэх болно.
Тэрээр мөн Альберт Айнштайнтай ч тун ойр нөхөрлөж байсан билээ. 1941 онд Германы цөмийн судалгааны тэргүүн болсон В. Хайзенберг түүнээс хамтран ажиллахыг санал болгоход хүлээж аваагүй байна. Дэлхийн II дайн дэгдэж, Дани улс Германд эзлэгдэхэд хагас еврей цустай (эх нь еврей хүн байв) тэрбээр Германчуудаас зугтан Шведээр дамжин Лондонд очив.
Өмнө нь Английн талаас "Хайлшин хоолой" гэх нууц нэртэй цөмийн зэвсэг зохион бүтээх ажилд оролцохыг түүнээс хүүссэн боловч тэрээр татгалзсан байжээ. Харин энэ удаа өөрөө хандах хэрэгтэй болов. Түүнийг бөмбөгдөгч онгоцны бөмбөгний зайнд суулган Англи руу авч явах үед тэрээр нисгэгчийн зааварласан хүчилтөрөгчийн багийг хэрэглээгүйгээс үхэх дөхжээ. Дотуур холбоогоор хариу өгөхгүй байсан түүнийг нисгэгч гадарлаад нислэгийн өндрөө багасган ниссээр Англид ирж тэрээр аврагдсан байна. Бор өөрөө би яг л хүүхэд шиг унтаж ирсэн гэж ярьж байжээ.
Удалгүй тэрээр АНУ-д очин маш нууц лабораторид Николас Бэйкер нэрийн дор ажиллаж байв. Энэ үед тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Фрэнклин Рузвельтэд хандан атомын бөмбөгийг Оросуудтай хамтран хийвэл үр дүн хурдан гарна, мөн энэ шинжлэх ухааны ололтууд олон улсад нээлттэй байх ёстой хэмээж байв. Ингэхэд Рузвельт түүнийг Англид очиж Винстон Черчилиэс зөвшөөрөл олж ирэхийг зөвлөжээ. Харин Черчиль үүнийг эрс эсэргүүцэхээр барахгүй түүнийг гэмт хэрэгтэн гэж байжээ.
Удалгүй дайн дуусч тэрээр Копенхагендаа эргэн ирж цөмийн эрчим хүчийг энхийн зориулалтаар ашиглах талаар ажиллаж эхэлсэн бөгөөд Олон Улсын Атомын Энергийн Агентлаг байгуулах санааг дэвшүүлсэн байна. Тэрээр агуу физикч байсан бөгөөд үнэлж баршгүй энэ их хөдөлмөрийнхөө зэрэгцээ Ааге Нильс Бор гэх хүүгээ физикч болгон, тэр нь 1975 онд Нобелийн шагнал хүртсэн байна.

Labels:

Friday, January 30, 2009

WHAT CAN YOU BUY WITH MONEY?

WITH MONEY :
YOU CAN BUY A HOUSE, BUT NOT A HOME.
YOU CAN BUY A CLOCK, BUT NOT TIME.
YOU CAN BUY A BED, BUT NOT SLEEP.
YOU CAN BUY A BOOK, BUT NOT KNOWLEDGE.
YOU CAN BUY MEDICINE, BUT NOT GOOD HEALTH.
YOU CAN BUY A POSITION, BUT NOT RESPECT.
YOU CAN BUY BLOOD, BUT NOT LIFE.
YOU CAN BUY SEX, BUT NOT LOVE.

WHAT ELSE DO YOU THINK?

Tuesday, January 27, 2009

Сонирхолтой блог

Блогуудаар тэнэж яваад сонирхолтой блог нэгийг олж, шөнө дөл болтол уншив. http://soronzon.blogspot.com/

Labels:

Thursday, December 18, 2008

Yahoo Messenger 9.0-ийн бүтэн инстолыг татаж авах

Монголд ирээд ажил-гэр, гэр-ажил гэсэн маршрутаар явсаар блогтоо юм бичихээ бараг мартчихав. Энэ хооронд блогоор маань орж гарч байсан та бүхнээс хүлцэл өчье.

Энэ удаа нэг ийм зүйл тавимаар санагдаад. Саяхан ажлынхаа РС-г форматлаад бүх программуудаа дахин суулгалаа. Харилцаа холбооны (гол нь үнэгүй!!!) нэгэн чухал хэрэгсэл Yahoo messenger-ээ суулгах гэж хэд хоног ухнатаваа. Яасан гэхээр мессенжерийг суулгах явцад 427кбайт хэмжээтэй msgr9us.exe программ миний компьютерт татагдаад суулгаж эхэлмэгцээ үлдсэн 16Мегабайт хэсгийг бас татаж эхэлж байнаа. Үүнийг мессенжер олон удаа суулгаж үзсэн бүх хүн мэдэх байх. Хамгийн гол асуудал нь Монголын урдаа барьдаг ганц университет МУИС-ийн интернетийн хурд гэж ёстой үхэр тэрэг гэхэд ч дэндүү хурдан сонсогдмоор удаан байдгаас дундаа гацаад тасарчих юм. Орой ажил тарахдаа татуулаад орхиод явсан нь 95% болоод таг болчиж. Өдрөөр бол бүүр саналтгүй юмаа. Ингээд бас давхар Яахуу-г зүхлээ. Энэ нэг юмаа бүтнээр нь татаад хадгалдагаар тавьчихгүй, тэгвэл өөр хурдан интернеттэй газраас татаж аваад авчираад суулгачихгүй юу гэж бодов. Манай гэрийн интернет ч манай сургуулийнхийг бодвол "пуужин" л гэсэн үг. Энэ муу 16 Мегабайтыг бол үсрээд 3 минут л татна. Гэхдээ Интернетийн зарим нэг сайтууд дээр "Offline installer" гээд тавьчихсан байх юмаа. Тэдгээр нь нэг бол нэлээд хуучин буюу Бета хувилбарууд, эсвэл Вирус наагаад тавьчихсан байх маш өндөр магадлалтай сайтууд дээр байх юм. Ингээд дахин дахин оролдож байтал харин нөгөө муу зүхээд байсан Яахуу маань та суулгаж болохгүй байвал бүтнээр нь татаж авах уу гээд тээр хойно линкээ өгч байнаа. Баярлаад татаж авсан файлаа Rapidshare сервер дээр тавьлаа. Над шиг асуудалтай хүмүүс байвал нээх их ажил бололгүй татаж аваад хэрэглэг гэж энэ сервер дээр байрлуулав. Линк нь :
Энэ өнөөдөр буюу 12-р сарын 18-ны байдлаар хамгийн шинэ хувилбар болно. Нэг татаад авчихсан байхад дахиад РС-ээ форматлавал дахин суулгахад ч хурдан амар гэсэн үг.

Labels:

Wednesday, September 17, 2008

Монгол фонт

Хүмүүс компьютерийг бичгийн машин хэлбэрээр зонхилон ашигладаг билээ. Гэтэл өнөөг хүртэл хүмүүс монгол фонтон дундаа толгой нь эргээд төөрч будилах нь элбэг. Энэ бол анхнаасаа мэргэжлийн хүмүүс нь буруу зохицуулж ирсэнээс улбаатай билээ. IT-ийн мэргэжилтнүүд одоо Windows үйлдлийн системийн UNICODE фонт болон гарын драйверийг ашиглаад заншсан байна. Харин ихэнх ердийн хэрэглэгчид яах учраа олохгүй төөрч будилцгаасаар байгаа билээ. Бас UNICODE-ийг мэддэг зарим хүмүүс хэрэглэж байгаа ч хуучин arial_mon мэтийн фонтоор бичсэн зүйлүүдээ хэрхэн засварлах, зарим нь бүүр хэрхэн тайлж уншихаа ч мэдэхгүй болоод байгаа явдал ажиглагддаг.
Тэгэхээр хэрэв та UNICODE ашиглаад эхэлсэн бол эргэж бүү буцаарай гэж зөвлөе. Харин хуучин word файлуудаа хэрхэн хөрвүүлж болох тухай энд дурдае. Гэхдээ би IT-ийн мэргэжилтнүүдэд бус энгийн хэрэглэгчидэд зориулсан гэдгийг анхаараарай. Энэ хөрвүүлэгчийг нэгэн IT мэргэжилтний интернетэд байрлуулан байсныг олж авсан юм.
Энэ хөрвүүлэгчийг та Microsoft Word програмдаа нэг л удаа суулгаад авахад хангалттай. Цаашид байнга ашиглаад байж болно. Тэр ч бүү хэл интернетэд хүмүүсийн үлдээсэн уншигдахгүй арзайсан сэтгэгдэлүүдийг сору-дож аваад хөрвүүлж уншиж болно. Та хэрэв хуулж аваад arial_mon фонтоор уншиж болдог ш дээ гэж бодож байгаа бол энэ арай өөр. Буцаагаад интернетэд тавихад UNICODE учир хүн бүхэнд чөлөөтэй уншигдах болно. За ингээд олон юм нуршилгүй хичээлдээ орое.
Rapidshare сервер дээр хадгалсан convert.bas файлийг татаж аваад амархан олохоор газар хадгалаарай. Линк нь:
http://rapidshare.com/files/146024060/convert.bas.html
Ингээд Microsoft Word программаа нээ. Alt+F8 товчийг зэрэг дарвал дараах цонх гарч ирнэ.


Энд Macro name: гэдгийн доор mymacro гэж бичээд [Create] товчийг дарна. Ингэхэд Visual basic гэсэн дараах цонх нээгдэнэ.

Эндээс File -> Import file цэс рүү ороход дараах цонх гарна.

Ингээд өмнө хадгалсан convert.bas файлаа олж нээх хэрэгтэй. Ингээд л гүйцээ. Өөр ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр Visual basic цонхоо хаагаад гарна. Та дараах ойлгомжгүй техтийг Microsoft Word руу хуулаад Alt+F8 товчоо дарахад шинээр бий болсон масротой цонх гарч ирнэ.
Õýíòèé, Õàíãàé, Ñàÿíû ºíäºð ñàéõàí íóðóóíóóä
Õîéä çvãèéí ÷èìýã áîëñîí îé õºâ÷ óóëíóóä
Ìýíýí, Øàðãà, Íîìèíû ºðãºí èõ ãîâèóä
ªìíº çvãèéí ìàíëàé áîëñîí ýëñýí ìàíõàí äàëàéíóóä

Эндээс ArialMon_to_Arial макрог сонгоод [Run] товчийг дарвал хөрвүүлэлт таны нүдэн дээр хэрхэн явагдахыг харж болно. Бусад макронуудынх нь нэрээс юуг юуруу хөрвүүлэх болохыг мэдэж байгаа гэж бодож байна. Ингээд хуучин файлуудаа UNICODE болгоход тун хялбар боллоо.

Дээрх ойлгомжгүй текстийг хөрвүүлээд надад комментоор үлдээгээрэй.

Labels: